Зургадугаар сард нийслэлийн 52 байршилд газар өмчлүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын дарга нарын уулзалт, зөвлөгөөн Багахангайд боллоо. Нийт 152 байршилд иргэдэд газар өмчлүүлэх ажил ирэх зургадугаар сарын дундуур эхэлнэ. Нийслэл болон дүүргийн удирдлагууд уг сэдвээр санал, бодлоо солилцов.
Энэ удаагийн газар өмчлүүлэх ажил өөрийн онцлогтой. Иргэд ямар байршилд газар өмчлөх тухай хүсэлтээ илгээж ирсэн саналд үндэслэн цахим хэлбэрээр бүртгэж автоматаар сонгон шалгаруулалтыг явуулна. Ийм ажлын хэлбэрийг өмнө нь зохион байгуулж байгаагүй учраас олон асуулт гарах төлөвтэй байна. Нийслэлийн болон дүүргүүдийн удирдлага уулзаж асуудлаа ярилцлаа.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг:
2013 оны төлөвлөгөөнд зураг төслийн мөнгийг хүртэл баталсан. Өөрөөр хэлбэр Хан-Уул дүүрэгт хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан гэсэн үг. Нийслэлийн удирдлагаас ингэж болно гэсэн. Гэтэл нийслэлээс ахин газар олгоно гэхээр би гайхаж байна.
НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга:
Багахангайн хувьд газар их, хүн ам нь цөөн учир газар хангалттай. Багахангайханд боломж өгчихье л дөө. Айгаад байх юм байхгүй.
Нийслэлийн болон дүүргүүдийн удирдлагын аль алинд газар олгох эрх бий. Гэхдээ шинэ журам гарсан учраас хэн нь, ямар газар олгох вэ гэдгийг мэдэх хүн ховор байна. Тиймээс уялдаа холбоотой ажиллах нь чухал гэдгийг НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга онцоллоо. Дүүргийн засаг даргын олгох газар, хотын шийдвэрлэх ёстой газрыг онцлох, мөн хотын захын дүүргүүдэд хөнгөлөлттэй газар олгох ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэг байна.
НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга:
Төвлөрсөн шугам сүлжээгүй болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, харин батлагдаагүй газрыг тухайн жилийн дүүрэг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгож болно.