Монголын XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал” гардуулах ёслол боллоо.
2014.01.13

“Гоо зүйн дээд шагнал” гардууллаа

Монголын XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал” гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн “Гоо зүйн дээд шагнал”-ыг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртлээ.

Тэрээр “Орчин үеийн бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь, Өмнөговь аймагт байгалийн өнгө төрх, байгаа байдлыг тайз болгон ашиглаж тоглолтоо хийж байсан төдийгүй дэлхийн олон улсуудад монголынхоо соёл урлагийг түгээн дэлгэрүүлсэн нэгэн юм.

Энэхүү шагналыг "С.Лувсанвандан сан" 2005 оноос эхэлж олгосон. “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболд/2005/, билгүүн номч Б.Ринчен гуайн ач, уран барималч Б.Дэнзэн/2006/ болон гавьяат жүжигчин Д.Сосорбарам, төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин нарын уран бүтээлчид уг шагналыг хүртэж байжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр "Лувсанвандан сан"-гийн гүйцэтгэх захирал Д.Цэнддоо "Хөгжлийн өнөөгийн эринд дэлхийн хүмүүс өөр хоорондоо ижилхэн хөгжиж байна. Бүгд ижилхэн утастай, ижилхэн унаа тэрэгтэй...

Энэ дунд монгол хүнийг өв, соёл, зан заншил, ардын урлаг соёл нь л өөр харагдуулах ёстой. Ардын язгуур урлаг, тэр дундаа монгол бүжгийн урлагийг уламжлан хөгжүүлэх, хойч үедээ сургах үйлсэд сэтгэл, зүтгэл, авьяас чадвараа зориулж байгаа эрхэм хүнд Гоо зүйн оны дээд шагналаа олгох нь зүйн хэрэг" гэж тодотгосон юм.

Гоо зүйн дээд шагналыг хүртсэн бүжиг дэглээч Д.Энхгэрэл сэтгэгдлээ хуваалцахдаа "Ийм нэр хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Уран бүтээлч хүнд аливаа шагнал амжилтыг нь үнэлснээс гадна дахиад илүү хичээж, ажиллах сануулга байдаг" гээд Улаанбаатар чуулгын маань хамт олон, багийн шагнал гэж хэллээ.