Газрын харилцаа, газар шинэчлэлийн асуудлаар "дуусдаггүй яриа" өрнөв
МН25-р суваг телевизийн “Дусдаггүй яриа” нэвтрүүлгийн энэ дугаараар Газрын харилцаа, газар шинэчлэлийн асуудлаар өрнөлөө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Бакей, Ц.Оюунбаатар, мөн энэ чиглэлийн судлаач, эрдэмтэд оролцсон юм.
УИХ-д Газрын тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд, анхны хэлэлцүүлгийн шатанд яваа. Энэ газрын багц хууль гэдэгт Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гэх мэт дагалдсан хуулиудтайгаа нийлээд нийт 16 хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Энэ чухал хуулийг нухацтай авч хэлэлцэх үүднээс УИХ дээр нилээд удаан хэлэлцэж байгаа. Олон талаас нь ярилцаж, иргэдийн санал бодлыг сонсож зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.
-Манай нийгэмд газрын ямар хэлбэр, төрлийн зөрчил маргаан давамгайлж байна вэ?
Доктор н.Жаргал: Олон төрлийн газрын зөрчил маргаан байна. Энэ дундаас Тусгай хамгаалалтай газар нутгийн маргааны асуудлыг онцолмоор байна. Хуулиараа бол энэ асуудлыг Байгаль Орчин Ногоон хөгжлийн яам хариуцах ёстой байж байдаг. Гэтэл тусгай хамгаалалтай газар нутаг дээр бүхэл бүтэн хот суурин үүссэн байгаа нь Барилга хот байгуулалтын яам болон түүний харъяа газар орж ажиллах хэм хэмжээ байдаггүй. Энэ нь өөрөө хуулиудад зайлшгүй зохицуулалт шаардлагатай гэдгийн жишээ юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Газрын харилцаатай холбоотой хамгийн том бэрхшээл бол авлига цэцэглэсэн, албан тушаалтнууд газрыг ашиглаж асар их мөнгөжсөн, намуудын бүлэглэлүүд эндээс мөнгө босгож сонгуулиар ард түмнийг худалдаж авах зэрэг ажлуудыг хийдэг. Үүний цаад мөн чанар нь 24 жилийн өмнө Дэлхийн банк, Вальютын сан зэрэг неолибарлист байгууллагууд орж ирж газрыг эзэнтэй, иргэнийг өмчтэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгийн эрх чөлөөтэй болго гэсэн гоё лоозонгоор газрыг хэдхэн хүн, гэр бүлгийн гарт оруулсан.