Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.23

Э.Бат-Үүл: Газрыг дуудлага худалдаагаар явуулна

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж: “Барилгын холбогдох хуулиудыг дагаж мөрдөх журам гараагүй байсан. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд барилгын үйл ажиллагаа явагдахдаа газрын тухай хууль, газар өмчлөлийн тухай хууль, барилга хот байгуулалтын тухай хууль, барилгын тухай хууль, орон сууцны тухай гэсэн хуулиуд байдаг боловч үүнийг нийслэл, орон нутагт дагаж мөрдөх журам, зохицуулалт байхгүйгээс болж энэ журмуудын үйл ажиллагааг төрийн албан хаагчид болон иргэд өөрсдийнхөөрөө, янз бүр ойлгож явж ирснээс ихээхэн хүндрэлүүд гарч байсан”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч   Э.Бат-Үүл: “Жишээ нь: Ерөнхий архитектор хууль зөрчөөд барилга эхлүүлэх зөвшөөрөл олгосон, эсвэл эс үйлдлээрээ зөвшөөрөл олгосон бол огцрох гээд бүгд хариуцлагуудаа өндөржүүлсэн. Газар олгоход иргэн төслөөр үнэгүй газар авдаг байсныг болиулсан. Одоо газрыг зөвхөн дуудлага худалдаагаар явуулна.”

Мөн журамд зааснаар төсөлд сонгон шалгаруулалтаар олгох газар нь зөвхөн тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Жишээлбэл: Нийслэлийн өмчийн харилцааны газарт жилд дунджаар 10 мянган хүн бүртгүүлсний 6-7 мянган хүн нь барилгатай холбоотой байдаг. Иймээс зөв журмын дагуу газрын асуудлаа эхнээс нь шийдвэл зөвшөөрөлгүй газар, чанаргүй барилга барих нь багасах юм. Харин газрыг дуудлага худалдаагаар авсны дараа тус газрыг зөвшөөрөлгүйгээр тэлэхтэй холбоотой асуудлыг төрийн байгууллага хянахад анхаарна. Мөн одоогоор журмандаа дуудлага худалдаагаар ганц этгээд оролцвол яах вэ?гэсэн асуултанд

Н.Нацагдорж хэлэхдээ: “Энэ журман дээр газрыг төсөл сонгон шалгаруулалтын дагуу явуулна. Дуудлага худалдаагаар олгох газар нь ИТХ-аар батлагдах ба зориулалт нь тодорхой байх ёстой. 2020 оны ерөнхий төлөвлөлт, 2030 оны ерөнхий чиг хандлагат нийцсэн байна. Дуудлага худалдаанд газрыг оруулахдаа ямар нөхцлүүдийг төрийн байгууллага хийсэн байх ёстой вэ?гэдгийг зааж өгсөн. Жишээ нь: Дуудлага худалдаанд газрыг оруулахдаа тухайн газарт самбар байршуулна, дуудлага худалдаа явуулах газрыг зарлана, самбар дээр байх ёстой зүйлүүдийг зааж өгсөн. Энэ журмыг боловсруулаад удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулсан.  Мөн өнгөрсөн долоон хоногт барилгын 240 орчим компани хэлэлцүүлэгт орсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр 30 гаруй иргэн, хуулийн этгээдээс санал ирсэн. Саналуудыг энэ журманд нэмж тусгасан байгаа.”гэсэн юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл: “Нэг хүн ирсэн тохиолдолд дахин дуудлага худалдааг зарлана. Энэ  дуудлага худалдааны дараа дахин хүн ирсэн тохиолдолд тэр хүнд дуудлага худалдааны анхны үнийн саналыг тавина.”

Нийслэлийн нутаг дэвсгэр дэхь ямар ч газрыг дуудлага худалдаагаар зарахдаа иргэн, төрийн байгууллага, ААН-үүдийг оруулах тухай бүхий л заалтуудыг тусгажээ. Мөн хариуцлага хүлээлгэх механизмыг ч сайн тусгана гэдгийг Нийслэлийн Засаг дарга хэллээ. Хэрэв үүнийг сайн мөрдөж чадвал газар, барилгатай холбоотой хууль бус асуудал  Нийслэлийн иргэдийн санааг зовоохгүй болох юм..