Элчин сайдуудыг шинээр томилох саналыг дэмжлээ
Элчин сайдуудыг шинээр томилох саналыг дэмжлээ
2014.04.17

Элчин сайдуудыг шинээр томилох саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы /Пүрэв гараг. 2014.04.17/ хуралдаан 09.45 цагт гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хэлэлцэх асуудлын дарааллыг Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Хуралдааны эхэнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцлөө. Танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц. Оюунбаатар танилцуулав.

 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг тус тус томилохыг дэмжсэн байна.

 Чулуунбаатарын Сосормаа 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эмэгтэй. Нөхөр, хоёр хүүхэдтэй. 1975-1985 онд Ерөнхий боловсролын дунд сургууль, 1985-1988 онд ЗХУ-ын Смоленск хотод багшийн сургууль, 1988-1995 онд Улсын багшийн их сургууль, 2002-2005 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг тус тус төгссөн. Магистрын зэрэгтэй. Сэтгэл зүйч, судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Нэр дэвшигчдийн тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн хийлээ.

1992-1995 онд Багшийн сургуульд Сэтгэл судлалын багш, 1995-1996 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд сэтгэлзүйч, 1996-2001 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, 2006-2010 онд Улс төрийн боловсролын академийн дэргэдэх Нийгмийн ухааны Либерти дээд сургуулийн багш, судлаач, 2008-2010 онд Захиргааны шинэ санаачилга ТББ-ын захирал, 2010 оноос одоог хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

  Шагдарын Батцэцэг 1961 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. 53 настай, эмэгтэй. Хоёр хүүхэдтэй. 1984 онд Орос хэлний багшийн дээд сургууль, 1988 онд Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургууль, 1995 онд Хүмүүнлэгийн их сургууль, 2000 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн академи, 2002-2003 онд Израйль Улсын Жижиг бизнесийн удирдлага, 2004 онд Энэтхэг Улсын Боловсролын удирдлага, 2008 онд Итали Улсын Хүний нөөцийн удирдлага, 2010 онд АНУ-ын Бодлого, судалгааны удирдлага, 2011 онд АНУ-ын Вержинийн их сургуулийн Ардчиллын Манлайллын сургалтыг тус тус төгссөн. Бодлого судалгааны удирдлагын магистр, Боловсролын удирдлагын доктор цолтой. Жижиг, дунд бизнесийн удирдлагын менежер, багш мэргэжилтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.

1984-1992 онд Төв аймгийн Эрдэнэсант, Зуунмод сумын 10 жилийн дунд сургуульд багш, 1993-2004 онд Зуунмод коллежийн үүсгэн байгуулагч, захирал, 2003-2005 онд Олон улсын Ротари байгуллагын бүсийн захирагч, ерөнхийлөгч, 2004 оноос одоог хүртэл АЭХ-ны дэд тэргүүн, 2005-2006 онд НХХЯ-ны Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, зохицуулалтын газрын дарга, 2006-2008 онд Монголын ажил олгогч эздийн холбооны зөвлөх, гадаад харилцааны албаны дарга, 2008 оноос одоог хүртэл Эй Би Ай бодлого судалгааны хүрээлэнгийн захирал, 2009 оноос одоог хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2013 оноос одоог хүртэл МҮОНРТ-ийн Үндэсий зөвлөлийн гишүүн, Дэлхийн банк-Үндэсний зөвлөхөөр тус тус ажиллаж байна.

 Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Ё.Отгонбаяр, Л.Эрдэнэчимэг, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын тавьсан асуултад Гадаад хэргийн сайд Л.Болд хариулт өглөө.

  Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, өнөөдөр Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайдаар эмэгтэйчүүд томилогдож байгаад баяртай байна. Сүүлийн үед дэлхий нийтэд сайн засаглалыг тогтооход эмэгтэйчүүдийн оролцоог илүүд үздэг болсон. Монгол Улсад эмэгтэйчүүдийн оролцоо үргэлж бага байсан салбар бол гадаад харилцааны салбар. Өнөөдөр чадалтай, чадвартай, нийгмийн идэвхтэй хоёр эмэгтэйг Элчин сайдаар томилох гэж байгаа нь энэ асуудлыг өөрчилж байна гэж үзэж байна гээд Элчин сайдад нэр дэвшигч нарт амжилт хүслээ.

Элчин сайдад нэр дэвшигч /баруунаас/ Ч.Сосормаа, Ш.Батцэцэг нар.

  Гишүүдийн асуулт хариулт дууссаны дараа гишүүд үг хэлсэн. Ж.Батзандан гишүүн , монголын төр эмэгтэйчүүдийн идэвх, нийгмийн оролцоог дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Энэ хоёр эмэгтэй чадвартай, мэдлэгтэй, нийгмийн идэвхтэй, монголыг гадаадад төлөөлж чадна гэж үзсэн учраас томилогдох гэж байна. Гадаадад улс орноо төлөөлж Элчин сайдаар томилогдоно гэдэг тухайн улсын хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх мэдээллийг иргэд олон нийтэд дамжуулна гэсэн үг хэмээсэн бол Б.Болор гишүүн хэлсэн үгэндээ, Элчин сайдад томилох нэр дэвшигчдийг мэдлэг, чадвараар нь үнэлж байгаа. Харин эмэгтэйчүүдийг Элчин сайдаар томилон явуулж байгаа нь эрэгтэйчүүдээс илүү үйл ажиллагаа явуулж, харилцаанд сайн нөлөө үзүүлж чадна гэж үзэн туйлширч болохгүй.

Бразил Улсын хувьд манай улсаас Өмнөд Америкт нээж байгаа анхны Элчин сайдын яам. Элчин сайдын яам нээгдсэнээр тус улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа юм. Ж.Батзандан гишүүний хэлснээр нэр дэвшигч хоёр эмэгтэй маань энэ ажлыг хийж гүйцэтгэх бүрэн чадвартай гэж үзэж Элчин сайдаар томилогдох гэж байна. Иймд мэргэжлийн бус гэж ялгаварлах бус дэмжих хэрэгтэй гэлээ.

 Гишүүд үг хэлж дууссаны дараа нэр дэвшигчдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг томилох санал 88,6, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг томилох санал 98,6 хувийн саналаар тус тус дэмжигдлээ.

 Гишүүдийн дийлэнх олонхийн саналыг авч Элчин сайдаар томилогдохоор болж байгаа нэр дэвшигчдэд Улсын Их Хурлын дарга баяр хүргэж , цаашдын ажилд нь амжилт хүслээ