Х.Тэмүүжин: Улс төрийн гурван өндөрлөг энэ шинэтгэлийн төлөө хатуу зогсохоо харуулчихсан
“De Facto” нэвтрүүлгийн зочноор Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оролцлоо
- Таныг огцруулах талаар УИХ-ын байнгын хороогоор яриад эхэллээ. Их хурал энэ асуудлыг хэлэлцэх гэж байна. Яагаад ийм байдалд орчихов?
Жам ёсны л үзэгдэл байх. Анх энэ шинэтгэлийг хийхдээ энэ салбарын шинэтгэлд ямар сорилтууд тулгардаг талаарх олон судалгаанууд уншсан юм. Манайтай адилхан шилжилт хийж байгаа орнуудад хамгийн их хүндрэл тулгардаг, бас огцом бөгөөд эрс сонирхолтой шинэ сорилтуудыг үүсгэж байдаг тэр салбар бол хууль хүчний салбар гэж хуучин бидний ярьж заншсан тэр байгууллагуудын шинэтгэл юм.
Яагаад гэвэл тэр байгууллагууд хуучин тогтолцоо дотроо хаалттай. Бид дотроо үндэсний аюулгүй байдалтай холбоотой ч гэдэг юм уу, улс орны суурь эрхтэй холбоотой ч юм уу ажил хийдэг учраас дуртай хүн орж болохгүй гэдэг хаалттай байсан. Хаалттай учраас дотор нь юу болдог тухай хэн ч мэдэхгүй. Ерөнхийдөө иргэд төсөөллийн байдалтай байдаг. Нөгөөтэйгүүр энэ байгууллагууд өөрсдөө үйлчилгээ үзүүлдэг гэдэг дээр ямар ч ойлголтгүй. Бид бол ерөөсөө л тушаадаг, зандардаг, хүч хэрэглэдэг гэж л боддог болохоос биш аюулгүй байдлын үйлчилгээг иргэдэд үзүүлж байна гэдэг хандлага, ойлголт байхгүй.
Хуулийн байгууллагыг өөрчлөхгүй бол энэ хуулийг өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө хэрэгжүүлдэг үзэгдэл өөрөө газар авах гээд байна.
Гуравдахь нь хаалттай, үйлчилгээ үзүүлдэггүй гэдэг утгаараа цэрэгжсэн зохион байгуулалттай. Иргэний бус гэсэн үг. Тэгээд тушаалаар хөдөлнө гэдэг ойлголттой. Ямар нэгэн дүрэм, журам, хуульд захирагдана гэхээсээ илүүтэй даргын шийдвэрийг л биелүүлэх ёстой. Дарга ямар шийдвэр гаргаж биелүүл гэж тушааж байна, тэр нь хуулийн дагуу байна уу, хуульд зөрчигдөж байна уу ерөөсөө хамаа байхгүй. Тэр тушаалыг биелүүлж байж би энд байгаа гэдэг хаалттай орчин дотроо каррерийн тогтолцоотой.
- Ийм байж болохгүй гэсэн ардчилсан бус системийн тухай ярьж байна. Тэгэхээр 1990 онд бидний хийсэн Ардчилсан хүний эрхийг дээдэлсэн, зах зээлийн тэр механизм чинь өөрөө аюулгүй байдлын тусгай үйлчилгээ шаардаад эхэллээ. Эдийн засаг чинь өөрөө зах зээлд шилжчихсэн. Өөрийнхөө жам ёсоор өмчийн харилцаанд өөрчлөлт орчихсон. Тэгвэл энэ харилцаанд таарахгүй байгаа хэрэг үү?
Ерөөсөө энэ хуучин уламжлал тогтолцоо таарахгүй. Яагаад гэвэл хүнд үйлчилдэггүй учраас хэзээ ч тайлагнадаггүй юм уу, эвсэл тэр үйлдэлдээ хянагдахгүй гэсэн үг. Энэ бол өөрөө хэнд тайлагнаж, хэнд хянагдаж, хэний зорилгын үүднээс ажлаа явуулдаг юм бэ гэхээр тэр байгууллагын юм уу, эсвэл тухайн байгууллагын атгаж байгаа эрх мэдэлтэй байгаа тэр хүндээ л тайлагнана. Бас хянагдана. Тэр хүндээ л үйлчилнэ.
Тийм учраас 1992 оноос хойш хувийн өмч чухал болж, хувь хүний эрх чөлөө үнэ цэнэтэй боллоо. Хувь хүн өөрийнхөө амьдралыг зохиож, төлөвлөнө гэдэг нь төрийн зохиож байгаа амьдралаас илүү чухал шүү гэдэг үнэт зүйлийн баримжаа өөрчлөгдлөө. Энэ баримжаа тэлээд энэ үнэт зүйл дээр суурилаад нийгэм хөгжөөд ирэхээр аяндаа хууль хүчний, цэрэгжсэн гэгдэх зохион байгуулалттай байгууллагуудын өөрчлөлтийг шаардаад эхэлж байгаа.
- Энэ өөрчлөлтийг урьд нь шаардаагүй юу, шаардаж л байсан ш дээ? Яагаад хийгдэхгүй байгаа юм. Эсвэл удсан юм уу. Ямар учиртай юм бэ?
-Энэ байгууллагуудыг яаж өөрчлөх вэ гэдэг хангалттай сайн бодлого байсангүй. Энэхүү байгууллагуудыг өөрчилнө гэдэг хүссэн хүсээгүй энэ байгууллагууд дотор байгаа эрх мэдэлтэй, нөлөөтэй, эсвэл хуучин арга барилтай нь тэмцэнэ гэсэн үг. Маш олон эрх мэдэлтэй хүмүүсийн дургүйг хүргэнэ. Тийм учраас ийм хэмжээний эр зориг байсан эсэхийг мэдэхгүй байна.
Энэхүү байгууллагуудыг өөрчилнө гэдэг хүссэн хүсээгүй энэ байгууллагууд дотор байгаа эрх мэдэлтэй, нөлөөтэй, эсвэл хуучин арга барилтай нь тэмцэнэ гэсэн үг.
Ямар ч байсан улс төрийн нөхцөл байдал энэ цаг үед бүрдсэн. Яагаад гэвэл УИХ-д “Хуульд ийм чиглэлийн шинэчлэл хийнэ” гэж амлалт өгөөд сонгогдсон улс төрийн намын олонх болчихсон. Энэ нийгэмд байгаа шударга бус зүйлүүдтэй хатуу тэмцэнэ гээд хэлчихсэн “Шударга ёс” эвсэлтэйгээ нэг том эвсэл болчихсон. Дээр нь засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн улс төрийн гурван өндөрлөг энэ шинэтгэлийн төлөө хатуу зогсохоо харуулчихсан. Тэгэхээр улс төрийн хувьд хүсэл эрмэлзэл үүсч, орчин бүрдчихлээ.
Олон нийтийн зүгээс энэ хуулийн байгууллагууд өөрчлөгдөхгүй юм уу, хэн дуртай нь хүний эрх, эрх чөлөө рүү халдаж, хорьж, цагдаж, шоронд хийдгээ болихгүй юм уу, хувийн өмчийг тонон дээрэмдэж болж байгаа юм уу гэсэн асуудал иргэдийн дунд байнга яригддаг. Одоо ч бүр хурцаар илэрч байгаа. Яах аргагүй энэ хуулийн байгууллагыг өөрчлөхгүй бол энэ хуулийг өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө хэрэгжүүлдэг үзэгдэл өөрөө газар авах гээд байна.