Х.Бат-Ялалт: Х.Тэмүүжин шинэчлэл нэрийн дор бүх эрх мэдлийг өөртөө авахаар санаархаж байна
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаар өнөөдрөөс эхэлж Чингисийн талбайд суулт хийхээр болоод байгаа юм байна. Чухам ямар үндэслэлээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах гэж суулт хийж байгаа талаар нь түүнтэй ярилцсан юм.
-Та ямар учраас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцрох ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Хууль зүйн салбарт шинэчлэл хэрэгтэй гэж ярилцаж явсан нэгэн үеийн хуульчдын хувьд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд болоод шинэчлэл ярьж эхлэхэд нь дэмжиж байсан. Гэхдээ түүнийг шинэчлэлийн бодлогоо танилцуулж эхлэх үеэс нь л “Нэг л биш болчихлоо” гэж тухайн үед нь хууль зүйн шинэчлэлийг хэрхэн хийх ёстой талаар ярилцахаар мэтгэлцээнд дуудаж байлаа.
Харамсалтай нь эрх мэдэл гэдэг хүнийг эвддэг юм байна. Таван ч удаа хүргүүлсэн урилгыг маань эрхэм сайд хүлээж аваагүй. Х.Тэмүүжин сайд “Хууль өөрчлөөд л бүх зүйл сайхан болно. Үр дүн 10 гаруй жилийн дараа гарна” гэж яриад байх юм. Гэтэл түүний санаачлаад батлуулсан хуулиуд нь хоорондоо зөрчилтэй, төрийн албаны хэвийн үйл ажиллагаа, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан, хүний эрхийг доройтуулсан маш олон зохицуулалттай байна.
Тухайлбал, Хуульчдын холбоо гэдэг нэртэй хуйвалдааны байгууллага байгуулж хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Ингэснээр хэнээс ч хараат бусаар хүний эрхийн төлөө ажиллах ёстой өмгөөлөгч гэдэг хүнийг төрийн шууд хараат байдалд оруулчихаж байгаа юм. Өмгөөлөх эрхээ олж авах гэж зовдог хуульчид эрхээ алдахгүйн тулд төрийн захиргааны байгууллагын дарамт шахалтын дагуу ажиллахаас өөр аргагүй байдалд орсон.
-Үүнийгээ тодруулахгүй юу?
-Иргэн хүн хууль зүйн туслалцаа авах гээд өмгөөлөгч хайлаа гэж бодъё. Тэр хүн хуульчдын холбооны гишүүн, шүүхэд заавал бүртгэгдсэн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх ёстой болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөх эрхээ алдана гэж айгаад шүүгч, прокурорын өөдөөс үг хэлэх чадваргүй болчихсон хүмүүс л одоо өмгөөлөл хийх эрхтэй гэсэн үг л дээ.
Үүний тод жишээ нь Өмгөөлөгчдийн холбоо гэсэн нэрийн дор өмгөөлөгч нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Хууль зүйн сайдынхаа хийж байгаа ажлыг магтаж, улстөржсөн байх аа. Энэ бол өмгөөлөгч, хуульчид маань цаагуураа төрөөс хараат байдалд орсны л илрэл. Энэ бол хүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулах зорилгоос Монгол улсыг ухруулсан Х.Тэмүүжингийн нэг алхам гэж би харж байгаа.
-Х.Тэмүүжинг огцруулах өөр ямар шалтгаан байна вэ?
-Х.Тэмүүжин хууль зүйн салбарыг шинэчлэх нэрийн дор бүх эрх мэдлийг өөртөө авах гэж санаархаж байна. Хуулийн хэллэгээр халхавч хийж байгаа гэхүү дээ. Ямар нэгэн зүйлийг хүсэж байгаа атлаа түүнийгээ далдалж, өөр олон асуудал дор нууж байгаад зорилгодоо хүрдэг гэсэн үг. Х.Тэмүүжин багш байсан болохоороо их сайхан ярьж, хүмүүсийг төөрөлдүүлээд байгаа юм. Гэтэл Тахарын албаны тухай хууль гэгчийг батлуулж, Тахарын алба гэгчийг байгууллаа.
Энэ бол Хууль зүйн сайдын эрхлэх асуудлынхаа хүрээнд бүх эрх мэдлийг төвлөрүүлж байгаа нэг л жишээ. Өмнө нь Засгийн газарт Цагдаагийн газрын дарга үйл ажиллагаагаа тайлагнадаг байсан бол өнөөдөр зөвхөн Хууль зүйн сайдын өмнө л тайлбарлаж байх жишээтэй. Цагдаагийн байгууллага нэгдмэл зохион байгуулалттай байсныг болиулж орон нутгийн цагдаагийн газрын даргыг томилох асуудлыг орон нутгийн Засаг захиргаанд шилжүүлсэн нь Үндэсний аюулгүй байдлыг үгүй хийх эрсдэл үүсгэж байгаа.
Хуулийн хэллэгээр халхавч хийж байгаа.
Тухайлбал, Баян-Өлгий аймаг уул, усаа хүртэл казакаар нэрлээд нэг хэл соёлтой байх гэдэг зарчмыг алдагдуулчихсан байгаа. Тэнд өнөөдөр аймгийн Засаг дарга нь цагдаагийн газрын даргаа томилоход юу болох вэ. Аймгийн Засаг даргынх нь мэдэлд бүхэл бүтэн арми шилжиж байна гэсэн үг. Үүнийг ашиглаж ямар ч аргаар эрх мэдэлд хүрэхийг хэн ч мэдэхгүй.
Ийм нөхцөл байдал үүсчихээд байгааг Х.Тэмүүжин сайдад анхааруулмаар байна. Хоёрдугаарт Дотоодын цэргийг татан буулгачихлаа. Цагдаагийн байгууллага, Дотоодын цэргийн эрхлэх үйл ажиллагаа маш өөр байсныг хүн бүр л мэддэг. Муугаар бодоход өнөөдөр Монгол Улсад дотоодын үймээн самуун дэгдлээ гэхэд Дотоодын цэрэггүйгээр зөвхөн цагдаагийн хүчээр асуудлыг зохицуулна гэдэг асуудалтай болж байгаа юм.
Цэргийн хүч хэрэглэхээс өөр аргыг бидэнд үлдээсэнгүй. Энэ бүхнийг ямар зорилготойгоор хийгээд байгаа юм гэдгээ Х.Тэмүүжин сайд тайлбарлах ёстой. Үүнээс гадна гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын тоог нэмэгдүүлж байгааг би буруутгаж байгаа.
-Ямар учраас тэр вэ. Одоо хэчнээн байгууллага гүйцэтгэх ажил эрхэлдэг юм. Хэчнээн ийм байгууллага нэмэгдэх гээд байгаа гэж?
-Одоогоор манайд гүйцэтгэх ажил эрхэлдэг зургаан байгууллага бий. Энэ тоо ихэднэ үү гэхээс багадахгүй гэдгийг Х.Тэмүүжин сайд сайн мэдэж байгаа. Үүн дээр нэмж Тахарын алба, Мөрдөх алба гэгчийг байгуулаад Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрыг, мөрдөх ажил эрхлэх статустай болгочихсон.
Гүйцэтгэх ажил гэдэг нь бусдыг тагнаж, чагнаж, мөрдөх онцгой эрх юм. Ийм онцгой эрхтэй байгууллага олон байх тусам эмх замбараагүй байдал үүсэж, нэг нэгнээ тагнах, чагнах, мөрдөх боломж бүрдэнэ. Нэг нэгнээ мөрдөж, чагнаад, элсүүлээд явах ажил ихэдвэл дарангуйллын тогтолцоо бий болно. Бид яг л ардчилсан солонгос улсын замналаар хөгжих гээд байна шүү дээ.
-Х.Тэмүүжин сайд харин ч үүний эсрэг байдаг юм биш үү. Саяхан өөрийг нь “Тагнаж, чагнасан байна” гэж мэдэгдээд байсан шүү дээ?
-Цагдаагийн байгууллагынхан өөрийг нь тагнаж, чагнасан байна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байсныг нь би уншсан. Цагдаагийн байгууллагынхан өнөөдөр сэжиглэх ёстой мэдээлэл олсон л бол хэн ч байсан хамаагүй шалгах ёстой. Монгол Улсын хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гээд Үндсэн хуульдаа заачихсан шүү дээ. Гэтэл энэ бүхнийг мэдсээр байж Хууль зүйн сайд нэр зүүчихээд түүнд эмзэглээд миний шинэчлэлийг эсэргүүцэж иймэрхүү асуудал босгож байна гэж гүтгэлгийн шинж чанартай зүйл ярьж байгаад нь үнэхээр харамсаж, өмнөөс нь ичиж байгаа.
-Дотоодын цэргийг цагдаагийн байгууллагад нэгтгэснээр тэнд ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудын цол, хангамж нь буурснаас болоод Х.Тэмүүжин сайдын эсрэг асуудал үүсгээд байгаа гэсэн яриа гарсан байна билээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Дотоодын цэргээс цагдаагийн байгууллагад шилжиж ирж байгаа маш олон хүн алба үүргээсээ татгалзахад хүрч байгаа гэдэг судалгаа гарсан байна билээ. Цэргийн цолыг нь бууруулж байгаатай энэ нь холбоотой байж ч мэдэх юм. Учир нь цол гэдэг чинь тухайн хүмүүсийн хувьд их эмзэг асуудал юм.
Дотоодын цэргээс цагдаагийн байгууллагад шилжиж ирж байгаа маш олон хүн алба үүргээсээ татгалзахад хүрч байгаа гэдэг судалгаа гарсан байна билээ.
Цагдаа, цэргийн алба гэдэг бол маш хүнд алба. Дайчдыг урамшуулж, зоригжуулж байж л ялалт байгуулдаг шүү дээ. Тиймээс энэ хүнд ажлыг хийгээд явж байгаа хүмүүсийн хувьд цол гэдэг маш нандин зүйл аж. Гэтэл тэр нандин зүйлээр нь тоглоод цагдаагийн байгууллагад ажиллах итгэлийг нь мохоож, үгүй хийж байна. Энэ бүхнийг өмнө нь тооцоолсон байх гэж би бодож байгаа.
Магадгүй санаатайгаар хийгээд байгаа ч юм бил үү гэж хардах үндэслэл байна. Цагдаад ажиллах сайн хүний нөөцийн зоригийг мохоох нь хэнд ашигтай вэ гэдгийг бодох ёстой. Х.Тэмүүжин сайдыг УИХ-ын гишүүн болсныхоо дараа гадны тагнуулын байгууллагынхантай уулзсан тухай мэдээлэл дээрх хардлагыг маань улам ч лавшруулж байгаа. Тэр хүн хэний төлөө ажиллаад байгаа юм бэ. Үүнийгээ өөрөө тайлбарлах ёстой.
-Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн сайд болоод томоохон хэргүүдийг илрүүлсэн биш үү. Тухайлбал, МИАТ-ын хэрэг байна. Өмнө нь бол энэ хэрэг илрэхгүй байсан байх. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого өнөөдөр Монгол Улсад алга. Цагаан захтнуудтай холбоотой гэмт хэрэг Монгол Улсыг аалзны тороор хэрчихлээ. Өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг илрүүлж байгаа мэт дүрийг сайн бүтээсэн гэдгийг би хүлээн зөвшөөрнө. МИАТ-ын хэрэг гэгчийг илрүүлсэн үү, гэвэл тийм.
Гэхдээ дээд шатны шүүхэд очоод хэрэгтнүүдийнх нь ял яаж хөнгөрлөө. Үүнтэй төстэй хэн ч шалгаж чаддаггүй, олигархиудын холбогдсон хэрэг дарагдаад л өнгөрч байгаа шүү дээ. Энэ байдал засагдах шинж огтхон ч алга.
-Та Х.Тэмүүжин сайдыг хэд, хэдэн гэмт хэрэгтэй холбогдсон байж болзошгүй гэж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар нэлээд мэдээлсэн ч нэг нэг үйлдэл дээр нь тогтож ярьмаар санагддаг юм. Энэ хүн хүүхдээ үрчлүүлж л гэж ярьж байгаа болохоос биш ямар цаг хугацаанд ямар учраас үрчлүүлэв гэж хэн ч тогтож ярихгүй байна. Би өөрөө гэмт хэрэг судалдаг хүний хувьд дүгнэлт хийж үзсэн.
Х.Тэмүүжин сайд болохоосоо өмнө 2012 оны долоодугаар сард хүүхдээ MCS группын хувьцаа эзэмшигч Элдэв-Очирт үрчлүүлсэн байдаг. Тэр бол Засгийн газар байгуулагдах гэж байсан үе. Тийм үед сайдад нэр дэвшиж байсан хүн хүүдхээ хууль бусаар үрчлүүлэх гээд байж байсан нь ёс зүйн хувьд байж болохгүй зүйл.
Нөгөөтэйгүүр, хүүхдээ гадаадад сургуульд сургахын тулд хүнд хүүхдээ үрчлүүлнэ гэдэг бол гэр бүлийн хувьд эмзэг асуудал. Тийм л их хүүхдээ гадаадад сургах гээд байсан юм бол “Нэг ардчилал” клубынх нь гишүүн Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны сайд хийж байхад асуудалгүй байх байсан юм биш үү. Тэгэхээр үүний цаана эдийн сонирхол байгаа гэж би шууд хэлэх гээд байгаа юм.
Би хардах эрхээ эдэлж ингэж хэлж байгаа юм. Ямар учраас эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж байсан барилгыг албан байгууллага болгох гэж улайран зүтгэв гэдгийг ч бодох ёстой. MCS групп яг тэр эмнэлэгтэй ижилхэн оношлогоо хийдэг эмнэлэг байгуулсан шүү дээ. Х.Тэмүүжин ямар учир тэр группын хувь эзэмшигчид хүүгээ үрчлүүлсэн бэ гээд хөөгөөд үзэхээр хүүхдийнхээ нэр дээр гадаадад Элдэв-Очироос их хэмжээний мөнгийг үр хүүхэддээ шилжүүлж байгаа хэлбэрээр авсан байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Гадаад улсад их хэмжээний хөрөнгөө үр хүүхэддээ тасалж өгөхөд ямар нэгэн дарамт шахалт байдаггүй байх л даа. Энэ бүхнийг манай хуулийнхан нягтлах ёстой.
-Та ер нь Х.Тэмүүжин сайдад гомдож явдаг юм уу, аль эсвэл дургүй юм уу. Таныг ингээд яриад эхлэхээр хүмүүс ингэж хардах байх л даа?
-Би Х.Тэмүүжин сайдтай ямар нэгэн хувийн холбоогүй. Шинэчлэл нэрийн дор өөр ажил хийгээд байхаад нь л шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Ажил хийж байгаа дүр үзүүлж болно. Гэхдээ тэр нь иргэдийн эрх ашигт нийцсэн байх ёстой. Бидний асуудлыг шийднэ гэж амлалт өгч УИХ-д гарсан хүн бидний асуудлыг шийдэхгүй өөр зүйл хийгээд яваад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, би цуйван идэх захиалга өгчихөөд байхад өөдөөс бантан өгөөд байна шүү дээ. Ийм байхад яаж дуугүй хараад суух юм бэ. Ийм олон баримтуудаас дүгнэлт хийхэд энэ хүн Хууль зүйн сайд байж чадахгүй гэдэг гаргалгаа гарч ирээд байгаа юм.