Тони Блейр болон АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар уулзав
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Одонтуяа
2014.03.22

Тони Блейр болон АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар уулзав

Английн ерөнхий сайд асан Тони Блэйр Улаанбаатар хотод айлчлан ирээд байгаа билээ.

Монгол Улсын ЗГХЭГ-аас  Английн “Тони Блейр” Ассоциаци  байгууллагатай хамтран “Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” төслийн өнгөрсөн  оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, орон сууцжуулалт зэрэг үндсэн гурван чиглэлээр бодлого гаргахад зөвлөгөө өгч ажиллаж байгаа билээ.

Ноён Тони Блейр Улаанбаатар хотод ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн, УИХ дахь олонхийн бүлгийн дэд дарга С.Одонтуяатай уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тони Блейр болон АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар  Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгий  байдал болоод парламентын үйл ажиллагаа, хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар харилцан ярилцжээ.

Түүнчлэн Ноён Тони Блейр эрүүл мэндийн салбарын хүрээнд, МСҮТ-ийн төгсөгчдийн ажлын байраар хангах, дунд орлоготой айл өрхийн худалдан авч чадахуйц орон сууцыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чиглэлд илүү анхаарлаа хандуулах болно. Дээрхи салбаруудад ахиц дэвшил гараасай  гэсэн найдлага тээж яваагаа хэлсэн байна.

Монгол залуус монголдоо төдийгүй дэлхийн аль ч улс оронд ажиллах өндөр чадвар, чадамжтай.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа  түүнтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд "Монгол Улс Эрүүл мэндийн салбартаа шинэчлэл хийж буй энэ үед та бүхний хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн төсөл  ихээхэн цаг үеэ олж байна. Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхийн орчин үеийн стандартад нийцүүлэхийн төлөө цаг алдалгүй ажиллах ёстой.

Энэ дагуу эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэл хийж байна. Танай төслийн нэгжийн  зөвлөхүүдтэй байнга уулзаж, зөвлөлдөж  байгаадаа  туйлын баяртай байна” гэсэн аж. Харин ноён Тони Блейр Монгол Улсад хийгдэж буй шинэчлэлийн ажлуудад улс төр болоод эдийн засгийн  олон бэрхшээл тулгарч буйг ойлгож байгаагаа олонхийн бүлгийн дэд даргад илэрхийлэв. УИХ дахь АН-ын бүлгийн  дэд даргын хувьд “Сэтгэл байхад шийдэл олддог. Тиймээс улс орноо хөгжүүлэхийн тулд зөв замаар, хоёргүй сэтгэлээр   ажиллах болно” хэмээн онцолжээ.

өУИХ-ын гишүүн С.Одонтуяа ноён Тони Блейрт хандаж, Монгол залуус  монголдоо төдийгүй дэлхийн аль ч улс оронд ажиллах өндөр чадвар, чадамжтай. Гэсэн ч бид цаашид залуустаа бэлэн загас барьж өгөхөөс илүүтэй загас барих аргыг нь зааж өгөхийг чухалд үздэг. Тухайлбал, манай залууст нийтлэг тулгарч байгаа гол бэрхшээл англи хэлний мэдлэг. Тиймээс энэ чиглэлээр та өөрийн санаачилгаар манай залуусыг бүхэлд нь хамарсан нэгдсэн хөтөлбөрийг Монгол Улс даяар хэрэгжүүлбэл залуучууд маань дэлхийн хөгжилтэй нийлүүлэн алхахад чухал алхам болно гэдгийг  хувийн зүгээс санал болгосон байна.