Боловсролын сайд Л.Гантөмөр
2014.03.11

"Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" уралдааныг дүгнэлээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Зөв монгол хүн" боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох "Сурагч, оюутан, багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж тогтолцооны шинэчлэл хийх" зорилтын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, чөлөөт нийтлэлчдийн дунд бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж дүгнээд байна. 

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээнилрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлагыг олон нийтийн хүртээл болгох нь багшийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд түлхэц болох учиртай. Энэхүү ажилд хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулснаар боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлч уран бүтээлчдийн идэвх оролцоог дэмжих, тэдний бүтээлийн чанар чансаа, үр өгөөжийг сайжруулахаас  гадна бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бэхжүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.    

Боловсролын  салбарт хийгдэж буй чанарын шинэчлэл, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй тэргүүн туршлага бүхий  багш нарыг нээж нийгэмд таниулах зорилготой "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт уралдаандөнөө жил  сонин, телевиз, радио сайтуудаас нийтдээ 53 бүтээл ирлээ. Энэ жилийн уралдаанд гэрэл зургийн төрөл шинээр нэмэгдэж орсон бөгөөд үүнд мэргэжлийн олон уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэнд бид баяртай байна.      

Сонин, телевиз, сайт, гэрэл зургийн төрлөөс  тус бүрээс гурван байр эзлүүлж , радиогийн төрлөөс 2 бүтээлийг шалгаруулж нийт 14 бүтээлд өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулж байна.      

Телевизийн төрөлд нэгдүгээр байр эзэлсэн сэтгүүлч У.Болортуяагийн "Шинэчлэлийн салхи хөдөөд" сурвалжлага нь орон нутгийг зорьж цаг хөдөлмөр шингэсэн бүтээл төдийгүй хүүхэд бүртээ хүрч ажиллах арга туршлага эзэмшсэн  залуу багшийн ур чадварыг гаргаж ирснээрээ онцлогтой байлаа. Өөрөөр хэлбэл багшийн ур чадвар ажилласан жилдээ биш өөрийн хичээл зүтгэл шинийг эрэлхийлдэг сэтгэлгээтэй холбоотой болохыг залуу багш нарт үлгэрлэн харуулж чаджээ. Энэ сурвалжлагын баатар Хунтогос багш нь Төв аймгийн 4-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш бөгөөд Хүүхэд бүртэй  ярилцах нь түүний   гол  арга барил ажээ.    

Xоёрдугаар байрт шалгарсан "ММ" агентлагийн сэтгүүлч Ц.Цэнд "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" бүтээлдээ мөн л монголхэл, бичгийн багшийг онцолжээ. Сэтгүүлчийн онцолсноор "монгол хэл яах вэ англи хэл тооны хичээлээ сайн сур" гэж сургадаг өнөө цагийн эцэг эхийн бодлыг орвонгоор нь эргүүлсэн хүн бол нийслэлийн 49-р сургуулийн багш Пүрэвсүрэн аж. Хичээлээ тасалдаг, элдэв хэл аманд өртөж эцэг эхийнхээ чихийг халууцуулдаг байсан хүү нь Пүрэвсүрэн багшийн ачаар томоожиж, ном эрдэмд шамдах болсныг энэ сурвалжлагаас үзэж болно.

Түүгээр зогсохгүй хүүхдүүд монголбичиг, уран зохиолын хичээлээр дамжуулан эх оронч үзэл, монголоороо бахархах, бахархалтай болсон байна.     Гуравдугаар байр эзэлсэн  МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Д.Ариунаа "Хүүхдийг хүүхдээр нь хөгжүүлдэг багш" бүтээлдээ 115-р сургуулийн бага  ангийн багш Д.Алтанцэцэгийн нэг өдрийн хичээлийг бараг бүтнээр нь бичиж олон нийтэд хүргэсэн нь мөн л цаг хөдөлмөр зарцуулсан  сайн бүтээл байсан. Алтанцэцэг багш хүүхдийг гэрийн даалгавраар хэт шахах биш анги дээр байх хугацаанд нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж ямар ч хичээлийг цаг тухайд нь ойлгуулж хүүхдийн ой тойнд суулгаж өгдөг арга барилтай аж.

Энэ хэрээр хүүхдүүд нь хичээлийн цагийг сул чөлөөтэй өнгөрөөхгүй тус бүртээ санаачилга гаргаж бие дааж сурсан мэдснээ бусдадаа зааж сургах гэж уралдаж байгаа нь хүүхэд өөртөө итгэлтэй, сурах чадвартай болсныг илтгэнэ. Энэ арга барилд эцэг эхчүүд ч дуртай байдаг бөгөөд түүний арга туршлагаас залуу багш нар үлгэрлэж суралцаж байна.    

Энэ жилийн уралдаанд гэрэл зургийн төрөл шинээр нэмэгдэж орсон бөгөөд үүнд мэргэжлийн олон уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэнд бид баяртай байна.

Сонины төрөлд нэгдүгээр байр эзэлсэн "Өнөөдөр" сонины сэтгүүлч Э.Эрдэнэцэцэг 2 бүтээл ирүүлсэн нь 2-уулаа бидний зарлсан уралдааны болзол хангасан сайн бүтээл байлаа. Тухайлбал, "Шавь" цогцолбор сургуулийн багш Найманжин шиг хүүхдийнхээ төлөө эцэг, эхтэй нь уулзах гэж айл айлын хаалга тогшин нохойд хөөгдөн явж, давтлага өгөх анги танхим хүрэлцээгүй ч сургуулийн булан тохой ашиглан хүүхдүүддээ давтлага өгч сургууль дээр хонох нь шахам ажилладаг багш ховор.

Тэр бас авьяас хөтөлбөрийн хүрээнд ангийнхаа бүх хүүхдийг бүжигчин, хөгжимчин болгож хамт олноороо сургууль, дүүрэг, нийслэлийн аварга бүжгийн хамтлаг болтол нь хөгжүүлжээ.  Хүүхдүүддээ "Амьд бурхан, ээжээс минь өөрцгүй" хэмээн өргөмжлөгдөх  энэ багшийн арга туршлага Өнөөдөр сониноор дамжин олон олон багш нарт хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Бас  эрэгтэй хүн, тэр дундаа 20 гаруйхан настай залуу эр цэцэрлэгийн багш хийж хүүхдүүд тойруулан сууж эгээ л ээж нь юм шиг халамжлан хүмүүжүүлж байгааг хоёр дахь сурвалжлагаараа гаргаж ирсэн нь сонирхолтой байсан юм.      

Сонингийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн "Ардчилал" сонины сэтгүүлч Цэдэвсүрэн "Математикийг  ч гэсэн монгол хэлээр тайлбарладаг" нэртэй 93-р сургуулиас бэлтгэсэн сурвалжлагаараа бага ангийн багш Ж.Нарантуяагийн арга барилыг онцолжээ. Хүүхдийг өөртөө итгэлтэй зөв монгол хүн болгон төлөвшүүлэх эхний алхам бол эх хэлээрээ яруу тод зөв ярьж сурах гэнэ. Эх хэлээрээ зөв, ойлгомжтой ярьж сурсан хүүхэд бүх хичээлдээ жигд сайн байдаг гэдгийг Нарантуяа багш өөрийн туршлагаасаа олж харжээ.                  

Сонингийн төрөлд гуравдугаар байрт сэтгүүлч Б.Цогнэмэхийн  "Хүүхэд бүрийг эхлээд хүн болгоё, тэгэхдээ зөв монгол хүн шүү" нийтлэл нь нийгмийн үсрэнгүй хөгжлийн гол тулгуур нь эрдэс баялаг бус өөрийгөө хөгжүүлэгч зөв монгол хүн юм гэдгийг гаргаж тавьжээ. Тэрбээр мөн л хүүхэд бүрийг хөгжүүлдэг багшийн эрэлд гарахдаа Боловсролын салбарын хамгийн хүнд адармаатэй нөхцөлд ажиладаг, хүнийг хүн болгодог чухал хүмүүс болох бага ангийн багшийг онцлохыг зорьжээ. Тэрбээр 102 дугаар дунд сургуулийн 1в ангийн багш Б.Адъяагийн бүтэн өдрийн хичээлд сууж бага ангийн сургалтыг өөртөө итгэлтэй, эргэцүүлэн бодож өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах чин хүсэлтэй монгол хүн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгааг ойлгож, түүнийгээ олзуурхан бичжээ.

Адьяа багш чадварт суурилсан мэдлэг, ёс суртахууныг дээдэлсэн хүмүүжлээр  зөв монгол хүнийг төлөвшүүлэхдээ  хүүхдэд  өрсөлдөн өмчлөх, эдээр засаглах  ухааны боловсролыг дээдлэхээс өмнө  багад нь эв найртай хамтарч амьдрах боловсролыг олгохыг зорьж байгааг  сэтгүүлч онцолж өгчээ.                   

Сайтын төрөлд тэргүүн байр эзэлсэн  сэтгүүлч Г.Сонинбаярын "Талын оргил" бүтээл нь  хөдөөгийн эгэл жирийн биеийн тамирын багш Пүрэвжавын тухай өгүүлжээ. "Өдөр бүр ном уншиж, тархины гимнастик хийж байхгүй бол хүн оюун ухаанаар хөгширч эхэлнэ" Түүн шиг хүн өдөр бүр гүйж л байхгүй бол тамирчин хүн бие бялдарын хийгээд сэтгэл зүйн хувьд доройтолд орно" хэмээн захьдаг Пүрэвсүрэн багш бүх хүүхдийг гүйлтийн спортоор хичээллэх амьдралын зорилготой, хүсэл мөрөөдөлд хөтөлдөг шитдэн аж.

Спортыг урлаг, уран зохиол, философи шиг хүний оюун сэтгэлгээ, зүрх сэтгэлийн гүнд аваачиж чаддаг энэ эрхэм орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг ашиглан хөнгөн атлетикийн цахим үзүүлэн, тайлбаргүй 400 үзүүлэн зэргийг сургалтдаа ашигладаг болжээ. Үүнээс гадна футтеннис хэмээх шинэ спортын дүрэм боловсруулан сургалтдаа туршсан нь үр дүнд хүрчээ. Пүрэвжав багш уг спортоо олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа юм.                  

Сайтын төрөлд хоёрдугаар байрт   шалгарсан сэтгүүлч Хулантахийн "Чин сэтгэлээсээ ажилладаг багш л хүүхэд бүрийг хөгжүүлж чаддаг"бүтээл нь мөн л цаг хөдөлмөр шингэжээ.  25-р дугаар тусгай сургуулийн багш Б.Туяацэцэгийг онцолж, түүний заах арга барилыг бусад багш нар болоод олон нийтэд хүргэхийг зорьсон байна. Түүний хувьд саажилттай хүүхэд нэг бүрийг сургаж чаддагаараа хорвоогийн олон багш нараас ялгардаг.

Жирийн хүмүүсийн хувьл бараг л  айж, зугтдаг эдгээр хүүхдүүдэд хэнээс ч дутахгүй эрдэм, боловсрол эзэмшүүлж бие даасан хувь хүн болгон сургууль төгсгөж буй нь энэ багшийн том гавьяа гэдгийг сэтгүүлч онцолжээ. Туяацэцэг багш хөгжлийн бэрхшээлтэй 10 сурагчийг 10-р цэцэрлэгээс хүлээн авч Монголын анхны саажилттай хүүхдийн ангийг нээж байжээ.                    

Сайтын төрөлд гуравдугаар байр эзэлсэн сэтгүүлч Анхцэцэгийн "Горхи бүхэн далайд цутгадаг" бүтээл нь сэлэнгэ аймгийн Баянгол сумыг зорьж очиж бэлтгэсэн. Хөдөө орон нутагт хүүхэд нэг бүрийг хэрхэн  хөгжүүлж, тэдний авьяасыг нээж байгаа Төрөө багшийг онцолжээ. Сургуулийнхаа коридорын ханыг уран зургийн галлерей, музей гэж андуурахаар тохижуулахад Төрөө багшийн санаачилга, түүний хүүхэд нэг бүртээ тулж ажилласаны үр дүн гэнэ.