Барилгын үйлдвэрлэлийн салбарт “Цэнхэр карт” хөтөлбөр хэрэгжиж байна
ХАБЭА-н Үндэсний хороо 2013 оны 5 дугаар сарын 1-нд хуралдаж, үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, барилгын үйлдвэрлэлийн салбарт “Цэнхэр карт” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа явцын тухай мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэв.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх /ҮОХХСБ/ дүрмийн шинэчлэн найруулсан төслийн талаар МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс мэдээлэл хийж, одоогийн дүрэмд мөрдөж байгаа үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх 4 тохиолдлыг өөрчлөх, үйлдвэрлэлийн ослын мэдээ авч байгаа үзүүлэлтүүдийг шинэчлэх, мэдээг сараар гаргадаг болох, цаашдаа үйлдвэрлэлийн осол, гэмтэл гэсэн нэр томъёог хэрэглэх, үйлдвэрлэлийн ослыг илрүүлэх, судлах, бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох, гарсан осол бүрийг илрүүлж бүртгэхэд ихээхэн анхаарсан байна.
Мөн энэ үеэр БХБЯ-ны ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг Барилга хот байгуулалт, Хөдөлмөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын баталсан “Цэнхэр карт” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Барилгын хөгжлийн төв, ХАБЭА-н сургалтын бусад төвүүдтэй хамтран барилгын инженер, техникийн ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалтыг 8 удаа зохион байгуулж, 188 ажилтныг чадавхижуулсан байна. Мөн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, зааварлагч, дунд шатны удирдах ажилтны сургалтыг 5 удаа хийж, 162 ажилтан хамрагджээ. Ажил олгогч, зааварлагч, хөрөнгө оруулагч нарт зориулсан сургалтыг 4 удаа явуулсан байна.
\ХАБЭА-н сургалтыг 8 удаа зохион байгуулж, 188 ажилтныг чадавхижуулсан байна
Хөтөлбөр хэрэгжиж байгаа боловч барилгын салбарт үйлдвэрийн осол зогсохгүй, хүний амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвар алдах тохиолдол буурахгүй байгаад барилгын гүйцэтгэгч, захиалагч компанийн захирал удирдлагуудыг онцгой анхаарч ажиллахыг хурлаас шаардлага болгосон байна.
“ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах тухай”, “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах тухай” Хөдөлмөрийн сайдын а/53, а/61 дүгээр тушаалаар байгуулагдсан журмын талаар Үндэсний хорооны гишүүдэд товч мэдээлэл өгсөн байна.
ХАБЭА-н Үндэсний хорооны “лого”-ны төслийг гишүүдэд хэлэлцүүлэн батлуулж Үндэсний хороо өөрийн “лого”-той боллоо.
Дараагийн хурлаар үйлдвэрлэлийн осол гарч буй барилгын зарим компаниас ХАБЭА-н хууль тогтоомж, шаардлага, стандартыг мөрдөн ажиллаж байгаа тухай мэдээллийг сонсох, ХАБЭА-н сургалт зохион байгуулах гэрчилгээг шинээр олгох зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.