Замын зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулахыг хориглоно
Түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хориглосон.
2014.03.24

Замын зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулахыг хориглоно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн баталсан юм. Энэхүү журам батлагдсанаар төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хориглосон.

Мөн нийслэлийн Засаг даргын Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/97 дугаар захирамжаар тээврийн хэрэгсэл, явган зорчигчын хөдөлгөөнд саад учруулан зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл  ажиллагааг зогсоох, хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм.

Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа асуудлыг цэгцлэхийг дүүргүүдэд үүрэг болголоо.

Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмаар дүүргийн Засаг даргын дэргэд “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” байгуулах бөгөөд тус зөвлөл нь Мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж, журамлах үүрэгтэй юм. Хэрэв дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд захиргааны харицулага хүлээлгэнэ