Бид эдийн засгийн таатай нөхцөл бүхий улс орныг хүлээлгэж өгтөл яагаад ийм болов?
Ерөнхий сайд өнөөдрийн чуулганы хуралдаан дээр “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар” мэдээлэл хийлээ. Түүнээс гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Бид эдийн засаг явуулах таатай боломж бүрдсэн улс орон хүлээлгэж өгсөн. Яагаад хоёрхон жилийн дотор макро эдийн засаг ингэтлээ уначихав. Дэлхийн эдийн засаг өсөлттэй байхад яагаад Монголын эдийн засаг зөрж унаад байна вэ. Та “АТГ-аас болоод, МАН-аас болоод, дэлхийн эдийн засгаас болоод” гээд л байх юм. Эдийн засгийн уналт хүндрэлийг давах төлөвлөгөө байна уу?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Дэлхийн эдийн засаг гурван хувиар өсч байхад Монголын эдийн засаг 11 хувь өсчээ. Энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт 3,6 хувьтай болох байх, Монголынх 12 хувь болох байх гэж Олон улсын валютын сан хэлжээ. Эдийн засгийн хүндрэл бэрхшээл байгаа юу гэвэл байгаа. Тэрнийг би Ардын намаас болсон гэж хэлээгүй. Зарим хүний хийсэн үйлдэл буруу байсан учраас гэж хэлсэн. Жишээ нь Чалкогийн өрийг төлж чадахгүй байна. Яагаад өнгөрсөн жилийн нүүрсний олборлолтоос 300 мянган тонноор илүү гарсан мөртлөө мөнгө алга байна вэ гэж асуулаа.
Яагаад хоёрхон жилийн дотор макро эдийн засаг ингэтлээ уначихав. Дэлхийн эдийн засаг өсөлттэй байхад яагаад Монголын эдийн засаг зөрж унаад байна вэ
Олборлолт нэмэгдсэн ч нүүрсний үнэ ноднингоос буурсан учраас зээлээр өгч байгаа. Тиймээс мөнгө нь орж ирээгүй байна. Мөн өмнөх зээлээ өгч чадаагүй байна. 130 орчим сая долларын Чалкогийн өр байна. Тэгэхээр ийм бодит хүчин зүйлүүд байгаа юм шүү. Бид эндээс яаж гарах вэ гэдэг дээр арга ухаанаа нийлүүлж нэгтгэе. Хэн нэгнийг буруутгая гэж би огт хэлээгүй гэлээ.
Мөн тэрээр Засгийн газар нүүрсний компаниудын удирдлагуудыг цуглуулж долоо хоног бүр уулзаж ярилцдаг талаар дурслаа. Ийнхүү уулздаг болсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд монголын талаас хамаарч байсан хүнд суртал бэрхшээлүүдийг бүгдийг нь шийдэж чадсан гэлээ.