НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.04.09

Газрыг хуулийн хүрээнд олгоогүй тохиолдолд засаг даргыг ч суудлаас нь буулгана

Төр чирэгдэлгүй үйлчлэх үүрэг нь барилгын салбарт ч бүрдэх ёстойг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хөндөж байна. Барилгын газрын эрх олгох, төслийн эх загварыг батлах зэрэг нарийвчилсан журмыг хэлэлцсэн юм. Хэдий энэ тухай хууль батлагдсан байдаг ч гэлээ нарийн журамгүйгээс компаниудад хүндрэл үүсэх, мөн барилгууд ашиглалтад орохгүй байх зэрэг асуудал байгааг иргэдийн хурлынхан хэлж байлаа.

Энэ журам нь газрын тухай хууль, барилгын тухай хууль, хот байгуулалтын хууль зэрэг холбогдох хуулиудыг тухайн нутаг дэвсгэрт яаж хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхдээ ямар журам баримтлах вэ гэдэг нарийвчилсан журам гэж ойлгож болох юм. Хэдийгээр хууль батлагдан гараад багагүй хугацаа өнгөрсөн байдаг ч холбогдох журам нь нарийвчлан гараагүйгээс иргэн, ААН-д учрах хүндрэл чирэгдэл их, шат дамжлага олон байжээ. Үүнийг арилгаж шаардлага хангасан бол зураг төслийг ажлын 10 хоногт багтаан баталж өгөхөөр шинэ журамд тусгасан байна.

Мөн журамд зааснаар хуулийг зөрчсөн тохиолдолд хэн ч байсан эрхэлж байсан ажлаас нь шууд чөлөөлөх заалтыг тод томруунаар оруулж өгсөн. Учир нь манай засаг дарга нарт эрх мэдлээ ашиглан иргэн, ААН-д дур мэдэн газар олгох дутагдал цөөнгүй байдаг. Хэрэв хуульд заагдсан газрыг хуулийн хүрээнд олгоогүй тохиолдолд засаг даргыг ч суудлаас нь буулгана. Энэ заалт хотын даргад ч хамааралтай. Гэхдээ олон жилийн дараа нарийвчлан гарч байгаа журам хэдий ч шүүмжлэлтэй хандах зүйлүүд байгааг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга онцоллоо.

Шинэ журам батлагдах гэж байгаатай холбогдуулан барилгын зураг төсөл батлах, газар олгох зэрэг асуудлуудыг зогсоосон байгаа учраас яаралтай хэлэлцэж батлуулах нь зүйтэй гэв.

Нэг барилга барих гэхээр иргэд эсэргүүцэж тухайн барилгын ажил саатдаг. Тэгвэл үүнийг иргэдийн 70%-ийн саналыг авсан бол тухайн барилгыг эхлүүлнэ, эсвэл цуцална гэх байдлаар  суулгаж өгсөн нь учир дутагдалтай гэж байлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга: “Та нар их эвгүй заалт оруулсан байна лээ. Нэг нөхөр очоод хүмүүсийн нэрээр 70%-ийг нь авчихвал хүссэн хүсээгүй зөвшөөрөл өгдөг. Гэтэл тэр нь барилгын тухай хууль болон хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй бол яах вэ.   Иргэдийн саналаас гадна өөр олон зүйлийг харгалзаж байж өгөх ёстой.”

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын эхний асуудал болон орсон барилга барих, газрын эрх олгох, газрын эх загвар, зураг батлах,  барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах, үйл ажиллагааны журам болон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журмууд нь тэргүүлэгчдээр хэлэлцүүлэгдэж батлагдах нь дутагдалтай.

Тиймээс Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зөв гэсэн саналыг Нийслэлийн МАН-ын бүлэг гаргаж, бусад нь дэмжсэн учраас дахин журмуудыг хэлэлцэхээр болжээ. Гэхдээ шинэ журам батлагдах гэж байгаатай холбогдуулан барилгын зураг төсөл батлах, газар олгох зэрэг асуудлуудыг зогсоосон байгаа учраас яаралтай хэлэлцэж батлуулах нь зүйтэй гэж үзэн Д.Баттулга дарга ирэх пүрэв гарагт хуралдах ээлжит бус хуралдаанаар энэ асуудлыг оруулж ирэхийг санал хураан үүрэгдлээ