Гэр хорооллынхон газраараа бизнес хийх боломжтой
Гэр хорооллынхон газраараа бизнес хийх боломжтой
2014.04.23

Гэр хорооллынхон газраараа бизнес хийх боломжтой

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн лхагва гаригт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн. Тэрээр гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах гэдэг нь газар дахин төлөвлөлтөөс ямар ялгаатайг дахин тайлбарлав.

Газар дахин төлөвлөнө гэдэг нь компаниуд иргэдийн газар дээр төлөвлөлт хийгээд иргэдтэй газрын хэмжээ, үнэ, арилжааны хэлбэрийг санал болгох замаар орон сууцжуулна. Харин гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулна гэдэг ойлголт нь иргэд өөрсдөө газар дээрээ шинээр зохион байгуулалт хийсний дараа төслөө хөрөнгө оруулагчид санал болгоно. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчдадаа бас ашигтай байх боломж олгоно. Мөн өөрсдөө мөнгө босгож төслөө хэрэгжүүлбэл иргэдэд илүү ашиг ирнэ.

Энэ нь иргэд газраараа нэгдэж бизнес хийх боломж олгож байна. Нийслэлийн Засаг даргын үзэж буйгаар төвийн бүсэд байгаа гэр хорооллын газар шинэчлэх төсөл хийж чадвал тохилог байртай болоод зогсохгүй бизнес хийх боломжтой гэнэ. Тэрээр үүнийгээ “Манай гэр хорооллынхон газраараа бизнес хийх боломжтой” гэж ацаггүй утгаар мэдэгдсэн. Ямар гарц байгааг “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл”-ийн дарга А.Лхагвадорж тайлав.

Газарт өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэн ч халдах эрхгүй

Түүний хэлснээр бол айл болгоны хашаанд багаар тооцоход 20 ам.метр газар ашиглалтгүй хэвтэж байдаг гэнэ. Зуун өрх нэгдэж тус бүр 20 ам.метр газраар хувь нийлүүлэхэд 2000 ам.метр талбай бий болно. Энэ газраа зарчихад тохилог орон сууц барих мөнгө босгоно. Дахин ийм хэмжээний газраар хувь ңийлэхэд бизнес хийх эх үүсвэртэй болно. Нэг өрх 700 ам.метр газраасаа 100 ам.метр талбайгаар хувь нийлүүлэхэд нэг га газартай болчихно. Өнөөгийн нөхцөлд хотын төв дэх ийм хэмжээний газар жижигхэн банкнаас их ашиг олно.

Гэхдээ газар шинэчлэн зохион байгуулах тохиолдолд иргэд зээл авч болно. Эргүүлж төлнө. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл гэр хорооллынхныг газраараа нэгдэж бизнес хийхийг уриалж байна. Энэ нь өнөөгийн нөхцөлд хамгийн ашигтай гэнэ. Өмнө нийслэлийн газрын албаныхан газраар бизнес хийдэг байсан.

Үнэн гэсэн мэт тус албанд ажиллаж байсан албан тушаалтнуудын их хэмжээний барилга байдаг гэнэ. Гэхдээ энэ удаа нийслэлийн удирдлага газар эзэмших, өмчлөх эрхийг НИТХ-аар түмний нүдэн дээр шийдэх журам гаргасан. Хэрэв энэ журмыг зөрчиж газар олгосон тохиолдолд нийслэлийн Засаг даргаас эхлээд оролцсон байцаагч хүртэл огцрох журамтай.

Нийслэлийн Засаг даргын үзэж буйгаар төвийн бүсэд байгаа гэр хорооллын газар шинэчлэх төсөл хийж чадвал тохилог байртай болоод зогсохгүй бизнес хийх боломжтой

Өмнө нь өглөө сэрэхэд гэрийн буурь маань нефтийн компанид шилжсэн байдаг. Харин өнөөдөр шинэ журмын дагуу таны газарт шүлэнгэтсэн албан тушаалтан албан тушаалаа алдаад зогсохгүй, шаардлагатай бол хуулийн хариуцлага хүлээнэ. Гэр хорооллын өмчилсөн газар гэдэг бол Үндсэн хуулиар иргэний хамгаалагдсан цайз гэж хотын захирагч хэлэв.

Газарт өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэн ч халдах эрхгүй гэнэ. Гэхдээ газрыг ашиглахгүй дараад хэвтэх нь өмчлөгч нарт ашиггүй төдийгүй өрөөл бусдад ч халтай.