Н.Тэгшбаяр: Уран 1.4 сая тоннд хүрэх боломжтой
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.03.20

Н.Тэгшбаяр: Уран 1.4 сая тоннд хүрэх боломжтой

Цөмийн энергийн газраас өнөөдөр “Цөмийн технологи ба дэлхий ертөнц" сэдэвт семинарыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Дээрх арга хэмжээнд Цөмийн энергийн газрын удирдлага, газрын дарга нараас гадна Монголд ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Арева” группийн охин компани болох “Арева Монгол” компани, Монголын төрийн өмчит “Мон атом” компанийн удирдлагууд оролцож, ураны хайгуул явцын талаарх мэдээллийг өглөө.

Ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 13-т жагсдаг байна. Батлагдсан нөөцийн хэмжээ 126 мянган тонн, цаашид нөөц өсөх магадлалтай. Тодруулбал, 1.5 сая тоннд хүрэх боломжтой аж. Хэрвээ энэ нөөц батлагдвал Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх юм байна.

Энэ үеэр анхаарал татахуйц чухал асуудал хөндөгдсөний нэг нь “Арева” Монголд уран олборлох тухай юм. Одоогоор тус компани зөвхөн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, 17 жилийн турш энэ чиглэлээр ажилласан. Дээрх хугацаанд нийт 165 сая орчим ам.долларыг зарцуулжээ. Ихэнхийг нь хайгуулын ажилд зарцуулсан тухай онцолж байна. Хайгуулын дүнд хоёр том орд илрүүлсний нэг нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хамаарах Дулаан-Уулын орд аж. Нөөц нь 54 мянган тонноор хэмжигдэж байна.

Эл асуудлын хүрээнд сэтгүүлчид Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас дараах асуултад хариулт авсныг тоймлолоо.

-“Арева” групп ураныг олборлох хүсэлтэй байна, хоёр талаас хэлэлцээр эхэлчихсэн гэсэн үг үү?

-“Арева”-д ашиглалтын лиценз олгоогүй байгаа. Энэ чиглэлээр эхэлсэн ажил байхгүй гэсэн үг. Харин хойшид ямар байдлаар хамтарч ажиллах тухайд яриа хэлэлцээр бол явж байгаа.

-Гэхдээ “Арева” хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрлэлийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөчихсөн байна. Тэгэхээр 2019 оноос ураны олборлолт эхлэх магадлал өндөр байгаа юм биш үү?

сүүлийн 50 жилийн хугацаанд уранаа ашиглахын төлөө эрэл хайгуул хийж ирсэн.

-Магадлал өндөртэй биш, Монгол Улс уран гэдэг баялгийг хаа нэг газраас үүрч ирээд, импортоор аваад газартаа хийчихээгүй. Байгалиасаа Монголд заяасан баялаг. Зөвхөн энэ Засгийн газрын үед ураныг ярьж байгаа зүйл ч бас биш, сүүлийн 50 жилийн хугацаанд уранаа ашиглахын төлөө эрэл хайгуул хийж ирсэн.

Тийм учраас улсын мөнгөөр хайгуул хийлгэсэн, хувийн компанийн мөнгөөр хайгуул хийлгэсэн, гадаадын компаниар мөн хайгуул хийлгэсэн. Одоо нөөц нь тогтоогдчихсон ордууд байна, ойролцоогоор 126 мянган тонн баталгаатай нөөц. Нэмэгдэхээр нөөц 140 мянга орчим болно. Хойшид баталгаат нөөц нэмэгдэж 1.4 сая орчим тонн болох магадлал өндөр. Хэрвээ бид бодлогыг нь зөв гаргаад ашиглаж чадах юм бол Казахстантай адилхан өрсөлдөхүйц нөөц бий.

-Уран олборлоход илүү аюултай биш үү?

-Ураны олборлолт бусад ашигт малтмал олборлолттой зарчмын хувьд адилхан, гагцхүү цацраг идэвхит бодис гэсэн ялгаа байгаа. Нөгөөтэйгүүр, ганцхан Монгол Улсад уран олборлох асуудал яригдаж байгаа юм биш, дэлхийн 19 орон жил бүр 60 мянга гаруй тонн уран олборлож байна. Бид энэ салбарт өрсөлдөж чаддаг байх нь Монголд хэрэгтэй гэж харж байгаа. Уран хайх, олборлох нь аюултай гэж ярьж байгаа хүмүүсийн хувьд эл салбарыг өрсөлдүүлэх чадваргүй зогсоохыг бодож байгаа хүмүүсийн явуулга л гэж харж байна.

-“Арева” уран ашиглах зөвшөөрөл хүссэн нөхцөлд шууд Цөмийн энергийн газар зөвшөөрөл олгох уу. Эсвэл стратегийн чухал орд гэдэг утгаараа Засгийн газар, УИХ-аар хэлэлцэгдэж, шийдэгдэх үү. Хууль эрх зүйн хүрээнд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг вэ?

-Цөмийн энергийн газар хайгуулын лиценз, ашиглалтын лицензийг дангаар өгөөд явах эрх зүйн боломж байхгүй. Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, дээрх газруудаас ямар шийдвэр өгөхөөс хамаарч энэ ажил явах ёстой. Тийм учраас хүссэн болгонд лиценз олгодоггүй.

Япон улс, Франц улс хоёр нийлээд ураны ордын 66 хувийг эзэмшье, Монгол Улс 34 хувиа эзэмшье гэж ярьж байгаа.

Хоёрдугаарт, ураны ордыг ашиглах бол УИХ-аар заавал оруулж хэлэлцүүлэх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Эл асуудал нь  үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар. Учир нь Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан. Энэ нь юуг хэлж байгаа вэ гэхээр дипломат яриа хэлэлцээрийн аргаар улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаална гэсэн гадаад бодлогын концепцтой холбоотой юм. Тийм учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орон Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө гарын үсэг зурсан байгаа. Таван гишүүн орны нэг нь Франц улс. Хоёр дахь орон нь ураны салбарт хамтран ажиллах хүсэлт тавьсан, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаатай Япон улс.

Япон улс, Франц улс хоёр нийлээд ураны ордын 66 хувийг эзэмшье, Монгол Улс 34 хувиа эзэмшье гэж ярьж байгаа. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж байгаа. Гадаад бодлогын үзэл баримтлалтай бас нийцэж байгаа.