С.Ганбаатар: Монголын газрыг хэдхэн гэр бүл хувааж авах гэж байна
Өнөөдөр УИХ-дахь намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай. Ажлын хэсгээр хэлэлцэх хуулиудын бас нэг чухал асуудал нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хуралдаан 15.00 цагт "Г" танхимд болох гэж байгаа юм. Уг хуулиар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Барьцаанд тавьдаг болгоно зэрэг шинэ, шинэ санаануудыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан С.Ганбаатар гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан юу юм бэ?
-Эдийн засгийнхан болон Улс төрчид өөрсдөө эдийн засгийн хямралыг бие болгосон. Үүнээс болж, тэтгэврийнхэн, хувийн хэвшилд байгаа хүмүүс , ажилчид хэрхэн хохирч, яаж зовж, ажилгүйдэл газар авч, юмны үнийн хөөрөгдөлтөд ард иргэд хэрхэн хохирч байгааг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна.
-Газрыг хувьчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хэр зөв зүйтэй зүйл юм вэ?
- Үүнд гишүүд байр сууриа илэрхийлж, нэлээд хүчтэй өөрчлөлт оруулахаар ярьж байна лээ. Ягаан, цэнхэр тасалбараар төрийн өмчийг хувьчилсан. Тухайн үед ард түмэнд тасалбар өгч байгаа нэрийдлээр хэдхэн компаниуд хувааж авах ажлыг хийсэн. Түүн шиг юм болох гэж байна.
Улс төрчид өөрсдөө эдийн засгийн хямралыг бие болгосон.
Өнөөдөр эрх баригчид бүх газрыг хувьчлах нэрийдлээр эдийн засгийн эргэлтэд оруулж, барьцаанд тавих боломжыг өгнө гэж байгаа юм. Эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг бол хэдхэн хүнд энэ газрыг өгнө гэсэн үг. Энэ нь нэг ёсондоо тусгаар тогтнолын "маш ноцтой" асуудал шүү. 1992 он хүртэл газрыг өмчлүүлэх тухай Монголын хууль тогтоомжид ерөөсөө байгаагүй. Монголын иргэд өнөөдөр яагаад найман хувиас илүү газар хувьчилж, авч чадахгүй байна вэ. Энэ нь бирж ажиллуулж, бүх газруудыг хэдхэн гэр бүл авах гэж байгаатай холбоотой юм. Харин үүнийг оронд газрыг хамгаалах, үр хойчдоо өвлүүлэх гэдэг бодлогыг барих хэрэгтэй.
-Х.Баттулга сайд огцрох хүсэлтээ өглөө. Үүнд бие даагчдын зөвлөл ямар байр суурьтай байна. Сайдыг ажлаа яаж хийсэн гэж дүгнэж байна вэ?
-Ойрын үед бие даагчдын зөвлөл хуралдаж, уг асуудлаар нэгдсэн байр суурьд хүрнэ. Ер нь эцсийн дүндээ бол ажлаа яаж хийснийг холбогдох байнгын хороонд нь дүгнэх ёстой байх. Мөн маргааш урт нэртэй хуулийн ажлын хэсэг хуралдана. Үүнд уул усаа хамгаалах тал дээр шийдвэр гарч байгаа.