Уул уурхайн яамны нээлттэй өдөрлөг боллоо
Хэдийгээр амралтын өдөр ч Чингисийн талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хэдэн өдөр хуйсагнаж хур хаяласан хаврын тэнгэр “Эх орныхоо бүтээн байгуулалтыг ар иргэд тавтай тухтай үзэж сонирхог гэсэн” шиг ааш аягаа зөөллөсөн байв. Эмээ өвөөгөө сугадсан залуус, үр хүүхдээ дагуулсан залуу хосууд, ач зээгээ эрхлүүлэнгээ элдвийг үзэж сонирхож яваа хүмүүсээр талбай дүүрсэн байлаа. Цагийн зүү 10:00 цагийг заахад УИХ, Засгийн газрын гишүүн Уул уурхайн сайд Д.Ганхуяг талбайд хуран цугласан олны амар мэндийг мэдсэн юм.
Тус яамны харьяа байгууллагууд өөрсдийн бүтээлээ дэлгэхээр аль хэдийн байраа эзэлсэн байв. Дэлгэж тавьсан бүгд нь хараа булаасан энэ өдөрлөг ойр ойрхон болж байвал зүгээр юм” хэмээн хүмүүс өөр хоорндоо ярилцах аж. Үнэхээр нүд хужирласан сайхан зүйл энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгт оролцогчдод их байсан. Тухайлбал Геологийн төв лабораторийн хамт олны дэлгэсэн 1.500-2.500 төгрөгийн үнэтэй хаш чулуун хөөрөг, халтар мана, чулуужсан мод, ногоон хаш чулуугаар урласан 85.000 төгрөгийн үнэтэй дөрвөн бэрхийн шагай үндэсний хэв шинжээ агуулсан болоод ч тэр үү олны нүд сэтгэлийг эрхгүй татаж байсан юм.
Тус үзэсгэлэнгийн бас нэгэн сонирхолтой, олныг нэлээд өөртөө татсан асар бол “Мireco” гэх хаягтай компани байлаа. Тус компанийн нь 2010 онд манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлаа эрчимтэй явуулж байгаа аж. Тэд энэ удаагийн нээлттэй хаалганы өдрөөр “TSI” аппаратаа дэлгэсэн байлаа. Тэрхүү аппаратыг уул уурхайн компанийнхан болон жирийн иргэд ч ихэд сонирхож байсан юм. “TSI” нь орчны тоосжилтын бохирдлыг хэмжигч багаж аж. Аяны зориулалтын гар чийдэн шиг авсаархан энэ тоног төхөөрөмжийг өөрийгөө цэцэрлэгийн багш хэмээн танилцуулсан бүсгүй бусдаас илүү сонирхож байсан юм.
“Монполимет” групп монос, нохойн хошуу, хусны үр, ясны бордоо, өргөст харгана, сибирь шинс, шар царгасны үр, согооворын үр, голт бор, гүйлс зэргийг дэлгэжээ
Дээхэн үед хүрээний зах дээр ногоон хурганы арьс нохойн битүү туурай бий гэдэгчлэн энэ ёстой л байхгүй юмгүй мэт байв. “Монполимет” группынхэн нөхөн сэргээлтэд ашиглаж буй монос, нохойн хошуу, хусны үр, ясны бордоо, өргөст харгана, сибирь шинс, шар царгасны үр, согооворын үр, голт бор, гүйлс, америк зүлэгний үр, ботуул хэмээх олон наст өвслөг ургамлын үр зэрэг олон ургамлын үрийг дэлгэсэн байв. Ногоон байгууламжийг хэн хүнгүй мөрөөдөх болсон энэ үед тус байгууллагын үзмэрээс худалдан авахыг хүссэн иргэд нэлээн байсан бөгөөд худалдахгүй байгаад нь жаахан ундууцаж байсан юм. Гэвч хөтчүүд нь эвтэйхэн тайлбарлаж хаанаас ямар төрлийн ургамал авч болохыг тайлбарлаж өгч байлаа.
85.000 төгрөгийн үнэтэй дөрвөн бэрхийн шагай
Тус групп нь анх 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш уул уурхай, барилгын материал үйлдвэрлэл, барилга угсралт, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд 2003-2014 онуудад БОНХЯ,УУЯ,МХЕГ,АМГ, МУУҮА-иас шалгаруулдаг Монгол Улсын “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч байгууллага”-аар удаа дараа шалгарч байжээ.
Уул уухайн аврах ажиллагааны баг, дизель түлш үнэртсэн элдэв янзын чулуу, хүйтний улиралд улаанбаатарчуудын гол хэрэглээ болсон нүүрс, байгаль орчинд ээлтэй био этанол эко-92 шатахуун, MGL-92, нана-92, Нано-ДТ гээд уул уурхаын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж, үр өгөөжүүд тэнд дэлгэгдсэн байсан юм.