М.Батбаатар: Ажилчин хүн өөрийгөө хамгаал, дарга ажилчнаа хамгаал
Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар
2013.05.20

М.Батбаатар: Ажилчин хүн өөрийгөө хамгаал, дарга ажилчнаа хамгаал

Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай барилгын салбар дахь хөдөлмөр аюулгүй байдлын талаар ярилцлаа.

-Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлээр шинэ стандарт нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ ажил яг одоо ямар шатандаа явж байна вэ?

Тогтолцоог шинэчлэх чиглэлээр Ажил олгогч эздийн холбоо, Барилга хот байгуулалтын яам, Барилгын холбоо хамтраад өнгөрсөн оны 11 сард нэг зөвлөлгөөн хийсэн. Энэ зөвлөлгөөнөөс улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог шинэчлэх олон улсын стандарт MNS OHSAS18001-ыг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны стандарт. Сайд дарга нараасаа эхлээд жирийн ажилчид ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг шийддэг.

-Үүний дагуу ямар ажил хийж байна?

Стандартыг нутагшуулж, салбар салбарын онцлогт тохируулах ажиллагаа явж байна. Барилгын салбарт цэнхэр карт хөтөлбөр боловсруулж гурван талт хэлэлцээрийн дагуу баталж, хамгийн эхлээд эздийн холбоо, манай холбоотой хамтарч, барилгын салбарын хамтын хэлэлцээрийг мөн баталсан. Үүний дагуу хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог шинэчлэх хамгийн том заалтыг оруулснаараа ач холбогдолтой.

Бүх аймаг, орон нутаг нийслэлийн хэмжээнд ХАБЭА /Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй/ аяны хүрээнд аюулгүй ажиллагаа дагалдан сургалт явагдаж байна. Жирийн ажилчнаас эхлээд, удирдлагууд бүгд оролцож байгаа.

-Өмнө нь удирдлагын хэмжээнд сургалт болдоггүй байсан гэсэн үг үү?

Тийм ээ. Харин шинэ тогтолцоо руу орж байгаа учраас дарга нараас эхлэхгүй бол болохгүй гэдгийг ойлгосон.

Стандартын мөн чанар нь ХАБЭА удирдлагын тогтолцооны стандарт учраас үүнийг  хүмүүсийн толгойд хийж байж өөрчлөлтийг авчирна. Осол гарлаа гээд араас нь хөөцөлдөөд шүүхийн хаалга сахих биш, ослоос нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авья гэж ярьж байна.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ихэнхи барилгын компаниуд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг болохоор энд осол гарах нь их. Тэгэхээр үүнд анхаарал хандуулах нь зүйн хэрэг.

-Шинэ стандартыг нэвтрүүлэхээс өмнө хөдөлмөр хамгааллын чиглэлээр ямар ажлууд зохиогдож байсан юм бэ?

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 27.1-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн осол гарвал ажил олгогч хариуцлагыг хүлээнэ гэсэн байдаг. Иймээс ерөнхийдөө бүх асуудал ажил олгогчдын нуруун дээр ирж, шалгаж торгохоос биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын тулд яам, хэрэгжүүлэгч агентлаг нь юу хийх вэ гэдгийг ярьдаггүй байсан. Харин одоо ярьж  эхэлж байгаа нь сайшаалтай.

Яамны төсөвт хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр хөрөнгө суулгахаар болж, төсвийн норм, дүрмийг шинэчилсэн. Үүнд цалингаас нь 13,5 хувийг ажил олгогчид хөдөлмөр хамгаалалд зарцуулна гэж заасан.

Түүнээс гадна барилгын салбар тэрбум төгрөгний төсөвтэй тендер авсан бол 30 орчим хувийг цалинд зарцуулвал, 13,5 хувийг нь хөдөлмөр хамгаалалд зарцуулна гэсэн үг. Нийт суурь хөрөнгөнөөс бодно, харин ажилчдын цалингаас нь хасахгүй. Урд нь цалинд нь тусгадаг учраас олигтой төсөв байхгүй байсан.

-Урьдчилан сэргийлэх менежментийг их ярьлаа. Эрсдэл байвал ажилчин хүн ажиллахгүй гэж хэлэх эрх бий юу?

Тийм л тогтолцоо руу орох гэж байна. Өглөө нь биш, урд орой нь ажил тарахад бригадын дарга, ажилчин, хөдөлмөр аюулгүй байдлын инженертэйгээ хамт маргааш ажил эхлэхэд аваар осол, гарах эрсдэл байна уу гэдгийг шалгаад удирдлагадаа танилцуулах ёстой. Хэрвээ эрсдэл байвал яаралтай арга хэмжээ авах ёстой.

Оюутолгой руу манай 23 компани ажиллаад ирсэн. Тэнд өглөө талбайг шалгаад ямарваа нэгэн аюултай зүйл байвал тэр өдөр ажилд гардаггүй гэсэн.

-Та түрүүн цалингаас нь гадна төсөв нь хөдөлмөр аюулгүй байдлын хөрөнгийг суулгах ёстой гэсэн. Манай компаниуд ер нь энэ тал дээр хэр ажилладаг юм бол?

Компаниуд осол гараад хүн бэртлээ гэхэд ар гэр нь 100 сая төгрөг нэхдэг гээд зовлонгоо ярьдаг. Гэтэл урьдчилан сэргийлэх менежментийг сайн хийгээд 20 сая төгрөг гаргаад, аюулгүй ажиллагааг хангасан бол тийм осол гарахгүй л байсан. 80 сая төгрөг хэмнэнэ гэсэн үг. 20 сая төгрөг дээр гар татаж байгаад асуудалд орж байгаагаа бодолцох хэрэгтэй.

Ажилчин хүн өөрийгөө хамгаал, дарга ажилчнаа хамгаал л гэсэн уриаг дэвшүүлж байна. Одоо шинэ стандартаар ажилчин дээр маш их хариуцлага оногдоно. Өөрөө эрсдэлтэйг нь харсаар байж нүх рүү орж болохгүй. Нүх харсан бол даргадаа хэлж таглуулах хэрэгтэй, дарга нь таглахгүй бол ажиллахгүй байх эрхтэй. Ийм л системд шилжинэ.