Ж.Эрдэнэбат: Бондоор нээлттэй мэдээлэл авах ёстой
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.05.14

Ж.Эрдэнэбат: Бондоор нээлттэй мэдээлэл авах ёстой

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Эрдэнэбаттай эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2014 оны Төсвийн тодотголын төслийг эргүүлэн татах ёстой, "түүхий" төсөв болсон гэж шүүмжилж байсан. Тодотгол хэр бодитой боловсруулагдсан гэж үзэж байна вэ?

-Энэ удаагийн төсвийн тодотголын гол асуудал нь "царцаасан" төсөв. Монголд улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил явагддаг учраас урин цаг ирсэн энэ үед төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлаа эртхэн эхлүүлье гэсэн бодлогын шинж чанартай Төсвийн тодотгол оруулж ирснийг УИХ хэлэлцэж байна. Түүнээс эдийн засгийн бодит нөхцөл байдлаа дүгнэж, үүнээс гарах арга зам хайсан тодотгол биш. “Царцаасан” төсвөөс гадна энэ тодотголд төсвийн зардлыг 20 хувиар бууруулж, цалин, тэтгэвэр нэмэхэд 35 тэрбум зарцуулна гэсэн заалттай тодотгол байгаа. Гэхдээ "царцаасан" төсөв дотор олон объект хасагдсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 7-8 төсөл хасагдсан байна. Энэ ажлууд яах вэ гэдэг эргээд л төсвийн асуудал үүсгэж байна. Хасагдсан төслүүд дотор зээл, тусламжаар ажлаа явуулах гэж байсан ч хасагдчихлаа гэсэн гомдол маш их ирж байна. Тэгэхээр хасагдсан объектуудын хөрөнгө оруулалтыг яах вэ гэдэг асуудал үүсч байна.  2013 онд дутуу санхүүжилт авсан олон төслүүдээ яах вэ гэдгийг шийдэх ёстой. Гэтэл шийдэх боломж байна уу гэдгийг харахад байхгүй л болсон харагдаж байна.

-Тодотголд цалин, тэтгэврийг 35 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тусгажээ. Энэ онд дахин цалин нэмэх гэж байна уу эсвэл өнгөрсөн оны нэмэгдлээ нөхөж тусгасан хэрэг үү?

-Цалинг ажлынх нь үр дүнтэй уялдуулж өөр өөр аргачлалаар нэмээд буй. Би бодохдоо дутагдсан  эх үүсвэрээ нөхөж санхүүжүүлж байна гэж ойлгосон. 2014 оны төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдэлд 200 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл цалин, тэтгэвэр нэмэх үед 200 тэрбумаас илүү гарсан учраас одоо нөхөн тооцож байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нь бас л Төсвийн тухай хууль зөрчиж байна гэж харж байна.

-Энэ онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломж бий юу. Барааны үнэ өссөн ч цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байна гэх шүүмжлэл иргэдээс их ирдэг?

-Төсвийн тодотголд тусгасан 35 тэрбум төгрөг бол Засгийн газрын гаргасан  өмнөх 200 тэрбум төгрөг цалин, тэтгэврийн нэмэгдэлд хүрээгүй учраас энэ удаад тодотгож, нөхөж оруулж ирж байна гэж харж байна. Цаашид дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо хомс байна. Ер нь бол цалинг нэмэх ёстой. Төсөв дээр байгаа тансаг арга хэмжээний хэрэглээгээ багасгаж байж төсвөө хэмнэсэн мөнгөөрөө цалин нэмэх боломжтой. Мөн данхайсан том бүтцээ багасгаж  төсөв хэмнэнэ.

Энэ удаагийн төсвийн тодотголын гол асуудал нь "царцаасан" төсөв.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал төрийн данхайсан бүтцээс болж байна гэдгийг харуулаад байна. Тиймээс тансаг хэрэглээгээ багасгаж, данхайсан бүтцээ багасгаж, хэмнэсэн мөнгөөрөө цалин нэмэх эх үүсвэр гаргаж, цалин нэмэх ёстой. Барааны үнэ өссөн, инфляци өссөн, иргэдийн худалдан авах чадвар буурсан, эдийн засаг хүндэрсэн гээд  цалин, тэтгэвэр нэмэхгүй байж болохгүй. Төрийн албаны цалин нэмэгдэхэд хувийн хэвшлийн цалин дагаж нэмэгддэг, нийт нийгмээр нь донсолгодог. Эрх баригчдын ярьдаг шиг цалин нэмлээ гээд инфляци өсдөггүй. Цалин 30 хувиар нэмлээ гэхэд инфляци 10 хувиар л нэмэгддэг. Гэтэл өнгөрсөн жил цалин нэмээгүй байхад инфляци өсч байсан шүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногт эдийн засаг эрчимжүүлэх тогтоолын төсөл баталсан. Засгийн газар 100 хоногийн дөрөв дэх өдөр өнгөрч байна. Эдийн засаг сайжрах болов уу?

-Эдийн засгийг эрчимжүүлэх  тогтоолыг Засгийн газраас өргөн барьсан. Засгийн газар яагаад хүнээр шахаж, шаардуулж байж энэ ажлаа хийж байгаа юм бэ. Өмнө нь хийж болоогүй юм уу гэж хэлмээр байгаа юм. Заавал тогтоол батлуулаад, үүрэг даалгавар аваад хийвэл сайн хийдэг юм шиг аашилж байна. 100 хоногийн дотор эдийн засаг сайжраасай гэж хувьдаа би хүсч байна. Эдийн засаг сайжирвал ард түмэнд л хэрэгтэй. Биелэх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг зүйлийг ажиглаад байхад, энэ Засгийн газар өр тавиад байх санаатай. 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсөөлөл дээр өрийн хэмжээг 70 хувьд хүргэнэ гэж оруулж ирж байна. Гэтэл бид Төсийн тогтвортой байдлын тухай хуульд өрийг ДНБ-ний 40 хувиас дээш гаргахгүй гэж заасан. Засгийн газраас энэ хуулийг өөрчлөөгүй байж өрийг ДНБ-ний 70 хувьд хүргэнэ гэж байгаа бол харамсалтай байна. Тэгэхээр УИХ хууль зөрчиж хууль батлахгүй байх гэж би бодож байна.

Одоогоор Сангийн сайдын мэдээлснээр өрийн хэмжээ ДНБ-ний 45 орчим хувьтай байна гэсэн. Хэрэв 70 хувьд хүргэнэ гэвэл 25 орчим хувийн өрийг нэмж тавихаар байгаа юм. Энэ маш том тоотой өр болно. Миний бодлоор  "Чингис", "Самурай" бондуудыг хэрхэн зарцуулснаа дүгнэх хэрэгтэй. Ямар нэг бүтээмжтэй зүйл бий болгож чадаагүй, зөв зүйлд хөрөнгө оруулалт хийгээгүй, бодит бус хэлбэрээр зарцуулсэн гэж бодож байна. Жишээлбэл, гудамж төсөл байна. Нэг талаар зам засаад эдийн засагт өгөөжөө өгч байгаа ч буруу хэлбэрээр зарцуулаад байна гэдгийг өнөөдрийн валютын ханш харуулаад байна. Монголын зах зээлд гаднаас 1,8 тэрбум доллар орж ирсэн байхад валютын ханшийг бууруулж чадахгүй байна гэдэг бодлого буруу байгаагийн илрэл.

Эдийн засгаа тэтгэхийн тулд баялаг бүтээгчид гээд гоёоор нэрлэчихсэн бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой байсан. Бонд бол маш өндөр хүүтэй зээл. Нэгэнт богино хугацаанд арвижуулах үнэтэй мөнгө оруулж ирсэн юм чинь үр ашгаа өгөх, өртгөө нөхөх чадвартай зүйлдээ эхний ээлжинд 100 хувь биш гэхэд 70 хувийг нь  санхүүжүүлэх байсан. Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөр  хэрэгжүүлсэн шиг зарцуулаад эхлэхээр валютыг дотоод руу биш гадагш урсах нөхцлийг  бий болгочихсон нь валютын ханшийн тогтворгүй байдлыг үүсгээд байгаа.

-Бондын зарцуулалтыг үр дүнгүй ашигласан гэдгийг хэлэх хүн олон бий. Хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

-Уг нь одоо алдаа, оноогоо энэ парламентийн үед ярилцаад явах нь зүйтэй. Мянга ард түмнээс, биднээс нуугаад хэзээ нэгэн цагт мэдэгдэх л зүйл. Тиймээс яг өнөөдрийн нөхцөл байдалд болж байгаа, болохгүйгээ ярих хэрэгтэй. Нуух тусам хүмүүс илүү их сонирхоно. Сонирхохоос ч өөр арга байхгүй. Монголын нэг хүн 3-4 сая төгрөгийн өртэй явж байгаа нөхцөлд бондын зарцуулалтын талаар иргэд нээлттэй мэдээлэл авах ёстой.

-2014 оны төсөвт долларыг 1384-өөр тооцсон ч одоо 1818 болчихлоо. Ханшийн зөрүүг яаж өөрчлөх ёстой вэ. 1384-өөр тооцсоноо өөрчлөх ёстой юу эсвэл?

-Төсөвт валютын ханшийг тооцсон тооцооллыг судлаад үзвэл эерэг талдаа нөлөөлөх өгөх магадлал өндөртэй. Яагаад гэвэл валютаар тооцогдсон орлого нь валютаар тооцох зардлаас өндөр байх нь эерэг байж болно. Магадгүй хөрөнгө оруулалтын чиглэлээр тендерт оролцох, бараа үйлчилгээ худалдан авах төсөл дээр гаднаас авах шаардлага гарвал 1384, 1818 хоёрын хооронд алдагдал үүсч эхэлнэ. Үүнээс болж  аж ахуй нэгжүүд тендерт оролцохгүй байх, худалдан авах үйл ажиллагаанд оролцохгүй байх нөхцөл үүсч болзошгүй.

-Төсвийн тодотголд тусгагдсан "царсаасан" төсөв дээр валютын зөрүү гарвал яах вэ. Дахиад л төсөв нь нэмэгдэх, ажил нь хойшлох байдал үүсэх юм биш үү?

Төсөвт валютын ханшийг тооцсон тооцооллыг судлаад үзвэл эерэг талдаа нөлөөлөх өгөх магадлал өндөртэй

-Одоогийн байгаа төсвийн төлөвлөлт дээрхи өртөг, миний орон нутагт ажиллаж байсан төсөв хоёр тэнгэр, газар шиг зөрүүтэй болсон. Жишээлбэл, аймагтаа 75 хүүхдийн ортой цэцэрлэгийг 400 орчим сая төгрөгөөр барьсан. Одоо бол 75 ортой цэцэрлэгийг 900 саяаас нэг тэрбум төгрөгийн хооронд барьж байна. Гэхдээ объект барих гэж байгаа барилгын компаниудын алдагдал харьцангуй гайгүй байна гэж бодож байна. Одоогийн валютын ханш нэг дахин өсөөгүй, төсөвт өртөг нь нэг дахин өссөн. Тиймээс обьект барих гэж байгаа барилгын компанийн алдагдал харьцангүй бага байна байх. Гэхдээ цалин, бусад урсгал зардал нь нэмэгдсэн тохиолдолд баялаг бүтээгчид өөрсдөө эрсдэлээ хүлээх чадвартай болсны дараа худалдан авах үйл ажиллагаанд оролцох байх.

-Эдийн засгийн хүндрэлд төрийн данхайсан бүтэц нөлөөлсөн гэдгийг МАН-ын бүлгээс шүүмжилж буй. Энэ бүтцээ өөрчлөхийг Засгийн газарт сануулж,  Төсвийн тодотголын төсөлдөө суулгахыг хэлж байсан ч орж ирээгүй байна?

-Засгийн газрын ам ажлын зөрүү их байна. МАН-ын бүлгээс  төрийн данхайсан бүтцээ багасгаач гэдгийг хэлж буй. Статистик тоо баримтаар жилд 10 мянган хүнээр төрийн албаны орон тоогоо нэмэгдүүлж байна. Энэ олон хүний төсвийг Монголд даах боломж байсан уу гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Нөгөө талаар энэ данхайсан бүтцээрээ ажиллаж байгаа юу гэвэл үгүй.  Энэ данхайсайн бүтцээ өөрчилж, төсвөө хэмнээч гэсэн ч Төсвийн тодотголд шал өөрөө таналт хийсэн. Тодруулбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэсэн төсвийн байгууллагын халаалтын зардлыг 20-30 хувиар багасгасан байх жишээтэй.

Нийслэлд есдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-ны хооронд халаалт өгдөг. Гэтэл одоогийн хэмнэж, хэрэглэж байгаа зардлыг 20 хувиар хэмнэнэ гэдэг нь бараг нэг сараар урагшлуулж халаалтаа зогсооно гэсэн үг. Халаалтын зардлын хэмнэлт гэдэг том хэмнэлт биш. Нөгөө хэдэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг зогсоож, дээрээс нь бичиг цаасны зардал гэх мэт жижиг сажиг зүйлээр төсвийн зардлаа хэмнэж байна. Уг нь бид шал өөр хэмнэлт орж ирэх байх гэж бодож байсан учраас Төсвийн тодотголын эргүүлэн татахыг МАН-ын бүлэг шаардсан. Харамсалтай нь дулааны улиралд хийх бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж байгаа учраас Төсвийн тодотголыг батлахаас өөр аргагүй болж байна.  

- Эдийн засаг хүндэрсэн гэж ярих боловч хариуцлага хүлээх эзэнгүй л болоод байна. Хариуцлага тооцно гэсэн ч олонхоороо аваад үлддэг. Хариуцлагын асуудлыг яаж тооцох ёстой юм бэ?

-Нэг зүйлийг нийгэмд маш их тарааж байна. Энэ Засгийн газар өөрчлөгдөж, бүтцэд нь өөрчлөлт оруулах гэхээр л АН үгүй болох гэж байна, ардчилал үгүй болж байна гэсэн сурталчилгаа хийгээд эхлэх юм. Эдийн засаг хүндэрсэн, гадаадын хөрөнгө оруулагчдын тоо буурсан, гадны хэвлэлээр сайд нарыг нь элдвээр яриад байхад бид яах ёстой юм бэ. АН-ын төлөө улс орныхоо эрх ашгийг хойш нь тавьж болохгүй шүү дээ. Тиймээс болохгүй байгаа, чадахгүй байгаа сайд нар нь чадахгүйгээ хэлээд, ажлаа өгөх хэрэгтэй.  Ер нь бол бусад хүмүүсээр чадахгүй байна гэж хэлүүлснээс өөрөө би огцроё гэд саналаа хэлчихдэг бол нэр хүндэд нь ч хэрэгтэй шүү дээ.