Итгэмжлэх жуух бичиг барив
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНСВУ-ын Элчин сайд Фан Данг Дуонг Итгэмжлэх жуух бичиг барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дуонг Итгэмжлэх жуух бичгээ барилаа.
Жуух бичиг гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Фан Данг Дуонгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад томилогдон ирсэн шинэ Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
Элчин сайд Фан Данг Дуонг “Итгэмжлэх жуух бичгээ барьсантай минь холбогдуулан Монгол Улсын Төрийн тэргүүн намайг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Төрийн тэргүүн 2013 оны арваннэгдүгээр сард БНСВУ-д айлчилж, Вьетнамын Ерөнхийлөгч, удирдлагууд, бизнесийнхэнтэй ажил хэрэгч уулзалтууд хийсэн. Түүний дагуу хэрэгжүүлэх олон ажил бидний өмнө байгаа. Вьетнамын бизнес эрхлэгчид Монголд ирж ажиллах, хөрөнгө оруулах, үйлдвэр байгуулах боломжууд бий. Үүнийг манай тал байнга дэмжинэ. Ялангуяа эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх талаар дэмжлэг үзүүлнэ” гэв.Элчин сайд Фан Данг Дуонг Вьетнамын Ерөнхийлөгч Чьюнг Тан Сангийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны сүүлээр хийсэн төрийн айлчлал маш өндөр үр дүнтэй болсныг мэндчилгээд онцлон дурджээ.
Шинээр томилогдон ирсэн Элчин сайдын хувьд Монгол Улсад өмнө нь МУИС-ийн Гадаад хэлний сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль дүүргэж, Хөдөө аж ахуйн их сургуульд докторын зэрэг хамгаалсан хүн юм. “Арваад жил суралцаж байсан сайхан Монгол оронд дахин ирсэндээ баяртай байна” гээд хоёр орны харилцааг урагшлуулан бэхжүүлэх үйлсэд гүүр болж ажиллах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхээ уулзалтын төгсгөлд илэрхийлэв.