Ж.Цэвээнжав: Маш том улс төр, маш сонин бодлого, маш нарийн хуйвилдаан явдаг юм байна лээ
Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг ТББ-ын гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн ГГТС-ийн профессор Ж.Цэвээнжавтай газрын тосны хуулийн шинэчилсэн агуулгын талаар ярилцлаа. Тэрээр хуулийн ажлын дэд хэсгийн гишүүн бөгөөд өөрийн санаа бодлоо хуулинд тусгажээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 оны 6 сарын 27-нд өргөн барьсан билээ.
-Газрын тосны тухай хууль хэлэлцэх шатандаа их удааширч байсан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хуулийг унагачихлаа. Энэ байдал газрын тосны салбарт хэрхэн нөлөөлж байгаа вэ?
Монголын нийгэм эдийн засагт онц чухал ач холбогдолтой хуулийн талаар даанч залхтал яригдлаа. Ашигт малтмалын тухай хууль, газрын тосны тухай хуулиудын асуудал их удааширч байна. Олон ч яригдаж, олон ч буцлаа. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн хэлдгээр “Та минь ээ, одоо ажлаа хиймээр байна” гэж хэлмээр байна.
Хууль гараагүйгээс болоод газрын тосны салбарын ажил зогсож, үндсэндээ амьдрал зогсох гээд байна. Ард түмэн амьдрах хэрэгтэй шүү дээ. Улс төрөөр ямар хоол хийх хэрэгтэй биш. Өдөр тутмын сонингоор өрмийн машинаа зарах гэсэн компаниудын мэдээлэл дүүрэн байгаа нь ажил зогссоныг бэлхэнээ илтгэж байна.
-Хууль буцаагдаад байгаа шалтгаан нь юу юм бол?
Ашигт малтмалын хууль, газрын тосны тухай хуулийг шийдмээр байна. Аль аль нь ашиг сонирхлын зөрчил ихтэй учраас их чухал хууль. Нэн ялангуяа ашигт малтмалын хуулийг нэлээн хэлэлцэж байж гаргахгүй бол төвөгтэй. Дэд бүтэц алслагдсан, баялаг ихтэй монгол улсад бодох зүйл их байна. Миний хувьд хоёр гурван жилийн өмнөөс зогсоосон нь зөв гэж боддог. Энэ талаар ерөнхийлөгчид хүртэл захиа бичиж байсан.
-Газрын тосны тухай хуулийн шинэчлэлд газрын тосны инженерүүд, эрдэмтдийн санал бүрэн дүүрэн тусгагдаж чадсан болов уу?
Анх 1991 онд батлагдаж, 2006 онд өөрчлөлт орсон. Үзэл баримтлал нь маш зөв. Зах зээлийн эрх чөлөөт байдлыг хангасан байсан ч сүүлдээ хуудас цаасны лицензийн наймаа болж хувирсан. Миний бодлоор гадныхны нөлөө хэтэрхий орсон гэж бодогддог. Хуулийн буруу биш, хэрэгжүүлэлтийн буруу.
Тэр алдаанаас болоод хуулиа араг ясаар нь нурааж болохгүй, бүрээс хөшгийг нь солих хэрэгтэй. Газрын тосны асуудлыг соргогоор авч үзэх ёстой. Газрын тос гэдэг бол аливаа улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдал, онц чухал ач холбогдолтой эдийн засгийн суурь салбар байдаг. Гэтэл бид тэгж үзэхгүй байна. Эхнээсээ л гаднаас бензин авч байсан болохоор баялгаа хайрлахгүй байна шүү дээ. Уул уурхай бол стратегийн салбар биш. Уул уурхайг бензин тос шатахуунаар л явуулна биз дээ.
-Та түрүүн хуулийн буруу биш, хэрэгжүүлэлтийн буруу байгаа гэлээ. Үүнийгээ тодорхой ярихгүй юу?
Газрын тосны газар сайн ажиллахгүй байна. Бүтээгдэхүүн нь үнэтэй учраас газрын тосноос их орлого орж байгаа юм шиг харагдаж байгаа ч монголчууд алдаа хийж байна. Газрын тосны гэрээ хэлэлцээрийг зөв шийдэх үү, буруу шийдэх үү гэдгээс өөрсдөө нэрж гаргах асуудал чухлаар яригдах ёстой. Дээд түвшиндээ анхаарч байгаа ч дундаа хэрэгжүүлэх шатанд анхаарахгүй байна.
-Та нарын саналыг хуулинд тусгасан уу?
Хуулинд орох хуваах тос, ногдуулах татварын хэмжээ нэлээн дажгүй орсон. Харин хуулинд орох эсэх нь эргэлзээтэй нэг заалт байгаа нь үндэсний аж ахуй нэгжүүдийг оруулахгүй байх вий гэж айж байна.
Хууль хэлэлцэх шатанд үндэсний аж ахуй нэгжүүд 34-өөс доошгүй хувьд нь оруулах саналыг байнгын хорооны хуралдаан дээр унагааж, дэмжээгүй. Хэрвээ хуулинд л тэднийг тусгайлан оруулна гэж заахгүй бол, дотоодод бүртгэлтэй аж ахуй нэгж гэсэн заалт орох аюултай.
-Дотоодод бүртгэлтэй гадны компаниуд орж ирнэ гэсэн үг үү?
Монголд бүртгэлтэй Хятадын компани байж болохоор байгаа юм. Маш том улс төр, маш сонин бодлого, маш нарийн хуувилдаан явдаг юм байна лээ. Тийм учраас хэвлэл мэдээллийнхэн соргогоор ажиллах ёстой. Дотоодод бүртгэлтэй гэж оруулах тэдний хүсэл нь хөрөнгө оруулагчид үргээд явна гэснээс болсон байх. Гэхдээ л монголчуудыг чадахгүй гэсэн ойлголт хүчтэй байна.
Чадах эсэхийг биднээс асуух хэрэгтэй.
Чадах эсэхийг биднээс асуух хэрэгтэй. Дунд шатны шинэ дарга нар мэдэхгүй байгаа нь харамсалтай. Үндэсний аж ахуй нэгжүүдийг оруулна гэж хувь заахгүй бол дандаа Хятадууд орох магадлалтай. Тэд бол 80 долларын төлөө ажиллаж чадах тэрбум хүмүүс шүү дээ. Миний шавь нар хятадуудаас хамаагүй дээр ажиллана.
-Хуулийн хэрэгжүүлэлтийг хэрхэн сайн болгох вэ. Хуулиас давсан журам байна гэж олон экспертүүд бухимдаж байсан?
Хуулиас давсан бүтээгдэхүүн хуваах гэрээний журам гэж байгаа. Хуулийг орж ирэхэд сөрөг хүчин ч гэсэн эхлээд бүтээгдэхүүн хуваах гэрээг шийд гэж байсан. Цаашдаа хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Геологи, газрын тос, бүгд зогсч байгаа учраас даруйхан тоглоомын дүрмээ тодорхой болго.