Д.Ганхуяг: "Чалко"-гийн өрийг зургаан сарын нэгнээс өмнө төлж дуусгана
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.03.26

Д.Ганхуяг: "Чалко"-гийн өрийг зургаан сарын нэгнээс өмнө төлж дуусгана

Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Оюутолгойн гэрээний асуудлаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Нэгэнт гэрээ байгуулагдсаныг мэдэж байгаа. Тийм учраас компанийхаа төлөөлөн удирдах зөвлөлөөр бүх шийдвэрээ гаргах ёстой. Хоёрт, Засгийн газраас дэмжиж байгаа. Дараагийн асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээний гол үндсэн үүрэг байгаа. Энэ төслийг удирдах, санхүүжүүлэх эрх нь хөрөнгө оруулагч талд бий. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хоёр тал хамтарч ажиллаж байна. Өдөр болгон уулзаж байна.

-Ерөнхий сайд асан Сү.Батболд гэрээ ямар нэгэн байдлаар өөрчлөгдөнө гэсэн зүйл ярьсан байсан?

-Өмнөх хойдох Засгийн газар гэхээсээ илүү цаасан дээр бичсэн зүйлийг харах ёстой байх. Гэрээнд ямар заалт байдаг вэ гэхээр УИХ-ын 57 дугаар тогтоол гэж байдаг шүү дээ. Тэрийг биелүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулж байгаа гэрээ гээд 57 дугаар тогтоол, Монгол Улсын хуульд бүрэн нийцэж байгаа гээд гарын үсэг зурсан байгаа. Ер нь УИХ гэрээ байгуулах эрхийг өгөхдөө 57 дугаар тогтоолын хүрээнд байгуул гэсэн. Энэ удаагийн УИХ бол 2012-2014 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Тэнд бол хөрөнгө оруулагч талтай тохирч, харилцан ашигтай байдлаар гэрээнд өөрчлөлт оруул гэсэн үүрэг өгсөн. Тэрний дагуу Засгийн газар хуралдаад намайг бичиг явуул гэсэн. Гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээр үргэлжилж байсан. Гэхдээ бүх юм танай хууль тогтоомжийн дагуу болсон, гэрээний заалт энэ байна, тухайн үеийн Засгийн газар, Оюутолгой хоёр хамтран мэдэгдсэн. УИХ-ын 57 дугаар тогтоол, бусад хууль тогтоомжид нийцсэн гэдгийг нотолсон мэдэгдэл хийсэн. Ийм байдлаар албан бичгээр хариу ирүүлсэн. Энэ 2012 онд болоод өнгөрсөн асуудал.

-Далд уурхай хэзээ ажиллаж эхлэх вэ. Санхүүжилтийг хаанаас шийдвэрлэх вэ?

-Гэрээгээр удирдах санхүүжүүлэх эрх нь 100 хувь хөрөнгө оруулагчийн талдаа байгаа. Хэзээ санхүүжүүлэх вэ, хэзээ далд уурхайгаа ажилуулах вэ тэр бүхэн нөгөө талдаа байгаа. Энэ бол гэрээнд заасан асуудал. Далд уурхайн санхүүжилтийн асуудлыг Засгийн газар дэмжиж байгаагаа хэлсэн.

-Уул уурхай болон Оюу толгойн ажилчдын хэдэн хувь нь монгол ажилчид байна вэ. Энэ жил гаднаас хичнээн ажилчин орж ирсэн бэ?

-Ажиллах хүч бүтээн байгуулалтын хувьд 60 хувь, ашигт малтмалын хуулинд 90, 10-ын харьцаатай байгаа. Яг энэ мэдээллийг статистик байдлаар оны сүүлээр гаргадаг. Сар бүрийн хурал дээр ажиллах хүчний мэдээллийг гаргаж мэдээлж байя.

-Татварын байцаагч эмэгтэй нэгнийхээ амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Энэ хэрэгт танай яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Батболд холбогдсон. Төрийн албан хаагч хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан байхад тушаал бууруулахын оронд албан тушаал дэвшсэн мэдээлэл бий. Үүнд ямар тайлбар хийх вэ?

Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид: -Харамсалтай явдал болсон. Тодорхой хугацаанд хууль хяналтын байгууллага шалгасан. Тэгээд Д.Батболдын буруугүйг прокурор тогтоосон. Буруугүй гэж тогтоогдсон хүнийг бид ажлаас нь халах үндэслэл байхгүй. Энэ чиглэлээр төрийн албаны зөвлөлд мэдэгдэж чиглэл авсан. Ер нь бид нийгмээс ёс зүйн дарамт, шүүмжлэл авч байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д орсон асуудал нь сая болсон асуудал биш. Ерөөсөө яам байгуулагдаад, Төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд төрийн байгууллагуудын төлөөллүүдийг оруулдаг ёстой. Тэр үед л хийгдсэн асуудал.

-Чалкод төлөх өр хэдэн сард дуусах вэ. Хичнээн төгрөгийн өр үлдээд байгаа вэ?

-Надад өгсөн мэдээллээр зургадугаар сарын 1-ний дотор дуусгана гэсэн. Оноос өмнө дуусгана гээд амжаагүй. Боомтын хүчин чадал, хүнд суртал гээд олон асуудал байсан. Ерөнхий сайд анхааралдаа аваад, олон асуудлыг шийдвэрлэсэн. Хилийн боомтын хууль гарах гэж хоёр жил болсон. Эртхэн гарчихсан бол сайн байх байлаа.