Гишүүд Австрали улсын татварын тогтолцоог судалж байна
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Эрдэнэчимэг, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат болон Сангийн яамны зарим албан тушаалтнууд Австрали Улсын татварын систем, өрийн менежмент болон уул уурхай дахь татварын тогтолцоог судлан ажиллаж байна. Багийнхан эхний өдрөө Австралийн парламентын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй уулзаж, татварын өнөөгийн систем болон түүнд оруулах гэж буй өөрчлөлтийн талаар ярилцжээ. Мөн Австралийн их сургуулийн профессоруудтай уулзаж ярилцсан байна.
Томилолтын хоёр дахь өдрөө тэд Австралийн Сангийн яамны орлого цуглуулах багийнхантай уулзаж, жижиг бизнес эрхлэгчдэд үзүүлдэг хөнгөлөлт, урамшууллын систем, НӨАТ-ын доод хэмжээ, тогтоох аргачлал, НӨАТ-ын буцаалт, уул уурхайн татвар, роялти, түрээсийн татвар, аудит, өрийн менежментийн талаар туршлага судалжээ.
Нийт 23 сая хүн амтай энэ улс 2-3 сая жижиг бизнес эрхлэгчтэй, нийт ажлын байрны 43 хувийг эдгээр бизнэс эрхлэгчид бий болгодог бөгөөд ихэнх хувь нь үйлчилгээний болон хөдөө аж ахуйн салбарт төвлөрдөг байна. Жижиг бизнесийн татвар нь улсын төсвийн өчүүхэн хэсгийг бүрдүүлдэг боловч төсвийн томоохон хэсгийг хувь хүний орлогын албан татвар бүрдүүлдэг тул энэхүү салбарыг ихээхэн ач холбогдолтойд үздэг.
Тус улсын татварын систем нь түвэгтэй байдгаас ихэнх жижиг бизнес эрхлэгчид татварын бүртгэл тооцоонд ихээхэн цаг, хөдөлмөр зарцуулдаг тул Засгийн газраас нь энэ хүндрэлийг арилгахаар ажиллаж байгаа аж.
Австралид НӨАТ төлөх босго нь 75.000 доллар байдаг бөгөөд анх 2000 онд 50.000 доллараас эхэлж байсан бол 2007 оноос доод босгыг нэмэгдүүлсэн ч гэсэн нийт НӨАТ төлөгчдийн 50 хувь нь 75.000 доллараас бага орлоготой ба сайн дураараа бүртгүүлж татвараа төлдөг байна. Олон улсын жишгээс харахад ихэнх улсад 50.000-100.000 долларын хооронд доод босго нь хэлбэлздэг ажээ. Сайн дураараа бүртгүүлж байгаа жижиг НӨАТ төлөгчдөд улирлаар болон жилээр тайлангаа гаргах хөнгөвчилсөн системийг санал болгодог байна.
Олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар НӨАТ-ын алдагдлаараа Австрали нь Шведийн дараа буюу ойролцоогоор найман хувьтай байгаа бол хуучин социалист орнууд болох Румын, Словак, Чех, Грек зэрэг орнууд 50-иас дээш хувьтай байдаг юм байна. Тиймээс НӨАТ-ын алдагдлыг багасгах зорилгоор үнэнчээр НӨАТ төлөх олон талын системийг бүрдүүлэх нь чухал байдаг аж.
Тус улсын татварын байгууллага нь жилдээ 2.2 сая НӨАТ буцаалтын өргөдөл хүлээн авч 53 тэрбум долларын буцаалт хийдэг байна.
Австралид 260.000 хүн уул уурхайн салбарт ажилладаг, нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн есөн хувийг эзэлдэг хамгийн том экспортын салбар юм. Ашигт малтмалын татварыг бүтээгдэхүүнд суурилсан, гэнэтийн ашигт суурилсан, орлогод суурилсан татвар гэж гурав хуваадаг байна