Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал
2014.05.23

Г.Түмэнжаргал: Аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг бүрэн ашигладаггүй

Монголын Барилгын үндэсний ассоциаци хөдөлмөрийн аюулгүй байдлуудыг барилгын компаниудад хэвшүүлэхийн тулд Япон улсын Хоккайдогийн барилгын технологийн  төвтэй хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд барилгын инженерүүдийг сургалтад хамруулж эхэлжээ.

Барилгын салбарын нэр хүнд унах болсон нь аюулгүй байдлаа хангаж чаддаггүйтэй холбоотой. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон тохиолдлыг тоолохоос илүүтэйгээр  эрсдэлээс яаж гарах вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг компаниуд ойлгуулах хэрэгтэй.  Хөдөлмөрийн аюулгүй байдал нь тийм ч их арга технологи шаардсан зүйл биш. Ердөө ойлголцлын асуудал байдаг гэдгийг Япон улсын мэргэжилтэнгүүд хэлж байна. Япон улс ганц барилгын салбарт биш, бүхий л салбарт аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажилладаг. Тэд зөвхөн ойлголцож, дүрэм, журам стандартаа барьж ажилладаг ажээ.

Харин манай улсын хувьд энэ нь ойлголцох нь хүндрэлтэй байдаг гэнэ. Тухайлбал компанийн удирдлагууд хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарал тавьдаггүй, барилгын талбай дээр өмсөх гутал ч авч өгдөггүй бөгөөд өөрөө барилгын ажлаа шалгаж явж байгаад хөлөө гэмтээж, түүнээс хойш аюулгүй байдалдаа анхаарал хандуулдаг зэрэг алдаа дутагдал байдаг ажээ.

Барилгын компаний удирдлагуудад аюулгүй байдлыг сахин хамгаалахын учрыг сайн ойлгуулж хэлэх хэрэгтэйг Япон улсын мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Энэ мэтээр Хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой хөрөнгийг зориулалтаар нь зарцуулалгүй, зарим тохиолдолд хасч танадаг зэрэг тохиолдлыг ярьж байлаа.

МБҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал: “Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдалд төлөвлөгдсөн мөнгийг бүрэн зарцуулахгүй байх асуудал бий. Хэдийгээр дүрэм, журам болон бусад зүйлүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлынх нь инженерүүд сайн байлаа ч хөрөнгө мөнгө байхгүй бол хэвшил тогтооход хэцүү. Сүүлийн үед компаниудад энэ чиглэлээр мөнгө төлөвлөх тогтолцоогоо бий болгох чиглэлд илүүтэй ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. Ассоциацийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг зөвлөх компаниудтай хамтарч хийж байгаа бөгөөд юунаас болж осол аваар их гараад байгааг тогтоож, тэр зүйлийг нь арилгахын төлөө ажил зохион байгуулж байгаа ажээ.

Хурлын үеэр барилгын компанийн удирдлагуудад аюулгүй байдлыг сахин хамгаалахын учрыг сайн ойлгуулж хэлэх хэрэгтэйг Япон улсын мэргэжилтнүүд хэлсэн. Барилгын компаниудын удирдлага барилгын  инженерүүдээ сургалтад хамруулж, Япон улсад дадлага, практикаар сургаж байгаа нь барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад нэг алхмаар ч гэсэн дөхөж байгаа явдал ажээ.