Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян эхэллээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян эхэллээ.
2014.04.01

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян эхэллээ

Дэлхий нийтэд аж үйлдвэр хөгжихийн хэрээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эн тэргүүнд авч үздэг болсон. Энэ нь хүний эрүүл мэнд, амь настай салшгүй холбоотой учраас тэгж үзэх нь ч аргагүй юм.

Нөгөө талаасаа ажилтнууд болон биет хөрөнгөд гэмтэл бэртэл гарч, хохирол учрах нь компани, аж ахуйн нэгжийн нэр хүнд, санхүүгийн амжилтанд сөрөг нөлөөтэй байдаг.

Ийнхүү хөдөлмөрийн бүтээмжийн салшгүй хэсэг нь эрүүл, аюулгүй байдал учраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28- ны өдрийг «Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй» /ХАБЭА/-н  дэлхийн өдөр» болгон зарласан.

Энэхүү өдрийг манай улс 2012 оноос эхлэн тэмдэглэж байгаа бөгөөд «ХАБЭА-н сарын аян» өрнүүлж, жил бүрийн дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

Өчигдөр энэхүү аяны нээлт МҮЭСТО-нд болсон. Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Алимаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МХЕГ, нийслэлийн ЗДТГ- аас албаны хүмүүс оролцсон юм.

«Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян» эхэлснээр үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг явуулах зэрэг сурталчилгааны олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулах аж.

Энэ удаагийн аяныг «Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа» уриан дор бүх нийтийг хамруулан зохион байгуулахаар болсон талаар зохион байгуулагчид онцолж байлаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр ХАБЭА-н ажлын арга туршлага, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн  нөхцлийн хэмжих хэрэгслэл, ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй байгууллага үзэсгэлэн гаргаж, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.