Н.Тэгшбаяр: Одоо бол ямар ч тохиолдолд Монгол улсын хилээр хориотой зүйл орж ирэхгүй, хяналт сайн байгаа
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа.
- Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах гэж байна гэдэг асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татсаар байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
Цөмийн энергийн газрын дарга, цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн хувьд хэлэхэд хог хаягдалтай холбоотой ямар ч асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хог хаягдлаар далимдуулж ард иргэдийг айлгах зүйлийг хийхгүй байхыг хүсч байна.
- Энэ яриа чухам хаанаас гарах болов, ямар зорилготой гарч байна гэж бодож байна?
Хаанаас гарсанг хэлж мэдэхгүй, ямар ч байсан хилээр цөмийн хаягдал оруулахгүй байхын тулд АНУ-тай хамтарч хилийн бүс дээр хог хаягдлын эсрэг, хориотой бараа бүтээгдэхүүний эсрэг монитор тавьсан. Одоо бол ямар ч тохиолдолд Монгол улсын хилээр хориотой зүйл орж ирэхгүй хяналт сайн байгаа. Тиймээс айх эмээх асуудал байхгүй, энэ бол цуурхал.
- Олон улс атомын цахилгаан станцаас татгалзаж байхад манайд шар нунтаг олборлож байгаа мэдээлэл байна. Шар нунтагийн байгаль орчин, хүн амын удамшлын асуудалд нөлөөлөх хор нөлөөний талаар та юу хэлэх вэ?
Маш олон орон эсрэгээрээ атомын станц барих хөтөлбөрөө эхлүүлж байгаа.
Атомын цахилгаан станцаас олон улс татгалзаж байгаа гэж хэлж болохгүй. Герман улс татгалзах тухай ярьж, атомын станцаа зогсоосон тохиолдол бий. Маш олон орон эсрэгээрээ атомын станц барих хөтөлбөрөө эхлүүлж байгаа. Жишээлбэл Турк эхлүүлж, Хятад улс нэмж барьж байгаа. Фүкүшимагийн АЦС-ын ослын дараа зарим улс орон АЦС-аас татгалзах тухай яриа байсан боловч мэргэжлийнхээ түвшинд татгалзаж байгаа яриа асуудал бол өнөөдрийн хувьд бол байхгүй.
-Манай улс шар нунтаг олборлоод эхэллээ гэсэн яриа яваад байгаа. Энэ үнэн үү?
Манай цөмийн энергийн газрын хувьд цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн технологийн төрөөс барих бодлогыг хэрэгжүүлдэг, цөмийн энергийн болон бусад хуулийг хэрэгжүүлэхээр ажилладаг байгууллага. Үүний хүрээнд цацраг идэвхит ашигт малтмал, стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Шар нунтагийн хувьд хүмүүсийн яриад байгаа шиг аюултай зүйл биш. Аяганд хийж байгаад дээрээс нь бичгийн цаас тавихад л хор нөлөө үзүүлэхээргүй зүйл.
Монгол улс уран олборлох салбарт өрсөлдөх чадвартай байх нь Монголд хэрэгтэй болохоос хортой зүйл байхгүй. Мэдээж олборлох явцад технологийн горим, стандарт бий. Манай салбар цөмийн технологийн энхийн хэрэглээг дэмжиж технологи сайн нэвтрүүлсэн гэж дүгнэсэн нь энэ салбарт сайн ажиллаж байгааг нотолж байгаа хэрэг юм.
Одоо бол ямар ч тохиолдолд Монгол улсын хилээр хориотой зүйл орж ирэхгүй хяналт сайн байгаа
- Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хорогдсон 22 тугалын асуудалтай холбоотой яриа одоо хэр нь намжаагүй байна. Өөрөөр хэлбэл шинээр төллөж буй төл мал генийн хувьд янз бүрийн өөрчлөлттэй байна гэж яриад байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?
Энэ асуудлыг урантай холбож их ярьж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд уран олборлож эхлээгүй байхад ашигтай лицензтэй нэг ч байгууллага байхгүй байхад Монгол Улсын хүн, мал сүрэг хордож байна гэсэн яриа гарч байгаа нь өөрөө дэлхийд монголыг муухай харагдуулахыг хүсэж байгаа хүмүүсийн ажил гэж харж байгаа.
Үнэхээр тэнд мал, амьтан ямар нэгэн цацраг идэвхит бодисоос болж хордож байна уу гэдгийг шалгахаар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр уранаас болж хордоогүй нь нэгэнт тогтоогдсон. Ажлын хэсэг гарахаас өмнө манайд ажилладаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн залуучууд очиж ажиллаад тогтоосон байснаа баталгаажуулсан. Олон лабораторид шинжлүүлээд, мөн олон улсын лабораторид өгч шинжлүүлээд уранаас болоогүй юм байна гэдгийг тогтоосон нь 3 дахиа баталгаажуулсан хэрэг болсон.
-Одоогоор Монгол улсад хичнээн компани хайгуулын болон тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байна вэ?
1997 оны хуулиар 165 орчим цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лиценз олгогдсон байдаг юм. Агентлаг байгуулагдаад эдгээр лиценз манайд шилжиж ирснээс хайгуул хийгээд үр дүн гарахгүй зэрэг ямар нэг шалтгаанаар буцааж өгсөөр одоо 70 орчим лиценз байна. Агентлаг байгуулагдаад би энэ ажлыг хүлээн авснаас хойш цацраг идэвхт ашигт малтмалын нэг ч лиценз олгоогүй.
Эдгээр лицензүүд бол бүгд хайгуулын лиценз. Ашиглалтын лиценз нэг ч байхгүй. Харин ганц байгаа ашиглалтын лиценз бол уран олборлох биш хүнд элементүүд олборлох лиценз бөгөөд одоогоор маргаантай байгаа тул үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч газар байхгүй.
-Цаашид цөмийн энергийн салбарт ямархуу бодлого барьж ажиллах вэ?
Төрөөс баримталж буй цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн технологи ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн цөмийн технологийг маш олон салбарт хэрэглэж байгаа хэрэглээг дэмжиж, эдгээр газруудад хяналтаа хийгээд явна. Цөмийн технологийг эмнэлэгийн, хүнсний, хөдөө аж ахуйн, уул уурхай, барилга, зам тээвэр, хил гааль гэх мэт олон салбарт ашиглаж байна.
Эдгээр салбаруудад цөмийн технологитой харьцаж ажилладаг хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд даруй 5 дахин нэмэгдсэн нь энэ салбарт хэрэгцээ ямар их байгааг харуулж байна.