Ч.Улаан: Хүнд сорилтууд тулгараад байна
Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын сайдууд 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулт өгдөг шууд холбоог үүсгээд байгаа. Тэгвэл энэ удаагийн 11-11 төвийн зочноор Сангийн сайд Ч.Улаан оролцож, эдийн засгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй, мөн урьд жилүүдэд хэрэгжүүлж ирсэн алдаатай бодлогын уршгаар эдийн засагт хүндрэл үүсчээ. Эхний нэгдүгээр улирдлын байдлаар татварын орлого 20 хувиар тасарсан үзүүлэлттэй гарсан аж. Урьд жилүүдтэй харьцуулахад, татварын орлого төвлөрүүлэлтийг эхний нэгдүгээр улиралд багаар тооцсон байсан. Гэвч татварын орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй нь анхааруулга өгч байна гэж Сангийн сайд тодотголоо.
Мөн 2014 онд Монгол Улс бялхаж цалгиж чадахгүй нь нэгэнтээ тодорхой болсон тул тэвчиж болох зардлаа танах, олсноо үр ашигтай төсөлд зарцуулах, төсөв ерөнхийлөн захирагч нарт тавих иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг энэ үеэр онцолсон юм.
Иргэдийн асуултад Сангийн сайд Ч.Улаан хэрхэн хариулсныг хүргэе.
-УИХ-ын төвшинд 243 обьектыг царцаасан. Царцаагдсан барилгуудыг яах вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 243 обьектын өртөг зардал нь өссөн байсан учраас УИХ-ын төвшинд “царцаасан”. Гэхдээ 2014 оны төсвийг УИХ-аар батлахдаа 139.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Сангийн сайдын багцад баталж өгсөн, түүгээр тэргүүн ээлжийн обьектыг сонгон авч хэрэгжүүлнэ.
Хаврын чуулган эхлэхээр УИХ энэ асуудлыг ул суурьтай хэлэлцэж царцаагдсан барилгын хөрөнгө оруулалтаас хэдэд нь санхүүжилт олгох вэ, хэдийг нь дараа жил шилжүүлэх вэ, мөн ямар обьектыг хувьчлах вэ гэдгийг нэгбүрчлэн шийднэ.
-Тендэр шалгаруулалт танил тал, дарга даамал дагаж яваад байна гэх юм. Үүнд Сангийн сайд хяналт тавих боломж байна уу?
-Тендэр шалгаруулахад хууль журмаа чанга мөрддөггүй, танил тал хардаг, лоббинд автдаг явдал байна. Тендэрийн хуулийг шинэчлэн баталснаар Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан, тэнд тендэр зарлагдаж байгаа. Мөн орон нутгууд тендэр зарладаг. Өөрөөр хэлбэл, олон газар тендэр зарлаж байгаа нөхцөлд гажуудал үүсч байгааг үгүйсгэх аргагүй. Цаашдаа тендэрийг цахимаар хүлээн авахаар бэлтгэгдэж байна. Бүх тендэрийн материалыг цахимаар хүлээн авдаг болсон нөхцөлд маргаан арилна.
-Эдийн засаг хүндэрсэн тухай ярих боллоо. Юунаас болоод ийм байдал үүсчих вэ?
-Эдийн засагт амаргүй хүнд сорилтууд тулгараад байна. Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Бидний үйл ажиллагаатай холбоотой асуудал байна. Нөгөө талаар урьд явуулж байсан бодлогын үр дагавар. Эхний нэг улирал дууслаа, улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй. Энэ нь экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр үнэ нь буурсан нь эргээд гаалийн татвар дээр тасалдаг үүсгэлээ. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч чадаагүй байгаа нь мөн татварын орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээнээсээ 20 орчим хувиар тасалдахад нөлөөлсөн. Гэхдээ 2014 оны төсвийг батлахдаа нэгдүгээр улиралд төвлөрүүлэх татварын орлогыг өмнөх жилүүдтэй харьцуулахад багаар төлөвлөсөн байсан ч тасалдал үүссэн нь том дохио. Тэгэхээр 2014 оны төсөв бялхаж цалгихгүй болохоор танаж болох зардлаа танаж, зарлагаа багасгах, олсноо зөв зүйлд зарцуулах шаардлага байна гэсэн үг.
-Долларын ханш огцом өслөө, бууруулж болдоггүй юм уу. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд асар их алдагдал хүлээж байна?
-Долларын ханшийг зохиомлоор бууруулж болохгүй, чадах ч үгүй. Гол нь ханшийг бууруулахын тулд зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэвч Монгол Улсын эдийн засаг дэндүү бэлэнчилсэн эдийн засаг. Бүх юмыг гадаадаас авдаг. Гурван сая хүн амтай, 45 сая толгой малтай хэрнээ сүүнийхээ 70 хувийг валютаар худалдаж авч байна. Ийм байдлаас салах ёстой, тэр ч үүднээс Засгийн газар экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарласан. Зарим нэг нааштай үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Нэгдүгээр улиралд ямарч байсан, гадаад худалдааны алдагдал багассан, төлбөрийн баланс тэнцвэржих хандлагатай байна. Цаашдаа экспорт нэмэгдээд импорт багасаад ирэхийн цагт валют бий болно.
-Төсвийн орлого бүрдэхгүй байна гэх ч төсөв ерөнхийлөн захирагч нар хөрөнгөөр “тоглож” байна. Үүнд Сангийн яам хяналт тавимаар байна?
-2013 оноос эхэлж төсвийн цоо шинэ тогтолцоонд шилжсэн. Төсөв санхүүгийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж байгаа. Тэгэхээр орон нутаг, төсөв ерөнхийлөн захирагч нар бүх мэдээллээ ард иргэдэд нээлттэй байлгах ёстой. Тэр цагт төсвийн гүйцэтгэлд ард иргэд хяналт тавих бололцоо бүрдэнэ. Түүнээс Сангийн яам бүх байгууллагаар явж хянах бололцоогүй.
-Энэ онд инфляцийг нэг оронтой тоонд барих бодлогыг УИХ-аас баталсан. Түүнд хүрэх бололцоо бий юу?
-Инфляцийг нэг оронтой тоонд барих, бодлого гарсан. Эхний гурван сарын байдлаар инфляци хоёр оронтой тоонд байгаа нь үнэн. Макро эдийн засгийн бодлого, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн нөхцөлд нэг оронтой тоо руу оруулах бүрэн бололцоотой.
-Цалин, тэтгэврийг дахиад нэмэх бололцоотой юу. Нэмэгдэл чамлалттай байна?
-Цалин, тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг зарцуулах хууль батлагдсан. Тэтгэврийг нэгдүгээр улиралд багтаагаад нэмсэн, цалинг үе шаттай нэмэгдүүлж байгаа. Нэмэгдлийг чамлаж байгаа, гэхдээ Засгийн газар бодитой нэмэгдэл болж очиход нь анхаарч байна.
-Хаврын чуулганаар Сангийн яам ямар төслүүд хэлэлцүүлэх вэ?
-Хаврын чуулганаар хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, бизнесийг ил тод болгох Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд бий. Ойрын хугацаанд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Аль болох бизнес эрхлэгч, ард иргэддээ тааламжтай нөхцөл бүрдүүлэх төслүүдийг хаврын чуулганаар батлуулах зорилготой байна.
-Тариаланчдыг НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн нь юу болсон бэ?
-Тариаланчдыг НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээ авна гэж хэлээгүй. Газар тариалан эрхлэгчдийг өөр бодлогоор дэмждэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдаж авах, худалдаж авсан 1 тонн буудай тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог.
-Оюутолгой төслийн хоёр дахь үе шат хэзээнээс хэрэгжих вэ?
-Засгийн газар Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлье гэсэн байр суурьтай байгаа ч хөрөнгө оруулагч тал хойрго хандаж байгаа. Энэ нь төслийн нэгдүгээр үе шатанд гарсан ойлгомжгүй байдалтай холбоотой. Оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг зөв тогтоох зэрэг хэд, хэдэн асуудал бий. Засгийн газар зарчмын байр сууриа хэвээр хадгалж байгаа.
-Төв банк 50 мянган төгрөгийн дэвсгэрт гаргана гэх, үнэн үү?
-50 мянгатын дэвсгэрт гаргах асуудлыг судалж байна. Гол нь эдийн засгийн үр ашиг талаас нь харах учиртай.
-Монгол Улсын өр хуульд заасан хэмжээндээ байж чадаж байгаа юу?
-Монгол Улсын өрийн хэмжээ хуулиар тогтоосон хязгаартаа байгаа. 2013 оны гүйцэтгэлээр ДНБ-ний 50 хувьдаа багтсан. Энэ нь сэрэмжлүүлэх төвшинд хүрсэн гэсэн үг биш. Харин энэ онд өрийг ДНБ-ний 40 хувь руу буулгах ёстой.