Д.Энхжаргал: Цахим дэлгүүрийг ирэх сарын 1-нд нээнэ
Худалдан авах ажиллагааны газрын дарга Д. Энхжаргал
2014.03.07

Д.Энхжаргал: Цахим дэлгүүрийг ирэх сарын 1-нд нээнэ

Худалдан авах ажиллагааны газрын ажлын явц, цахим дэлгүүрийн асуудлаар тус газрын дарга Д. Энхжаргалаас тодрууллаа.

-ХААГ-аас Шадар сайдын харъяа зургаан агентлаг хамтарсан шуурхай хурлыг зохион байгуулсан. Энэ жил ямар асуудалд анхаарал хандуулах вэ. Ажлын явц ямар байна?

- Шадар сайдын зургаан агентлаг манай байгууллага дээр шуурхай хурал хийсэн. ХААГ- ын 2013 оны ажлын тайлан дүгнэлт, 2014 онд төлөвлөсөн ажлын явц, цаашид ямар асуудалд анхаарч дэмжлэг хүсч байгаа зэрэг гурван асуудлаар ярилцсан.

Манай байгууллагын хувьд 2013 онд худалдан авах ажиллагааг 93.4 хувьтай явуулсан. Энэ оны ажлын явцын хувьд 68 үнэлгээний хороо байгуулж, 44 төсөл арга хэмжээг зарлаад байна. Одоогийн байдлаар 60-70 орчим төсөл, арга хэмжээ зарим яамдаас ирээгүй байна.

-Тухайлбал, ямар салбараас төсөл, арга хэмжээ хүлээгдэж байгаа вэ?

-Боловсролын яамнаас ижил төстэй зургийн төсөл орж ирээгүй хүлээгдэж байна. Нийт 22 төсөл, арга хэмжээнээс гурав ирсэн. Бусад яамд ч бас байна. Тухайлбал, МСҮТ- үүдийн барилгын ижил төстэй зургууд хүлээгдэж байгаа. Арван ортой эмнэлгийн байрууд мөн ялгаагүй. Ижил төстэй зураг Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын нэгэн гэхэд бэлэн болох ёстой. Үүнийг бид хүлээгээд байж байна. Одоогийн байдлаар бүх ажлыг цахимаар зарласан. 22 төсөл, арга хэмжээг нээснээ нэгтгэж дүгнэлээ.

-Цахим дэлгүүрийн асуудал юу болсон бэ?

-Цахим дэлгүүрийн үнэлгээний хороонд ШӨХТГ, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, ТББ-уудыг оролцуулж байгуулсан. Дөрөвдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ. Эхний ээлжинд Шадар сайдын зургаан агентлагийн бичиг хэрэгт А-4-ийн цаасан дээр тендер зарлах ажил төлөвлөгдөөд явж байна.

-Яагаад зөвхөн бичгийн цаас сонгосон юм бол?

-Цахим дэлгүүр ажиллуулах нь манайд өмнө байгаагүй, шинэ асуудал. Тиймээс нэг ажлаар эхлээд үзье. Дараа нь ч бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэх боломжтой.