Монгол ОХУ-ын хамтарсан компани байгуулах санал тавьжээ
Монгол ОХУ-ын хамтарсан компани байгуулах санал тавьжээ.
2014.03.27

Монгол ОХУ-ын хамтарсан компани байгуулах санал тавьжээ

Канад улсаас Монгол, Канадын хооронд Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулах санал гаргасныг өчигдөрУул уурхайн яаманд болсон “Ил тод уул уурхай” хурлын үеэр салбарын сайд нь  мэдээллээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын "Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй өнгөрсөн 17-нд уулзахад тус компани Хөшигтийн хөндийд барих олон улсын нисэх буудалд  агуулах барих, онгоцны шатахуун нийлүүлэх, Монгол Улсад нефть хайх, энэ салбарт хамтран ажиллахыг сонирхож буйгаа илэрхийлжээ. Харин манай улс тус компаниас энэ онд нэг сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахаар тохирсноо баталгаажуулсан байна.

Түүнчлэн хойд хөршөөс БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсныг дахин сэргээх, Асгатын мөнгөний ордыг ашиглах Монгол, Оросын хамтарсан бие даасан компани байгуулах, “Эрдэнэт үйлдвэр” компанийн Монголын талын төрийн өмчийн төлөөллийг “Эрдэнэс МГЛ” компани хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Түүнээс гадна өнгөрсөн есдүгээр сард нүүрсийг элсээр баяжуулах технологийн тур- шилт хийлгэхээр Тавантолгойн ордоос хоёр тонн нүүрсийг Японы “Нагата инженеринг” компанид явуулсан юм. Туршилтын явц, үр дүнгийн талаар тус улсын мэргэжилтнүүд танилцуулжээ.

Тэд бүтээгдэхүүний Гарцыг нэмэгдүүлэхийн тулд элсээр баяжуулах болон агаарын чичиргээт  ширээний гэсэн хоёр төрлийн технологи хослуулан туршсан байна. Үр дүн нь элсээр  баяжуулах технологиор 10-35, нөгөө технологиор нь 0.5-10 мм ширхэглэг бүхий нүүрс ангилан ялгасан аж. Уг технологи нь ус хэрэглэхгүй, ашиглалтын зардал харьцангуй бага зэрэг давуу талтай бөгөөд туршилтыг цаашид үргэлжлүүлэх гэнэ.

Энэ он гарснаас хойш манай улс 3.6 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 2.1 сая тонныг экспортолсон нь өмнөх оныхтой харьцуулахад 23 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн сарын байдлаар Төв банкинд тушаасан алтны хэмжээ 1320 кг болсон нь 2013 оны мөн үеэс 2.6 дахин их гэнэ. Уржигдрын байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 35 хоногийн шатахууны нөөцтэй байв.