БНХАУ-ын сангийн яамныхан айлчлал хийв
Сангийн сайд Ч.Улаан
2014.03.28

БНХАУ-ын сангийн яамныхан айлчлал хийв

БНХАУ-ын Сангийн дэд сайд Ши Яаобин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Сангийн яаманд ажлын айлчлал хийлээ.

Монгол Улсын Сангийн сайд Ч.Улаан, дэд сайд С.Пүрэв нар БНХАУ-ын төлөөлөгчдийг 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жинпины санаачлаад байгаа Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, түүний бэлтгэл ажлыг хангах зорилгоор хоёр тал санал солилцлоо. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Азийн улс орнуудын эдийн засгийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилготой байгуулагдах юм.

БНХАУ-ын Сангийн дэд сайд Ши Яаобин хятадын талаас Монгол Улсыг тус банкны үүсгэн байгуулагчаар оролцох санал тавьж, хамтран ажиллахыг уриаллаа.Сангийн сайд Ч.Улаан БНХАУ-ын даргын Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачлага гарган, манай улсыг тус банкны үүсгэн байгуулагчаар оролцохыг урьсанд талархаж, дэмжин ажиллахаа  мэдэгдлээ.