Ж.Эрдэнэбат: Засгийн газар төсвийн хууль зөрчсөн алдаагаа тодотголоор залруулах гэж байна
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.ЭРДЭНЭБАТТАЙ ярилцлаа.
-2014 оны төсвийг хэлэлцэхдээ тэг дүнтэйгээр тусгаж санхүүжилтийг нь “царцаасан” төслүүдийг санхүүжүүлэхтэй холбоотой төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газар төсвийн тодотголын төслөө УИХ-аас өгсөн үүрэгт хэр нийцүүлж боловсруулсан байна вэ?
• -Уг нь анх 2014 оны төслийг хэлэлцэж байхдаа энэ тодотголын төслийг Засгийн газар өөрөө боловсруулж оруулж ирэх тухай ярьж байсан юм. Үүний дагуу бол Засгийн газар аудитын дүгнэлтийг үндэслээд төсвийн тодотголын төслөө шууд УИХ-Д оруулж ирэх байлаа. Гэтэл УИХ аудитын дүгнэлтийг үндэслээд тогтоолын төсөл боловсруулан баталж ийм, ийм асуудлыг тусгасан төсвийн тодотгол оруулж ир гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар нь үүнийг чинь оруулаад ирлээ гэсэн процессоор л төсвийн тодотголыг хэлэлцэж байна шүү дээ. УИХ өмнө нь өөрсдөө боловсруулсан төслөө л хэлэлцэж байна гэсэн үг. Засгийн газар УИХ-аас өгсөн үүргийн дагуу тодотголын төслөө боловсруулж оруулж ирсэн. Зарим зүйл нь өөрчлөгдсөнийг эс тооцвол УИХ-ын тогтоолын төсөлтэй яг ижил тодотголын төсөл орж ирсэн. Тиймээс УИХ дээр зарчмын зөрүүтэй саналууд нэг их гарахгүй байна.
-Зөвхөн “царцаасан” төслүүдтэй холбоотой төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж байсан. Гэвч урсгал зардлыг 10-30 хувиар бууруулж, тэндээс гарсан хэмнэлтийг цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулах асуудал хамт ороод ирсэн. Энэ саналыг хаанаас гаргасан юм бэ?
-УИХ-аас өгсөн чиглэлд тэвчиж болох зардлыг бууруулах асуудлыг тусгасан юм. Үүний дагуу Засгийн газар нийт бараа үйлчилгээний зардлыг 10-30 хувийн хооронд бууруулаад оруулж ирлээ. Тэвчиж болох, болохгүй зардлаа сайн тодорхойлох ёстой байсан юм шиг санагдаж байна. Аль байгууллагын зардлыг бууруулах вэ гэдгийг ч сайн тооцох л хэрэгтэй.
-Урсгал зардлын хэмнэлтээс гарсан мөнгийг цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулна гэсэн. Тэгэхээр удахгүй цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэсэн үг үү?
Засгийн газар 2014 оны төсвийн тухай хуулийг зөрчсөнөө залруулах гэж байгаа л нэг хэлбэр.
-Засгийн газар өнгөрсөн хоёр, гуравдугаар сард цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шүү дээ. Ингэхдээ төсөвт суулгаж- өгсөн 200 тэрбумаасаа хэтрүүлээд нэмчихсэн юм билээ. Уг нь УИХ-аас баталж өгсөн хэмжээнд багтаагаад нэмэх ёстой. Гэтэл 35 тэрбумаар хэтрүүлээд нэмчихсэн учраас тэр зөрүүгээ одоо урсгал зардлыг хэмнэ гэсэн УИХ-ын чиглэлийг ашиглан нөхөх гэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2014 оны төсвийн тухай хуулийг зөрчсөнөө залруулах гэж байгаа л нэг хэлбэр. Түүнээс биш удахгүй цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудал байхгүй. Урсгал зардлыг бууруулах замаар хэмнэж байгаа 42 тэрбум төгрөгийнхөө 35-аар нь цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулсан мөнгөө нөхнө. Үлдсэн долоон тэрбум төгрөгийг нь Хадгаламжийн даатгалын сан руу оруулахаар төлөвлөж байгаа.
-Төсвийн тодотголыг баталж “царцаасан” төслүүдийг санхүүжүүлснээр ондоо багтааж хэрэгжүүлэх боломж байна уу. Яагаад гэвэл, бүтээн байгуулалт хийхэд тааламжтай хугацааны нэлээд хэсэг нь өнгөрчихлөө ш дээ?
-Он дамжсан ч хамаагүй ажлыг нь эхлүүлж л байвал сайн гэж харж байна.
-Энэ онд барьж дуусгах боломжтой гэсэн объектуудыг л тодотголд тусгасан биз дээ?
-Тийм ээ. Энэ онд барьж дуусгах боломжтой гэж үзсэн барилгын төслүүд тодотголоор оруулж ирсэн. Гэвч төсвийн орлого өнөөдрийн байдлаар 400 орчим тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа энэ нөхцөлд тодотголд тусгасан бүх объектыг бүгдийг нь санхүүжүүлнэ гэдэг хэцүү л дээ. Дээр нь сайд нарын “давхар дээл”, нэгнийгээ огцруулах асуудал зэргийг хэлэлцсээр байгаад хугацаа их алдлаа. Засгийн газар энэ төслүүдээ бүрэн санхүүжүүлж ондоо багтаан ашиглалтад оруулна гэвэл төрийн данхар бүтцээ цомхотгож тэндээс хэмнэсэн төсвөөрөө санхүүжүүлэхээс өөр арга байхгүй.
-Төсвийн урсгал зардлыг бууруулах тухай заалт ороогүй бол хугацаа хэмнэх үүднээс энэ удаагийн тодотголыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд шийдэх боломж байсан уу. Өмнө нь Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн задаргааг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд баталж байсантай адилхан...
-Тэгж болохгүй л дээ. Нэг сайдын багцад байгаа санхүүжилтэд зохицуулалт хийх бол Байнгын хороогоор хэлэлцээд шийдэж болдог. Гэтэл энэ удаагийн тодотгол Сангийн сайдын багцад байгаа 139 тэрбум төгрөгийг бусад сайд нарын багц руу хуваарилах асуудлыг зохицуулж байгаа.
-Энэ жил төсвөө хоёр удаа тодотгох нь тодорхой боллоо. Сангийн сайд УИХ-аас баталсан эдийн засгийг сайжруулахтай холбоотой тогтоолын төслийн дагуу удахгүй тодотголын төслийг өргөн барина гэсэн. Тогтоолын төсөлд урсгал зардлыг 20 хувиар бууруулах тухай заалт оруулсан. Одоо хэлэлцэж байгаа төсвийн тодотголоор урсгал зардлыг 10- 30 хувиар хэмнэж байгаа учраас дахиж хэмнэх шаардлагагүй юу. Эсвэл танай бүлэг урсгал зардлыг нэмж 20 хувиар бууруулахыг шаардах уу?
-Уг нь Засгийн газар байгуулагдаж байх үед Ерөнхий сайд их л сайхан зүйл ярьж байсан шүү дээ. Төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй. Нэг хүнээр л нэмэгдүүлэх юм бол огцорно гэж хэлсэн удаатай. Гэтэл одоо төрийн албан хаагчдын тоо Ерөнхий сайдыг хэдэн мянган удаа огцруулах хэмжээнд хүрчихээд байна. Манай нам “Засгийн газар төрийн байгууллагуудынхаа зардлыг хэмнэж үйл ажиллагааг нь доголдуулахын оронд хэтэрхий данхайчихаад байгаа бүтцээ цомхон болгооч” гэсэн бодлого баримталж байгаа. Төсвийн орлого сард бараг 100 орчим тэрбум төгрөгөөр тасарч байна.
Амлалтаа биелүүлж чадах юм бол ард түмний амьдралд л сайн.
Магадгүй оны эцэст нэг их наяд гаруй төгрөгөөр тасрах байх. Ийм байхад төрийн албаны данхайсан бүтцээ жижигрүүлэхгүй байгаад харамсч байна. Сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдээд тэнд ажиллах хүмүүсийн тоо нэмэгдсэн бол өөр хэрэг. Гэтэл төрийн дээд шатны байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдээд байна шүү дээ. Засгийн газар бүтцээ цомхотгох юм бол одоо хэлэлцэж байгаа төсвийн тодотголд тусгасан 10-30 хувийн урсгал зардал дээрээ нэмээд дараагийн тодотголдоо 20 хувиар хэмнэх санал оруулаад ирэх боломжтой.
-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэх санал тусгасан гэсэн. Энэ саналыг баталснаар ямар үр дагавар гарна гэж үзэж байгаа вэ?
-Монголчууд өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэж ярьдаг. Өрийн хэмжээг ийм өндөр болгох нь цаашдаа эдийн засгийн байдлыг хүндрүүлэх сөрөг үр дагавартай. Одоо байгаа өрөө төлөх нь бүү хэл бараг хүүг нь төлөх боломжгүй л байгаа шүү дээ. Ийм байхад нэмж бонд гаргана, зээл авна гэдэг нь зөв бодлого биш. Төсвийн хөрөнгөөрөө тухайн жилдээ төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлаа хийж чадахгүй будилж байгаа хүмүүс их хэмжээний зээл авч үр дүнтэй зарцуулна гэдэгт эргэлзэж байна.
-Засгийн газар 100 хоногт эдийн засгийг сайжруулахаа мэдэгдсэн. 100 хоногийн тоолуур нь ч гүйж эхэллээ. Ер нь энэ хугацаанд эдийн засгийг сайжруулна гэдэгт итгэж байгаа юу?
-Бид нар хийнэ, бүтээнэ гэж байхад нь та нар чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэж хэлээд яах вэ. Нэгэнт амласан бол 100 хоногийн дотор эдийн засгийг сэргээчихээсэй гэж бодож байна. Амлалтаа биелүүлж чадах юм бол ард түмний амьдралд л сайн. Гэхдээ 100 хоногийн дотор одоогийн энэ нөхцөл байдлыг сайжруулна гэдэг хэцүү л дээ.