Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналыг байнгын хороо хэлэлцсэнгүй
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай саналыг О.Баасанхүү гишүүн УИХ- ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх учиртай. Харин өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хороогоор Х.Тэмүүжин сайдын асуудлыг авч хэлэлцээгүй юм.
О.Баасанхүү гишүүний өргөн барьсан санал дурдагдаагүйд “зарга” мэдүүлэв. Тэрбээр горимын саналдаа “Миний бие Хууль зүйн сайдыг огцруулах төслийг УИХ-д өргөн барьсан. Долоо хоногийн хугацаанд энэ асуудлыг авч хэлэлцэх хуультай. Мөн миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуульд холбогдох хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулахаар санал өгсөн. Хууль зүйн сайд өөрөө намайг тагнаж чагнаад байна гээд яриад явж байна. Энэ мэт хувь хүний эрхийг хуулиар хангаж өгмөөр байна. Гэтэл холбогдох хууль тогтоомжуудыг гацаагаад байгаа нь түвэгтэй байна” гэлээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “ ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэсэн заалтыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Байнгын хорооны гишүүн З.Энхболд “Сайдын асуудлыг долоо хоног болоогүй учраас жич авч хэлэлцье” гэсэн санал гаргав. Ингээд Ш.Түвдэндорж дарга “Х.Тэмүүжин сайдын асуудлыг ирэх даваа гаригаас өмнө хэлэлцэнэ. Одоогоор бид материалтай нь танилцаагүй байна. Мөн намын бүлэг энэ асуудлаар хуралдана гэсэн санал ирсэн. Тиймээс энэ удаагийн хуралдааны хэлэлцэх жагсаалтад оруулсангүй” гэлээ.
Ингээд Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Тодруулбал, Хуульчид өөрсдийн дунд гарсан мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхэд оруулж, давж заалдах эрхгүйгээр таслах тухай заалт нь Үндсэн хуулийн давж заалдах эрхийг зөрчсөн тухай маргаан аж.
Захиргааны шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэжээ. Харин байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Д.Лүндээжанцан нар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авахаас өөр аргагүй гэсэн саналтай байлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэдэнтэй нэг саналтай байв.
Ингээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “ ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэсэн заалтыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.