Асуулт, хариултын дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.
2014.05.09

Ө.Энхтүвшин: Монгол улс валютын гурван ханштай болчихлоо

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Төслийн хүрээнд УИХ-ын гишүүд валютын ханштай холбоотой асуудлыг түлхүү хөндөж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Би Монголбанкны удирдлагуудтай уулзсан. Тэд одоо вальютын ханшыг бид дийлэхгүй ээ гэж байна лээ. Валютын ханшийн голчийг 2000-аар бариад явна гэж хэлж байна. Цаашид үнийн энэ өсөлтөө яаж тооцох гэж байгаа юм бэ?  Валютын гурван ханштай болчихлоо. “Найман шарга”-ын нэг ханш, төв банкны бас нэг ханш, Н.Батбаярын барьдаг бас нэг ханш байна. Инфляцийг яаж барих вэ. Бондыг төсөвт яагаад тусгаж болохгүй байна вэ?

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариулав:

-УИХ-ын танхимд валютын ханшийг ийм болгох тухай ярих нь хариуцлагагүй явдал. УИХ-ын гишүүн буруу сигналыг нийгэмд өгч болохгүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт гурван жилийн турш хоёр оронтой тоогоор өссөн. Тийм байхад эдийн засгаа янз бүрээр муутгаж ярьж болохгүй. Хүндрэл бий юу байгаа. Бондыг яагаад төсөвт суулгахгүй байна гэж асуулаа, УИХ-аас өгсөн чиглэлийн хүрээнд бид төслөө боловсруулж оруулж ирсэн. Хуулийнхаа хүрээнд ажиллаж байна.

 Сангийн сайд Ч.Улаан хариулав:

-Бондын мөнгийг төсөвт тусгаж болно, тусгаад явж байгаа. Улсын өрийн хязгаарт бүх бонд суугаад явж байгаа. Харин төсвийн зарлагад суулгахгүй байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалттай зөрчилдөж байгаа учраас. Тэгээд ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахдаа Хөгжлийн банк, түүний бондыг  тооцохгүйгээр баталчихсан юм билээ. Төсөвт оруулаад явах нь зөв гэдэгтэй санал нэгдэж байгаа. Хууль эрх зүйн орчинг өөрчилж байж шийдэх ёстой.