Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
Эдийн засгийн байнгын хороо
2014.05.01

Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хороогоор Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Энэ тогтоол хойноосоо ямар мөнгө дагуулах зардлын тооцоо хийсэн эсэхийг Ажлын хэсгийнхнээс тодруулав.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Төсвийн бодлогын хүрээнд 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Урсгал зардлыг бууруулах замаар хэмнэлтийн горимд шилжүүлнэ. Харин хөрөнгө оруулалтын зардлыг аль болох бууруулахгүй, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Үүн дээр Засгийн газар ажиллаад ямар зардлаа хэмнэх тухай тооцоог УИХ-аар Төсвийн тодотголыг хэлэлцэхэд оруулна гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд төсвийн урсгал зардлыг бууруулах талаар юу хийх вэ. МАН-ын бүлгээс гаргасан яам, тамгын газрыг цөөлөх саналыг тогтоолын төсөлдөө тусгасан уу. Мөн иргэдээ хямралд өртөхөөс хамгаалах талаар ямар бодлого барьж байна вэ. Энэ талаар МАН-аас гаргасан цалин тэтгэврийг нэмэх, ажилгүй болсон иргэдээ хамгаалах саналуудаас тогтоолын төсөлд тусгасан, эсэх талаар асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Зоригт, Төрийн байгууллагуудын чиг үүргийн бүтэц, давхардлыг арилгах замаар урсгал зардлыг танана. Ямар зардлыг танах саналаа Засгийн газар оруулах ёстой. Цалин, тэтгэвэр, халамжийн мөнгийг нэмэхэд зориулж 2014 оны төсөвт 200 тэрбум төгрөг суулгасан. Ардчилсан намаас цалин, тэтгэвэр, тэтгэмжийн жил бүр нэмэх бодлого барьж байгаа.

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр гурван асуудал хэлэлцэх байсан ч Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцсээр үдээс өмнөх хуралдаан өндөрлүүлэв. Үдээс хойш 14.30 цагт уг тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.