Энэ онд 1.1 их наяд төгрөгийн 259 төсөлд тендер зарлана.
2014.03.26

Энэ онд 1.1 их наяд төгрөгийн 259 төсөлд тендер зарлана

 Тендерт ямар компани ялж, ямар өртөг зарцуулсан зэрэг нь олон нийтэд нээлттэй  байгаагүй. Харин энэ жилээс тендерийг иргэдэд нээлттэй, ил тод байлгахаа хэлсэн юм. Энэ нь тендерийг тойрсон авилга, хээл хахуулиас сэргийлнэ.

Өнгөрсөн онд улсаас 1.3 их наяд төгрөгийн тендер зарласан. Харин энэ онд 1.1 их наяд төгрөгийн 259 төсөлд тендер зарлахаар төлөвлөж байна. үүний 130 төсөл нь яамдад, үлдсэн 120 орчим нь Худалдан авах ажиллагааны газраас зарлахаар бэлджээ.

Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга С.Дашдондог: “Бид ил тод байдлыг хангах үүднээс үнэлгээний хороонд хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын 2-оос доошгүй төлөөллийг оруулж байгаа. Энд үнэлгээ хийх саналын эрхтэй. Жишээ нь: Үнэлгээний хорооны дарга байхад тэр нь нэг саналын эрхтэй. Харин хөндлөнгийн буюу ТББ-аас орж ирсэн 2 гишүүн 1, 1 саналын эрхтэй. Өөрөөр хэлбэл тендерийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавина гэсэн үг.”

Худалдан авах ажиллагааны газраас зарлах 129 төсөлд нийтдээ 421 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогоор худалдан авах ажиллагааны газарт 56 төсөл, тендер зарлагдаад байгаа. Харин 59 төслийн зураг төсөл нь ирээгүй, 13 төслийн эрх шилжсэн, 2 нь буцаагдсан байдалтай байгаа юм.