Цахим худалдан авах ажиллагааны системийг Үндэсний дата төвд шилжүүлэн байршуулав
Худалдан авах ажиллагааны газар
2014.04.01

Цахим худалдан авах ажиллагааны системийг Үндэсний дата төвд шилжүүлэн байршуулав

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэхээр тусгасан.

Тус зорилтыг хэрэгжүүүлэх ажлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар нь Цахим худалдан авах ажиллагааны системийг эрхлэн хөтөлж, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Цахим худалдан авах ажиллагааны систем нь өнөөдрийн байдлаар Монгол банк,  Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, ХААН банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Капитал банк  зэрэг арилжааны банкуудын мэдээллийн системтэй интернэтэд суурилан холбогдож тендер зарласан өдрийн валютын ханшны мэдээлэл, тендерт оролцогчдын тендерийн баталгааны мэдээлэл, тендерт оролцох хураамжаа төлсөн эсэх тухай мэдээллийг тус тус цахим хэлбэрээр солилцож байна.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй холбогдож тендерт оролцогчдын татвар төлөлтийн мэдээлэл, борлуулалтын орлогын мэдээллийг цахим хэлбэрээр магадлан шалгаж байна.

Цаашид Цахим худалдан авах ажиллагааны системийг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн системтэй Үндэсний Дата төвөөр дамжуулан холбож цахим мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Ингэснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендер шалгаруулалтад оролцохдоо төрийн байгууллагуудаас шаардлагатай тодорхойлолтуудыг цаасан хэлбэрээр авахад гаргадаг үргүй зардал, цаг хугацааг хэмнэх, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс урьдчилан сэргийлэх, сонирхсон тендертээ цаг хугацаа орон зайн хамааралгүйгээр оролцох боломж бүрдэх юм.

Худалдан авах ажиллагааны газар нь Цахим худалдан авах ажиллагааны системийн цахим мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох системийг бий болгох ажлын хүрээнд тус газраас эрхлэн хөтөлж буй Цахим худалдан авах ажиллагааны системийн мэдээллийн санг сервер, тоног төхөөрөмжийн хамт 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний Дата Төвд шилжүүлэн байршуулав.