Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай 10 замын түгжрэл
Шанхайн түгжрэл
2014.04.29

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай 10 замын түгжрэл

Атланта

Атланта. 2014.01.29.

Энэ оны нэгдүгээр сарын төгсгөлд гэнэтийн их цас Атланта хотыг нөмрөв. Онгоцнуудын рейс хойшлогдов. Сурагчид ангидаа, сургуулийн автобусандаа хонож байв. Худалдан авагчид супермаркетуудад унтаж, жолооч нар хөлдүү зам дээр машинтайгаа гацав. Түгжрэлд орсон машины тоо нэг саяд хүрчээ. Түүгээр барахгүй нэг эмэгтэй түгжээн дунд машиндаа хүүхдээ төрүүлсэн байна. Гэхдээ үүнээс ч аймшигтай түгжрэлүүд хүн төрөлхтний түүхэнд байлаа. Тэднээс есөн тохиолдлыг уншигч таньд сонирхуулъя.

Бетел

Бетел. 1969 оны наймдугаар сар.

Сая гаруй хөгжим сонирхогчид Вудстоксд болсон хөгжмийн фестивалийг зорив. Үүнээс болж Нью-Йорк хотод гурван өдөр үргэлжилсэн урт гэгчийн түгжрээ үүсэв. Түгжирсэн замын уур амьсгал ямар байсан гэж бодно? Зорчигчид мөлхөж буй машинуудын цонхоор цухуйн хууч хөөрч, зарим нь замын хажууд шорлог хийж байв. Нэг хэсэг нь буцаад явахыг оролдсон ч бүтэлгүй машинаа замын дунд хаячихаад цааш явган явжээ. Эцэст нь хагас сая хүн фестивальд оролцож амжив. Гэхдээ энэ нь анх зарласан тооноос хоёр дахин илүү байжээ.

Тэр үед хамгийн алдартай дуучид нисдэг тэргээр хүргүүлсэн байна. Тайзан дээр нэрийг нь дуудсан дуучин замын бөглөөн дунд хараал тавьж байхад зохион байгуулагчид яах ч учраа олохгүй үе олон байлаа.

Хоёр Германы хил орчмын зам

Баруун болон Зүүн Германы хил дээр. 1990 он.

1990 онд хоёр Германы иргэд анх удаа Улаан өндөгний баярын үеэр хил давж хамаатан, садантайгаа уулзах боломжтой болжээ. Гэвч хил орчмын зам дээр 18 сая машин түгжрэлд оров.  Уг түгжрэл хамгийн олон машинтайгаараа Гиннесийн номонд орсон байна.

Чикаго

Чикаго. 2011 оны хоёрдугаар сар.

2011 оны хоёрдугаар сард 50 см зузаантай цас Чикагог хучив. Цасан шуурга оргил цагт таарчээ. Үзэгдэх орчноос болж гарсан ослууд Лэйкшор Драйв хэмээх зам дээрх хөдөлгөөнийг бүрэн зогсоов. Машинуудын хажуугийн шил цасанд дарагджээ.

Хүмүүс цасанд дарагдсан машинуудын өмнө зургаа авахуулж байна.

Нью-Йорк

Нью-Йорк. 2001 оны есдүгээр сар.

Есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхаг нурснаас хойш хэдэн өдрийн турш хотын удирдлага Манхеттен орох, гарах гүүр, хонгилуудыг хааж тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс бусдыг нь хоригложээ. Үр дүнд маш том түгжээ үүсчээ. Ер нь Нью-Йоркод энгийн өдөр явахад хэцүү байдгийг бодоход тэр үед ямар байсныг төсөөлөхөд бэрх.

Бээжин

Бээжин. 2010 оны наймдугаар сар.

Энэ оны наймдугаар сарын 14 нд тээврийн хэрэгсэл олноор зорчдог замуудын засвар, тойрч явахаас зөрүүдэлсэн жолооч нар, тэднээс болж гарсан ослуудын улмаас хойноос урагш чиглэсэн томоохон зам дээр 11 өдөр үргэлжилсэн түгжрэл үүсчээ. 101 км-ын урттай энэ түгжээнд зарим жолооч машиндаа тав хоносон байна. Тэд машиндаа, заримдаа хажууд нь, заримдаа дээр нь, доор нь идэж, унтаж, гар нүүрээ угааж байв. Түгжрэлийн ачаар ердийн үеээс 10 дахин өндөр үнээр халуун хоол, ундааны зүйл жолооч нарт зарсан наймаачид, унтаж буй жолооч нарыг дээрэмдсэн хулгайч нар л баяжив.

Лион-Парисын чиглэлийн зам

Лион-Парисын чиглэл. 1980 оны хоёрдугаар сар.

Олон мянган парисчууд Альпын нуруун дахь өвлийн сууцаа орхиж нийслэл рүү буцах үед цаг агаар муудав. Үр дүнд нь Лион болон Парисын хооронд 175,4 км урттай түгжрэл үүсчээ. Уг түгжрэл Гиннесийн номонд хамгийн урт түгжрэл болж бичигдсэн байна.

Хьюстон

Хьюстон. 2005 оны есдүгээр сар.

Рита нэртэй хар шуурга Техас мужийн том хотуудын нэг Хьюстонд ойртох үеэр шуурганаас зугтаж явсан хоёр сая гаруй хүн I-45 зам дээр түгжрэв. Түгжрэлийн урт 159 км. 37,7 градусын халуунд хүмүүс ангаж, салхины хурд заримдаа 225 км/цаг хүрч байлаа. Гэхдээ түгжрэлд орсон хүмүүсийг аз дайрч Рита хар шуурга зүүн талаар нь өнгөрчээ.

Москва орчмын хурдны зам

Москва. 2012 оны 11 дүгээр сар.

Хүйтэн өвлөөрөө алдартай Оросын хотуудыг цасан шуурга барьц алдуулах тохиолдол бий. 2012 оны 11 дүгээр сарын төгсгөлд хүчтэй цасан шуурга Москва, Санкт-Петербургийн хооронд 201 км-ын урттай гурван өдрийн түгжрээг үүсгэв. Оросын Онцгой байдлын яам жолооч нарт зориулж замын дагуу майхан барьж, халуун хоол цай өгч, сэтгэл зүйчдийг ажиллуулж байв.

Сан-Пауло

Сан-Пауло. 2009 оны зургадугаар сар.

Сан-Паулогийн гудамжинд өдөр бүр мянга мянган шинэ машин нэмэгддэг. Угтаа Бразилийн энэ хот аймшигт түгжрэлүүдээрээ алдартай. Гэвч олон хавар нэгэндээ байдгийн үлгэрээр 2009 оны зургадугаар сарын нэгэн орой хотын замын гуравны нэг нь түгжирч рекорд тогтоов. Ер нь Сан-Паулогийн оршин суугчид түгжрэлд дассан хүмүүс. Зарим нь машиндаа сахлаа хусна, нөгөө хэсэг нь түгжирч зогсохдоо хажуугийн жолоочдоо онигоо ярина. Гэвч түгжрэл хүмүүсийн сэтгэл санаа, бизнесийн амжилтад сөргөөр нөлөөлдөг. Хот доторхи хүргэлтийн үйлчилгээ маш үнэтэй. Тиймээс нисдэг тэрэгний бизнес урьд хожид байгаагүйгээр цэцэглэж байна.