Д.Ганхуяг: Бусдын аманд орж үнэтэй бензин авахааргүй болсон
Уул уурхайн яамнаас сар бүр хийдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаа өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай эрдэс баялгийн салбар дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шатахууны үнэ 20-40 төгрөгөөр нэмэгдлээ. Цаашид ч гэсэн нэмэгдэх байх гэсэн яриа иргэдийн дунд байна. Учир нь зарим шатахуун түгээх станц АИ-92 бензин байхгүй гэсэн бичиг наачихаад байгаа?
-Шинэчлэлийн засгийн газар шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, импортыг дэмжих, нөөцийг нэмэгдүүлэх шатахууны нийлүүлэлтийн олон эх үүсвэртэй болох чиглэлээр 2013 онд олон бодит ажил хийсэн. Үүний үр дүнд шатахууны үнэ өнгөрсөн оны зургаадугаар сард нэг литр тутамдаа 50 төгрөгөөр буурсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ сарын эхээр 20-40 төгрөгөөр нэмэгдсэн. Шатахууны үнийн 85 хувь нь хил дээр байдаг үнээс бүрддэг.
Мэдээж ам.долларын өсөлт ч гэсэн маш хүчтэй нөлөөлж байгаа. Хэрвээ Засгийн газраас үнэ тогтворжуулах арга хэмжээ аваагүй бол шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэх байсан. Шатахууны үнийг тогтвортой байлгахад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь нөөц байдаг. Бид шатахууны нөөцийг 2.6 дахин нэмэгдүүлсэн.
Энэ сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 35 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа. Тодруулбал А-80 автобензин 42, АИ-92 нь 30, дизелийн түлш 42 хоногийн нөөцтэй байна. Тиймээс үнэ огцом өснө гэсэн асуудал үндсэндээ байхгүй.
-Шатахууны үнийг цаашид энэ түвшинд нь барих боломж байна уу?
Бид шатахууны нөөцийг 2.6 дахин нэмэгдүүлсэн.
-Бид шатахууны үнийг тогтвортой байлгах нэг том механизмийг бүрдүүлж өгсөн. Тэр нь юу вэ гэхээр шатахууны олон эх үүсвэртэй болсноор хүний хэлсэн үнээр бүтээгдэхүүнээ авахаа больсон. Өөрөөр хэлбэл нийлүүлэгчдээс үнэ нөхцлөөр өрсөлдүүлж худалдан авдаг болсон. Өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ, БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүнүүдээ худалдан авч байна.
Хуучин ОХУ-ын “Роснефть” ХХК-иас нийт бүтээгдэхүүнийхээ 90 хувийг авдаг байсан учраас яах ч арга байдаггүй байсан бол одоо тус компаниас нийт хэрэглээнийхээ 50 хувийг л авч байгаа. Тиймээс хүний аманд орж, үнэтэй бүтээгдэхүүн авахааргүй болсон.
-УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар алтанд ногдох татварын хувь хэмжээг 2.5 хувь болгон бууруулсан. Уг хууль хэрэгжээд нэг сар болж байна. Ямар үр дүн гарч байна вэ?
-Энэ хуулийн гол зорилго нь Монгол Улсын гадаад валютыг бүрдүүлэх явдал. Алтаа Монголбанкинд тушаавал нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байна. Харин тушаагаагүй, олборлосон алтаа өөр сувгаар борлуулж байгаа бол 10 хувийнхаа татварыг төлөх замаар явж байна. Хууль хэрэгжиж эхлээд тодорхой үр дүн гарсан.
Монголбанкнаас авсан мэдээллээр энэ оны эхний хоёр сарын байдлаар 1320 кг алт тушаасан байна. Үүнийг 2012 онтой харьцуулахад зургаа дахин, 2013 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Хоёрдугаар сар дуусаагүй байгаа учраас дээрх хэмжээ нэмэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Алтны ил тод байдлыг санаачлан боловсруулж УИХ-д оруулж ирсэн зарим гишүүн энэ хууль хэрэгжиж эхлээд л маргаашнаас нь валютын ханшийг бууруулах болно гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр эсрэгээрээ ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1800 болчихоод байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа валютын ханшид шууд нөлөөлнө гэж заагаагүй. Хоёрдугаарт хөрвөдөг валют буюу Монголбанкин дахь алтны хэмжээ мэдэгдэхүйцээр нэмэгдэж байгааг дээр хэлсэн. Уг хуулийг батлах гэж 200 гаруй хоног болсон. Хэрвээ эртхэн баталсан бол валютын ханш өнөөдөр ингэж өсөхгүй байх байсан
. -“Эрдэнэс таван толгой” компани БНХАУ-ын “Чалко” компанид өрөө хэзээ төлж дуусах вэ?
-БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас 2011 оны 11 дүгээр сард 250 сая ам.долларын зээл аваад тараагаад дуусчихсан гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Энэ өрийг 2013 онд багтаан төлөх төлөвлөгөөтэйгээр ажилласан ч тээвэр, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нийлүүлэх ёстой хэмжээндээ хүрч чадаагүй. Зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллараас, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор 1.5 сая тонн нүүрсээр 90 сая ам.долларын өрийг, дөрөв болон таван сард нэг сая тонн нүүрсээр 60 орчим сая ам.долларын өрийг тус тус барагдуулж 2014 оны тавдугаар сарын эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
-“Coal Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр нүүрсийг элсээр угаах технологийн талаар ярьж байсан. Энэ технологийг хэзээнээс Монголд ашиглаж эхлэх вэ?
-Манай яам, Японы Эдийн засаг, үйлдвэр худалдааны яамтай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Элсээр нүүрс баяжуулах төслийн туршилтад “Эрдэнэс таван толгой” компаниас хоёр тонн нүүрс явуулсан. Япон улсад хийгдсэн уг туршилтын ажилд Монголоос төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид тэргүүтэй “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн төлөөлөгчид оролцсон.
Туршилт амжилттай болсон мэдээ надад ирсэн. Энэ онд манай улсад туршилтын ажил хийгдэнэ. Тэгээд үр дүн сайтай байвал уг технологийг нэвтрүүлэх болно. Японы “Нагата Инженеринг” компани Таван толгойн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хоёр төрлийн технологи, тоног төхөөрөмжийг санал болгож байгаа. Нэгдүгээрт, 10-35 мм-ийн хэмжээтэй нүүрсийг буцламгай давхарга бүхий хуурмаг шингэний орчинд хувийн жингээр “Fluidized bed separator” /FBS/ ангилан ялгах, хоёрдугаарт 0.5-10 мм хэмжээтэй нүүрсийг чичиргээт налуу хавтан “Air table” /AT/ төхөөрөмжөөр хүндийн жингээр шигшин баяжуулахаар технологийн туршилтыг амжилттай хийж байна.
Дээрх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр усны нөөц хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмших боломжтой. 10 сая тонн нүүрсийг ус ашиглан нойтон аргаар баяжуулахад 2.5 сая литр ус шаардагддаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл нүүрсийг элс ашиглаж хуурай аргаар баяжуулах шинэ технологийг нэвтрүүлснээр тэр хэмжээний усыг хэмнэх боломжтой.
-Дархан хотод байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил юу болж байгаа вэ?
-Одоогоор Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан. ТЭЗҮ хийгдэж дууссан. Ажлын зураг төслийг хийж эхэлсэн. Ер нь манай яамны зүгээс ажлыг яаравчлахыг шахаж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулах болно.
-Манай улсын төсвийн бүрдүүлэлт уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлээс ихээхэн шалтгаалдаг. Оны эхний байдлаар энэ салбараас улсын төсөвт төвлөрүүлж буй орлогын талаар сонирхуулбал?
-Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 3.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 25.4 сая төгрөг, бусад орлого 152.5 сая төгрөг байгаа. Газрын тос экспортолж, нийт 25.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.