Нүүдлийн бригадыг илрүүлцгээе
Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай барилгын салбарт тулгамдаж буй болон барилгын ажилчдын хөдөлмөр аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Барилгын салбарт ажилчдад гол тулгамдаж байгаа асуудал юу вэ. Үүнд холбооны зүгээс ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна вэ ?
Өнгөрсөн оны судалгаагаар нийслэлийн хэмжээнд 250 орчим бригад буюу 10000 гаруй ажилчид ямар ч харьяалалгүй гүйцэтгэгчээс, гүйцэтгэгчийн хооронд ажилладаг дүр зураг гарсан. Тэдгээрийг судлаад үзэхээр сүүлийн үед гарч буй барилгын ослуудад тэр хүмүүс өртсөн байгаа юм. Заримынх нь хувьд хөдөлмөрийн чадамжаа алдаж, нөгөө хэсэг нь амь насаа алддаг.
Учир нь анхнаасаа анхааралгүй орхисон чинь өсөх хандлагатай сүүлийн үед ажиглагдаж байна. Тиймээс Барилгын яам, Хөдөлмөрийн яам, Барилгачдын холбоо хамтраад юун түрүүнд эдгээр хүмүүсийг бүртгэлжүүлж, зэрэг олгох сургалт явуулахаар зорьж байна. Гэхдээ хамгийн чухал нь хөдөлмөр хамгааллын сургалтанд хамруулж, өөрсдийнх нь ажлыг илүү аюулгүй болгох тал дээр тулж ажиллана.
Учир нь тухайн хүмүүс ямар ч сургалтанд хамрагддаггүй, ажлуулж байгаа аж ахуй нэгж нь хөдөлмөр хамгаалалдаа санхүүжилт байхгүй учраас ямар ч хамгаалалт байхгүйгээр осолд орж байна. Тиймээс энэ рүү чиглэсэн тусгай хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын яамтай хамтраад хэлэлцүүлэг хэлбэрээр эхлүүлэх гэж байна.
Энэ сарын 25-нд Төрийн ордонд “Барилгын салбарын хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. 3 сарын 26-нд Бригадын хэлбэрээр ажилладаг ажилчид, тэдгээрт хяналт тавьдаг мэргэжлийн байцаагчид болон гүйцэтгэгч компаниудын дунд бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулна. Харин 27-нд МҮЭСТО-нд “Монголын барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвөлгөөн”-ийг зохион байгуулна.
2011 оны байдлаар 96920 орчим гадаад иргэн Монголд ажиллаж байсан.
-Аливаа барилга барьж буй компани нийт төсвийнхөө 13 орчим хувийг хөдөлмөр аюулгүй байдалд зориулах ёстой. Гэтэл төсвөө ингэж зарцуулагүйн улмаас барилгачид эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш их. Үүнд танай холбоо хэрхэн анхаарч ажиллаж байна вэ ?
Ер нь сүүлийн хоёр жил Барилгачдын холбоо салбар яам, мэргэжлийн хяналтын газруудтай хамтраад хоёр удаа хөдөлмөр аюулгүй байдлын үндэсний зөвөлгөөнийг зохион байгуулсан. Үр дүнд нь хариуцлагын тогтолцоог хувь хүнийх гэхээс илүүтэйгээр хөдөлмөр хамгааллын хөрөнгө зарцуулалтыг хэрхэн үр дүнтэй ашиглаж зохицуулах гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн.
Жишээ нь захиалагч, хөрөнгө оруулагч хоёр тухайн барилгын эргэн тойрны аюулгүй байдалд зориулж хэр хэмжээний мөнгө зарцуулж байгааг цогцоор нь хангах ёстой. Харин барилга угсралтын үеэрх үйл ажиллагааны хөдөлмөр аюулгүй байдлыг ерөнхий болон туслан гүйцэтгэгч хоёр хариуцна.
Үүнтэй холбогдоод хөдөлмөр аюулгүй байдлын хууль өөрчлөгдөж байгаа юм. Яг нарийвчилбал тухайн барилгад зарцуулагдах ХАБ-ын эрсдэлийн үнэлгээ, талбайн зохион байгуулалтыг төлөвлөгөө зураг гаргаад, түүнд үндэслэсэн төсөв зохиох заалтыг тусгаж байгаа юм.
Түүнчлэн НИТХ-ын 75-р тогтоолоор хоёр жилийн өмнө батлагдсан журмыг Улаанбаатарын хэмжээнд даган мөрдөж байгаа. Саяхан Барилга хот байгуулалтын яаманд шинээр “Барилгын чанар аюулгүй байдлын газар”-ыг шинээр байгуулж, Барилга угсралтын ажил гүйцэтгэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөх нийтлэг журмыг боловсруулан Засгийн газраар батлуулахаар бэлтгэж байна. Журмын шинэлэг тал нь хариуцлагыг төсөв хөрөнгөтэй нь уялдуулж хэрэгжилтэндээ гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэсэн зарчмыг барих юм.
-Одоо үед ихэвчлэн осол гарсны дараа хариуцлага тооцдог. Тэгвэл барилгын зөвшөөрөл өгөхөөс өмнө буюу барилга угсралтын ажил эхлэхээс түрүүнд журам ямар нэгэн байдлаар мөрдөгдөх үү ?
Яг үүнийг журманд урьдчилан сэргийлэх менежмент гэснээр хамгийн түрүүнд оруулсан. Хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар барилга барих гэж буй хөрөнгө оруулагчид хөдөлмөр аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ, түүнтэй холбогдсон талбай зохион байгуулалтын зураг болон зарцуулах төсөв хөрөнгөө төлөвлөсөн эсэх зэрэг гурван үндсэн шаардлагыг тавина. Харин журмын дагуу “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”-аас зөвлөх чиглэлийн үйлчилгээг аж ахуй нэгжүүдэд үзүүлнэ.
Нийслэлийн хэмжээнд 250 гаруй бүртгэлгүй бригадын ажилчид байна.
-Та түрүүн хэлэхдээ албан бус буюу бригадаар ажиллаж байгаа хүмүүс их байна гэлээ. Хуучин чинь барилга тусдаа мэргэжил байсан. Тэгэхээр одоогийн барилгын ажил гүйцэтгэж буй хүмүүсийн боловсрол, мэдлэг, ур чадварын түвшин хэр байгаа вэ ?
Судалгаагаар эдгээр хүмүүсийн 60-70 хувь нь мэргэжилгүй. Үлдсэн нь мэргэжилтэй хэрнээ түвшин ахиагүй. Ихэнх туслах ажилтнууд хөдөө, орон нутгаас ирсэн. Уг нь Барилгын тухай хууль, Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хуулиндаа ийм хүмүүсийг ажлуулахыг хориглодог. Заавал туслах болон ерөнхий гүйцэтгэгч байгууллагууд ажилчидтайгаа гэрээ хийнэ гэснээс биш бригадтай гэрээт хэлбэрээр ажиллана гэсэн хууль зүйн ямар ч заалт байхгүй.
-Тэгвэл энэ чинь хууль зөрчсөн үйлдэл биш үү ?
Тийм. Аль нэг компани ажилчидтай гэрээ байгуулдаггүй нь осол гарахад нь тэр чигт нь орхидог асуудал үүсдэг. Зөвхөн сайн дурын үндсэн дээр л ажиллуулдаг. Гэхдээ эдгээрийг яаран хориглохоос өмнө бүртгэлжүүлээд, хичнээн хүн ингэж ажиллаж буйг тогтоогоод, хөдөлмөрийн үнэлэмжийг нь дээшлүүлэхийн тулд мэргэшүүлж зэрэглэл тогтоох ажлыг ойрын хоёр жилдээ эрчимтэй явуулна.
Үр дүнд нь Дорж, Батын бригад гээд төрөлжихөөр нь сайдын тушаалаар эдгээр хүмүүсийг үндсэн ажилтнаар ажиллуулахгүй бол танай тусгай зөвшөөрлийг цуцлаж, гэрээ хийхгүй байх зэргээр хатуу шаардлага тавьж ажиллах юм. Үүнийг жилийн дараагаар тавьж эхэлнэ. Тиймээс өмнө нь бүртгэжүүлж ийм хүмүүсийг ил гаргах нь хамгийн чухал болоод байна.
Барилгын салбарт 10-15 мянган хүмүүс замбараагүй байдлаар л ажиллаж байна гэсэн үг.
-Бригадаар ажилладаг хүмүүс хэд орчим байна вэ ?
Албан бус тоогоор нийслэлийн хэмжээнд 250 гаруй, орон нутагтай нийлүүлбэл 400 орчим бий. Нэг бригадыг доод тал нь арван хүнтэй гэж бодоход ойролцоогоор 10-15 мянган хүмүүс замбараагүй байдлаар л ажиллаж байна гэсэн үг. Гол нь ажлын байран дээр осолд орсон үед ямар ч баталгаа байхгүйгээр хохирч үлддэг. Бас гүйцэтгэсэн ажлынх нь чанарын баталгаа байхгүй. Муу гүйцэтгэчихсэн байвал хэнд хариуцлага тооцох бас л тодорхойгүй.
-Монголд гадаад ажилчдын тоо нэлээд нэмэгдэж байгаа. Эдгээр хүмүүсийн шаардлага үнэхээр бий юу ?
Ер нь бүтээн байгуулалтын цар хүрээнээс хамаарч дотоодын барилгын салбарт жилдээ 10-15 мянган гадаад ажилчдын орон тоо шаардлагатай байгаа нь судалгаагаар харагдаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар 10 мянга дотор гадаад ажилчид эргэлддэг.
Мэдээж үүнийг багасгах ёстой ч, ойрын 3-4 жилдээ бүтээн байгуулалт ихэсч байгаа тул багасахгүй. Барилгын салбар улирлын чанартай, зундаа бүх ажлаа амжуулахын тулд хөдөлмөрлөх боловсон хүчин маш их шаардлагатай байдаг. Үүнд л тэдгээр хүмүүсийн орон зайн гарч ирдэг.
Ер нь гадаад ажилчдын тоо багасах боломжтой юу ?
Одоо тавьж буй бодлогын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбанит” ашиглалтанд орж, шинэ технологуудыг олноор нэвтрүүлээд эхэлвэл гадаад ажилчдын хэрэгцээ багасна. Дээрээс нь үндэснийхээ ажилчдыг мэргэшүүлэх, ажлын үнэлэмжийг нь дээшлүүлээд эхэлвэл уг асуудал шийдэгдэх боломжтой.
Таны хувьд "Цэнхэр карт"-ын хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байгаа вэ ?
Маш хангалтгүй. Учир нь цэнхэр картын хөтөлбөр нь зөвхөн барилгын инженер, техникийн албаны хүмүүс л хамрагдсан зүйл болсон. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хөдөлмөр хамгааллын чиглэлээр инженерүүдийн сургалтын 130 гаруй байгууллага байна. Гэтэл барилга дээр осол гарсны сургаар тухайн байгууллагууд инженерийг чинь сургана гээд хэдэн арваараа оччихдог.
Үүнээс үүдээд бригадуудыг сургадаг орон зай нь алга болчихоод байгаа юм. Учир нь дарга, инженерүүдийг сургахад 140-300 мянган төгрөгийн төлбөр авч, сертификат өгсөн нэртэй л үлддэг. Тэгтэл нөгөө бригадын ажилчид үнээ хямдруулаад сургах талаар шаардлага тавихад хямд гээд тоодоггүй.
Тиймээс хяналтын картын систем рүү шилжүүлэн, багаар бодоход 50 орчим мянган төгрөгийн өртөгтэй, тодорхой хувийг нь төр, үлдсэнийг нь ажилчин гаргадаг хэлбэрээр тэднийг сургах юм. Ингэж картуулснаар аль бригад хаан ажиллаж байгааг хянах боломж бүрдэнэ.
-Ажилчдыг картжуулах ажил хэзээнээс эхлэх вэ ?
Үүнийг дөрвөн сардаа багтаан ажил болгохоор зорьж байна. Жилдээ таван мянга орчим хүнийг сургах маягаар тусгай төвийг байгуулан ажиллана. Харин инженерүүдийг сургадаг байгууллагуудад магадлан итгэмжлэл олгож, чанаргүйгийнх нь үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авна.