Өршөөлийг Гэмт хэргийн хуулиар сольсон Х.Тэмүүжин сайд
Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгон өөрчлөх эсэхийг хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хууль хэрэгжвэл шоронд ял эдлэх хүмүүсийн тоо хоёр дахин багасах юм. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хууль гарах шаардлагагүй болчихож байна гэсэн үг. Иргэнийхээ эрх ашиг эрүүл мэндийг дээдэлж, шоронжсон нийгмээс ангид байх тэр зарчимд тулгуурласан Гэмт хэргийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан билээ. Нэлээд хүлээлт дагуулсан уг хуулийн төсөл олны анхаарлыг татаад байгаа юм.
Энэ мэт цагдаа, шүүх гээд хуулийн салбарт олон шинэчлэлийг зоригтой хийж яваа хүн бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин. Хуулийн салбарт гарсан үсрэнгүй өөрчлөлтүүд түүний хийсэн ажлуудыг шуудхан тодотгоно. Өмнөх сайд нараас үүгээрээ л ялгагдах гавьяатай нэгэн. Тиймээс амралтын дугаарынхаа "Өдрийн зочин" булангаар Хууль зүйн сайд Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг онцолж байна.
Юун түрүүнд эрхэм сайдын хүүхэд ахуй насыг сонирхуулъя. Түүний бага нас бусад хүүхдүүдийн л адил өнгөрчээ. Эрэгтэй хүүхдүүд ямар хөдөлгөөнтэй байдаг билээ дээ. Х.Тэмүүжин сайдын балчир нас яг л тийм байж. Тэвэг, бөмбөг өшиглөж, чавхаар харваж тоглодог байсан тухай унаган багын найзууд нь ярих юм билээ.
Тэмка сайдын хүүхэд насны хөөр баяр, дурсамжтай гэгээн өдрүүд бүхэн нь Төв аймагтай салшгүй холбоотой гэсэн. Тэрбээр тус аймгийн Зуун мод сумын уугуул. 1971 оны гуравдугаар сарын 20-нд Хишигдэмбэрэл гуайн ууган хүү болж төржээ. Жижигхэн биетэй ч хөдөлгөөнтэй сэргэлэн хүү байсан нь түүний одоогийн амжилтаас тодхон харагддаг. Төв аймгийн II дунд сургуулийг 1989 онд дүүргээд шууд их сургуульд элссэнгүй. Айлын том, амьдралын төлөө багаасаа хэрсүүжсэн учраас ганзагын наймаа хийж байсан гэдэг.
Х.Тэмүүжин сайд намхан нуруутай ч сайхан бие хаатай гэж хүүхнүүд шивэр авир хийх нь бий. Үүний нууц нь хэнд ч дээрэлхүүлэхгүй гэсэндээ хүч чадлын спорт боксоор хичээллэж явсных ажээ. Тэрбээр хуулийн чиглэлээр 1994 оноос эхлэн суралцсан юм. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1998 онд төгсөөд сургуульдаа хэсэг багшилжээ.
Гадаадад сургуульд суралцаагүй ч орос, англи хэлний мэдлэг нь хэний ч дор орохооргүй. Х.Тэмүүжин сайдын улс төрд тодрохоос өмнө хашиж байсан албан тушаалууд нь дандаа л удирдах ажил. Тухайлбал, "Нээлттэй академи" ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг албан тушаалтай байв.
Х.Тэмүүжин сайд бол Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын залгамж халаа юм. Тэдний дараагийн үе нь энэ намд тасалдахад шинэ залуучуудын гол төлөөлөгч болж Х.Тэмүүжин гарч ирсэн нь саяхан. Тэрбээр анх 2008 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж, ялалт байгуулсан юм.
Сурсан эрдмийнхээ шимийг хүртэж, Монголын шилдэг залуу хуульчдын нэг болсон тэрээр Хууль зүйн сайдаар томилогдсон билээ.
Чуулганы танхимын хуралдааны үеэр хууль эрх зүйн талаар зоригтой дуугарч, салбарын сайдын өөдөөс хатуухан үг хэлж, шүүмжилчихдэг байв. Энгийн атлаа нээлттэй, ард түмнийхээ төлөө дуугардаг ийм л хүү бидэнд хэрэгтэй гэж сонгогчид түүнийг 2012 оны УИХ-ын сонгуульд улираан сонгосон. Сурсан эрдмийнхээ шимийг хүртэж, Монголын шилдэг залуу хуульчдын нэг болсон тэрээр Хууль зүйн сайдаар томилогдсон билээ.
Залуухан, эрч хүчтэй, шударга бас дэгжин түшээдийн тоонд ордог эрхэм сайдын маань гэргийг Жаргалмаа гэдэг. Тэд адилхан хуульч мэргэжилтэй. Арван жилд байхын бие биедээ сэтгэлтэй болж, ханилсан хос маань гурван хүүхдийн ээж, аав болсон юм. Одоо Х.Тэмүүжийн сайдынх нэг охин, хоёр хүүтэй. Эдний гэр бүлийн гол зарчим нь амьтны амь таслахгүй байх. Тиймдээ ч Тэмка сайд УИХ-ын бусад гишүүдийн адил сархад хөнтөрдөггүй, морь уядаггүй, ан хийдэггүй, гольф тоглодоггүй юм.
Ямартай ч түүнийг хууль хүчний салбарт олон шинэчлэл хийнэ гэсэн хүлээлттэйгээр ард түмэн харж байгаа билээ