Иргэдийн шударга шүүх ТББ-ын захирал Х.Бат-Ялалт
2014.04.18

Х.Бат-Ялалт: Хуулийн гажиг тогтолцооноос болж иргэд хохирч байна

Хуульчдын холбооноос шүүхийн шинэтгэлийн тухай хуулийг ямар ч өө сэвгүй сайн хууль болсон. Тиймээс  яаралтай  батлах хэрэгтэй гэсэн. Тэгвэл “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хуульчид өөрсдөө хэтэрхий нэг талыг баримталсан мэдээлэл хийж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байна. Тэрээр хууль зүйн сайд Х.Тэмүүжинг салбарын шинэчлэл нэрээр бүх эрх мэдлийг өөрийн гарт эргүүлэх гэж улайрч байгааг онцоллоо.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: “Хууль зүйн сайд эрх мэдэлд автаж болохгүй. Тэгэхээр монгол улсын иргэн хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрх ,эрх чөлөө гэдэг хүнээсээ холдоод явчихлаа. Энэ хүний эрх дордоод байгаа болохоос дээрдээд байгаа юм биш. Дээр нь өмгөөлөгч, хуульчид дээд удирдлагаасаа айгаад тэд нарт долигносон, бялдуучилсан, тэднийг дэмжсэн мэдэгдэл хийж байгаа нь өнөөдөр хууль зүйн салбарыг дампууруулна.”

Түүнчлэн Х.Бат-Ялалт төрийн гурван өндөрлөгтэй уулзаж хуулийн шинэчлэлийн талаар санаа бодлоо илэрхийлэх үүднээс хоёр ч удаа уулзах хүсэлт тавьжээ. Гэвч хүлээж аваагүй учраас дахин уулзах хүсэлт илгээж хууль зүйн шинэчлэл гээд байгаа хирнээ цаагуураа улс орны аюулгүй байдалд нөлөөлж байгаа асуудлыг ярилцах хүсэл тавьжээ.

Гэмт хэрэгтэй нь тогтоогдоогүй байхад  олны анхаарал татсан хэргүүдийг хэвлэлээр хийх зэрэг бусдын эрх, чөлөөнд халдах эрхийг Х.Тэмүүжин сайдад өгөөгүй

Өөрөөр хэлбэл хуулийн гажиг тогтолцооноос болж иргэд хохирч байгаа учраас эсэргүүцэж байгаа хэлж байна. Хуульчид, өмгөөлөгчид нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн талд дуугараад эхэлсэн учраас иргэний нийгэм, ТББ-ууд дуу хоолойгоо хүргэхээс өөр аргагүй гэж онцолж байна.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийг аваад үз. 20-хон хүний бүрэлдэхүүнтэй байсан газар 150 гаран хүний бүрэлдэхүүнтэй данхагар бүтэцтэй болчихсон байна. Дээр нь өнөөдөр цагдаагийн байгууллагын удирдлагыг цомхон байлгана гээд яриад байсан. Өнөөдөр 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан цагдаагийн байгууллага 160 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болчихлоо.

Энэ мэт хийж, хэлж байгаа хоёр үйлдэл нь зөрж байгаа тохиолдолд бид эсэргүүцэхээс өөр аргагүй. Дээрээс нь Х.Тэмүүжин сайд  өнгөрсөн хугацаанд шүүхээс буруу шийдэгдсэн шийдвэрүүдийг зөвтгөх ажлыг огт хөндсөнгүй. Мөн албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого байхгүй. Зүгээр л үүнийг шоу болгож хувиргаж байна. Жишээ нь, гэмт хэрэгтэй нь тогтоогдоогүй байхад  олны анхаарал татсан хэргүүдийг хэвлэлээр хийх зэрэг бусдын эрх, чөлөөнд халдах эрхийг Х.Тэмүүжин сайдад өгөөгүй”гэж Х.Бат-Ялалт хэлэв.

Хуулийн хүрээнд тав хоногийн хугацаанд хариу өгөхгүй бол бусдын жишгээр жагсаал хийнэ. Цаашилбал, өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.