Х.Болорчулуун: Газрын тосны газарт том эрх мэдэл өгч байгаа нь буруу
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.07.09

Х.Болорчулуун: Газрын тосны газарт том эрх мэдэл өгч байгаа нь буруу

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай шинээр батлагдсан Газрын тосны тухай хуулийн өөрчлөлт Монголчууд бидэнд ямар үр ашиг өгөх талаар ярилцлаа.

-Газрын тосны салбарт үндэсний компаниудаа хэрхэн дэмжих вэ. Одоо дандаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд л үйл ажиллагаа явуулж байгаа?

Хуулинд дотоодод бүртгэлтэй татвар төлөгч гэсэн байдлаар зохицуулж өгсөн. Татвар төлөгч гэдэг үүднээс нь харсан. Гадны компани, дотоод компани гэж ялгахаа больё жигдхэн байлгая гэсэн үүднээс энэ заалт орсон.

Зөвхөн монгол эзэнтэй компани байна гэвэл нэг талаас туйлширсан болчихно гэж үзсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагчаа бас бодолцох ёстой.

Монгол улсад л бүртгэлтэй бол тухайн шалгарсан компани туслан гүйцэтгэгчээ өөрөө сонгохоор заасан байгаа. Энэ бол буруу зүйл биш.

- Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хуулиудад та эсрэг байр суурьтай, нэлээд бу­химдангуй байсан. Ингээд батлагдчихсанд та ямар суурьтай байна вэ?

Ашигт малтмалын тухай хууль бол Монгол Улсын цаашдын хөгжил, цэцэглэлт, ард иргэд баялгаасаа хүртэж чадах эсэхтэй холбоотой хамгийн чухал ач холбогдолтой.

Гэтэл үүнийг морин дэл дээр давхиж яваатай адил тун яаруу, сандруу байдлаар баталсанд харамсч байна. Энэ том хуу­лийг ингэж түүхий гаргаж болохгүй гэдэгт ганц би ч биш бие даагчдын зөвлөл эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Яаж ч бодсон ямар ч хуулийг ингэж шуурхайлах нь зүйд нийцэхгүй шүү дээ.

-Газрын тосны тухай хуулийн тухайд юу хэлэх вэ?

Дачин тамсаг” компанийн 1993 оны гэрээ ямар алдаг­далтай, Монгол Улсад хохи­ролтой вэ гэдгийг бид өмнө нь хэлж байсан. Дэлхий нийтэд газ­рын тосноосоо 50-иас дээш хувийн ашиг хүртдэг. Ялан­­гуяа бү­тээгдэхүүн хуваах гэрээний загвар улс Индонези 71 хувиа авдаг.

Гэтэл манай улс 24-хөн хувийг хүртдэг. 1993 оны гэрээгээр зүйл, заалтаар өөрч­­лөхгүй гэдэг заалтыг хуульд тусгаж батлууллаа. Үүний цаана сайхан үгээр халхавчилсан гадаадын хө­рөнгө оруулалтын үүрэг байж болохгүй. Энэ байдал нь манайх шиг гэрээг сул хийдэг орны хувьд үнэхээр алдагдалтай. Энэ үүднээс хуулинд Газрын тосны газарт том эрх мэдэл өгч байгаа нь буруу гэж бодож байна.

-Тухайн газрын тосны ордтой орон нутгийн ард иргэдийн амьдралд хэр ээлтэй хууль болсон бэ. Учир нь Дорнод аймгийн Матад сумын иргэд энэ талаар гомдол их тавьдаг?

Монгол газрын тосноос роялти авахгүй байна. Роялти авах ёстой гэдгийг бие даагчдын зөвлөл байнга сануулж байсны хүчинд хөрөнгө оруулагчидтай роялтийн чиглэлээр эргэж ярилцахаар тохирлоо. Энэ хууль гарснаар анх удаа монгол улс гэрээ эргэж үйлчлэхгүйгээр заагаад өгчихсөн.

Тухайн тосоо гаргаж байгаа орон нутаг аймаг юу ч хүртэхгүй. Хөрөнгө оруулагчид монголд гаргасан нийт зардлынхаа 10 тэнцэхийг гадаад оффисын зардал, захиргааны зардалд зарцуулна гэж байна.

Тэгээд үлдсэн ашгаас нь монголд 40 хувийг нь авахаар байна. 2013 онд Дачин тамсаг компани 375 сая долларын зардал гаргасны 37 сая доллар буюу 60 гаруй тэрбумыг гадаад захиргааны нэмэгдэл зардал байдлаар авч байгаа нь маш өндөр тоо. Ийм өндөр хувиар хаана ч тооцдоггүй. Тиймээс бага ч гэсэн хэмжээгээр хамаагүй Монголчууд роялти авах ёстой.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухайд юу хэлэх вэ.  

Хуулин дээр бүтээгдэхүүн хуваах гэрээг эхлээд 40 хүртэлх хувь гэж байгаа, үлдсэн хувийг нь яаж хуваахыг гэрээ байгуулах үедээ шийднэ гээд заачихсан. Тухайн орон нутаг бүтээгдэхүүн хуваах гэрээнээс юу ч авдаггүй, бүгдийг нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хөрөнгө оруулагчид болон монголчууд авдаг.

-Газрын тосны хувьд манайх нөөц хэр байдаг юм бэ, хууль батлагдсанаар хэдий хэмжээний ашиг олох боломжтой вэ?

-Манай орны хувьд газрын тостой 98 орноос 36-д ордог. Нөөцийн хувьд 348 сая тоннын нөөцтэй. Үүний 30 хувийг л ашиглахад 70 гаруй миллиард ам.доллар болно. Гэтэл бид өөрийнхөө ийм том нөөц бололцоог ашиглахгүй 1.5 миллиард ам.долларын бонд гаргаад л байж байна. Тиймээс бид боломжоо сайн ашиглаж, хуулиа сайн гаргах ёстой.