Ч.Нарантуяа: Мэс заслын эмч нар хамгийн “богино” насалдаг
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа
2013.05.20

Ч.Нарантуяа: Мэс заслын эмч нар хамгийн “богино” насалдаг

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяатай эрүүл мэндийн салбарын ажилтны эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдлын талаар ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнууд хичнээн хүн байгаа вэ. Тэдний хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй нь ямар түвшинд байна вэ?

Эмч ажилтнууд нийлсэн 40-өөд мянган хүмүүс ажиллаж байна. Бид тэдний нийгмийн хамгаалал, эрүүл аюулгүй байдлын чиглэлээр байгууллагуудтай нь жил болгон хамтынхэлэлцээрт орж, ажлын төлөвлөгөө гаргаж, хөдөлмөр аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг.

Энэ жил Эрүүл мэндийн яамтай хамтын хэлэлцээр байгуулж хэд хэдэн заалтыг хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай заалтанд оруулж өгсөн. Үүний дагуу саяхан эрүүл мэндийн салбарын ажилтны улсын хоёрдугаар зөвлөлгөөн хийсэн. Дан ганц эмч нар бус, эмнэлгийн мэргэжлийн бус ажилчдын хүрээнд зохион байгуулсан.Жолооч, нярав нягтлангаас эхлээд 300 гаруй хүн оролцсон.

-Яамтай хамтарч яг ямар ажил хийж байна вэ?

Эрүүл мэндийн салбарын ажилтаны хамгаалах хэрэгслийн хувцас ямар байх талаар стандарт гаргах ажлын хэсэг байгуулсан. Ер нь эрүүл мэндийн салбарын онцлогоо бодож, эмч сувилагч, асрагч нар нь ямар хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглэх вэ гэдгээ судалж байна. Ажлын хэсэгт Хөдөлмөрийн яам, Стандартчилал хэмжил зүйн газар, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцсон. Бид олон улсын хэмжээний туршлагыг судалж, өөрийн орондоо нутагшуулж, аль тохирох хольцыг гаргаж ирэхээр ажиллаж байна.

-Одоогийн байдлаар ямар хамгаалах хувцастай байгаа билээ?

Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн болон бусад салбарт нийт 7943 их эмч ажиллаж, 10 000 хүн амд ногдох их эмчийн тоо 28.51 байна

Малгай, бээлий, маск зэрэг хэрэгслээс хамгийн хямдхан үнэтэйг л байгуулагууд нь авч өгч байгаа. Жил бүр  солих ёстой байтал, хоёр, гурван жил болоод сольдог. Эмч, ажилтнуудыг иймэрхүү хэрэгслээр хамгаалж чадаж байгаа нь үнэхээр асуудалтай.

-Хамгийн хямдхан хэрэгсэл авч байгаа нь юутай холбоотой вэ?

Тухайн эмнэлгийн хөдөлмөр хамгааллын зардал төсөвт нь маш бага тусч байгаатай холбоотой. Үүнийг өөрчлөхийн тулд стандарт тогтоож, төсөвт нь суулгаж өгөх хэрэгтэй.

Тухайлбал бүтээгдэхүүн үйлчилгээний 0,3 хувийг хөдөлмөр аюулгүй байдалд тусгана гэсэн заалт байгаа. Эрүүл мэндийн салбар их онцлог учраас маш их анхаарах хэрэгтэй.

Ажлын хэсэг ирэх зургаан сар гэхэд стандартаа гаргаад улсаас хянаж шалгуулна.

-Судалгаагаар нэг жилийн дотор эмч, сувилагч нар зүү тариурт 200 удаа санамсаргүй байдлаар хатгуулдаг гэсэн. Өвчтэй хүний цус үсрэх зэрэг эрсдэлтэй байдалд хүрэх магадлалтай. Энэ байдлаас хэрхэн хамгаалах вэ?

Эмнэлгийн ажилтнууд их ачаалалтай. Хүн ам өсөөд л байдаг, гэтэл дээр үеийн хэдэн барилгууд өвчтөн, эмч хоёрт хоёланд нь хүрэлцдэггүй. Байшингаа нэмж барих уу, эрүүл мэндээ сахих хамгаалахад иргэдийг сургах уу гэдгийг яам бодож байгаа байх.

Эрүүл мэндийн ажилтнууд мэргэжлээс шалтгаалсан өвчинд их нэрвэгдэж байгаа учраас Хөдөлмөрийн яамтай хамтарч норм нормативыг өөрчлөх шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн салбар тэр чигээрээ халдвартай орчин учраас хэвийн бус нөхцөл гэж тогтоох саналтай байгаа. Эмнэлгийн жолооч нар гэхэд зүгээр нэг даргын жолоочоос огт өөр. Өвчтөнийг өргөж оруулах, тариа соруулах зэрэг ажлыг хийж, эмчийн туслах хийдэг.

Тиймээс хэрвээ биелвэл эрүүл мэндийн салбарынхны өвчлөлийг бууруулдаг, хорыг саармагжуулдаг өөрсдийн сувилалтай, эрдэм шинжилгээний төв байгуулахыг хүсдэг.

-Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэхээр ямар өвчлөл нь илүү их байдаг вэ?

Лаборант хүн гэхэд хорь гучин жил ажиллаад үс, шүд нь унаж байгаа. Бид эмнэлгийн ажилчдын өвчлөлийн судалгааг ҮЭ-ийн хороон дарга нараар дамжуулан хийж байгаа.

Одоогийн судалгаагаар мэс заслын эмч нар хамгийн богино насалж байгаа дүн гарсан.

Нийт өвчлөлийг харахад элэгний А,В,С вирус, судас бүдүүрэх, гар нүдний харшил,  эм тарианы харшил зонхилж байгаа. Мөн эх баригч эмч нар цуснаас их харшил авдаг.

Тиймээс салбарын өвчлөлийг бууруулахын тулд эртнээс судалгаа шинжилгээ хийж, хүнийг эрүүл болгодог хүмүүсийнхээ өөрсдийнх нь эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байна.

Тэд маань дандаа бухимдсан ядарсан,  зовсон хүмүүстэй харьцдаг болохоор стресс ихтэй байдаг. Эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсадын 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Үнэхээр хамгийн бага цалингаар баатарлаг гавьяа байгуулж байгаа хүмүүс юм шүү.

Гэхдээ сүүлийн үед нийгмийн асуудлууд бага ч гэсэн шийдэгдээд явж байгааг хэлэх хэрэгтэй.