"Эдийн засгийн бороохой"
Эдийн засгийн дайн нь орчин үед өрсөлдөгчөө буулгаж авах нэгэн арга болжээ
2014.05.01

"Эдийн засгийн бороохой"

Санхүүгийн дайн

Дипломатууд хүчин мөхөсдөхөд дайн тулаан улс төрчдийн хувьд цорын ганц хэрэгсэл болдог байв. Эдүгээ энгийн хүмүүс их мэдээлэлтэй болсон учир суртал ухуулгын арга моодноос гарч дэлхийн гүрнүүд эдийн засгийн тулааны арга барилыг хэрэглэдэг болжээ. Эдийн засгийн хориг арга хэмжээ нь буруушаах, бөмбөгдөх хоёрын хоорондын арга хэрэгсэл болой. Эдийн засгийн хоригийг зохион байгуулахад төвөгтэй, үр дүн нь тэр болгон тодорхой, ойлгомжтой бус. Хориг арга хэмжээнээс болж ямар ч буруугүй энгийн иргэд, мөрөөрөө хуулийн дагуу ажиллаж буй компаниуд хохирох нь элбэг. Орос Крымыг өөртөө нэгтгэсэн, Дорнод Украйныг дээрэлхэж байгаа зэрэг барууны гүрнүүдийн авсан хориг арга хэмжээг ээлжид сорилтын өмнө авчрав.

Нөхцөл байдал

Өнөөдөр санхүүгийн дайн нь шууд дайн тулааныг орлох болсон. 2000 оноос хойш АНУ, Европын холбоо, Австрали, Япон, Израйль, ОХУ, Өмнөд Солонгос болон зарим олон улсын байгууллагууд эдийн засгийн хоригийг Мьянма, Судан, Сири гээд хэд хэдэн улсын эсрэг багаар бодож 20 удаа хэрэгжүүлжээ. Тэр дундаас нэг ч улс гүрэн АНУ-тай эн зэрэгцэхүйц “Эдийн засгийн бороохой”-г хэрэглэж байсангүй. Өнгөрсөн зуунд АНУ нь тухайн улсын улс төрийн бодлогыг өөрчлөх, зэвсэглэлийг зогсоох, эсвэл Засгийн газрыг унагах зорилгоор импорт, экспорт, хөрөнгө оруулалтыг зогсоох, хязгаарлах замаар эдийн засгийн хоригийг 110 удаа хэрэгжүүлсэн байна.

Эдийн засаг хоригоор шийтгүүлсэн улс орнууд

АНУ-ын Сангийн яам 2001 оны есдүгээр сарын 11-ний явдлын дараа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрээр хориг арга хэмжээ авдаг хамгийн идэвхтэй тоглогч болов. Яамны “Цагаан костюмтай партизанууд” 20 орны Засгийн газар, хувь хүн, алан хядагчид, гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг 37 хориг арга хэмжээг авсан байна. Тухайлбал Мексикийн хар тамхины наймаачид, Оросын олигархуудын хөрөнгийг хураасан, Иран, Хойд Солонгостой худалдаа хийхийг хориглосон зэргийг дурьдаж болно. 2010 онд АНУ, Европын холбооны Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ тус улсын эдийн засгийг хүнд дарамтанд оруулж, үндэсний валютын ханшийг унагаж, инфляцийг өсгөжээ.

Түүхийг сөхвөл ...

Улс төрийн зорилгоор хэрэгжүүлсэн хамгийн анхны эдийн засгийн хоригийг Эртний Грект хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал МЭӨ 432 онд Мегара хэмээх хот улс Афинчуудтай худалдаа хийхийг хоригложээ. АНУ-ын Сангийн яам анх удаа Дэлхийн нэгдүгээр дайны өмнө 1812 онд Их Британий эсрэг хориг арга хэмжээ авч байв. АНУ-ын ерөнхийлөгч агсан Вудро Вильсон (Woodrow Wilson) санхүүгийн шахалтын арга хэрэгслийг идэвхтэй ашигласан анхны ерөнхийлөгч юм. Хоригууд дундаас хэд хэдэн улс хамтарч хэрэгжүүлсэн хориг илүү хортой. 1980-аад онд Өмнөд Африкийн апартеидын (арьс өнгөөр ялгаварлан тусад нь амьдруулах) бодлогыг дэлхийн улс орнууд эсэргүүцэж дэлхий нийтээрээ хориг тавьснаар сонгууль болж хар арьстнууд ялалт байгуулж байв.

20 дугаар зууны эхэнд АНУ-ын Японы эсрэг авсан эдийн засгийн хориг эцэст нь Перл-Харборын дайнд хүргэжээ.

Эдийн засгийн хоригийг хэрэгжүүлэгчид

Хамгийн эмгэнэлт үр дагавар авчирсан хориг арга хэмжээг 20 дугаар зууны эхэнд АНУ Японы эсрэг авч байсан юм. Энэ нь хэд хэдэн үйл явдлыг өдөөж эцэст нь Перл-Харборын дайнд хүргэжээ. Иракийн Саддам Хусейны эсрэг авсан арга хэмжээг дэлхийн олон улс бодлогогүй, замбараагүй, ёс суртахуунгүй гэж үздэг. Гэвч эргээд харахад уг хориг Иракт олноор сүйтгэх зэвсэг үйлдвэрлэх явдлыг зогсоож чадсан байдаг.

Яавал дээр вэ?

Оросыг Украйнаас савраа татахыг болиулахад ямар төрлийн хориг тавих тухай маргаанаас харахад эдийн засгийн хоригийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэх хичнээн хэцүү болох нь тодорхой. Европын холбоо Оростой худалдааны нарийн хэлхээ холбоотойн зэрэгцээ Оросоос нийлүүлдэг байгалийн хийгээс хамааралтай учир Оросын эсрэг авах хориг Америкийн болоод Европын компаниудад хортой. Орчин үед эдийн засгийн хориг голдуу нэг объект руу чиглэдэг. Гэхдээ хүнсний болон хүмүүнлэгийн бараанд хамаарахгүй.

АНУ Хойд Солонгос, Кубын эсрэг хориг тавиад хагас зуун жил болж байгаа ч эдгээр улсын бодлого, улс төрийн дэглэмийг өөрчилж эс чадав. Олон улсын байр суурийг хүндэтгэдэг, дэлхийн худалдаа, санхүүгийн системээс ихээхэн хамааралтай ардчилсан болон хагас ардчилсан орнууд хориг арга хэмжээнд хамгийн эмзэг байдаг. Оросын хувьд гэвэл барууны гүрнүүд эдийн засгийн бороохойноос хамгийн томыг нь хэрэглэх нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл дэлхийн банкны систем, зээлийн картын системээс хасах. Ингэвэл Путин зогсож магадгүй. Одоохондоо АНУ, Европын холбоо хоёр өргөн хүрээний эдийн засгийн дайнаас болгоомжилж байна.