М.Мөнхзаяа: Юун түрүүнд бид монгол хүн байх хэрэгтэй
Монгол суу ухааны Манукол академийн "Хатан ухаан" танхимын дарга М.Мөнхзаяа
2014.03.07

М.Мөнхзаяа: Юун түрүүнд бид монгол хүн байх хэрэгтэй

Монгол суу ухааны Манукол академийн "Хатан ухаан" танхимын дарга М.Мөнхзаяатай ярилцлаа.

- “Хатан ухаан” танхимын үйл ажиллагаа болон энэ удаа зохион байгуулах ажлаас яриагаа эхлэх үү?

Энгийнээр тайлбарлавал хатан ухаан бол амьдралыг гэгээрлээр засаглах ухаан. Гэгээрлээр засаглана гэдэг нь зөв, шударга, үнэн, ариунаар амьдралаа цогцлоохыг хэлнэ. Хатан ухааныг гэргийн мэргэн ухаан, хатан цэцэн ухаан гэсэн хоёр түвшинд авч үздэг. Өрх гэрийн амьдралаа үнэнээр, зөвөөр, шударгаар, ариунаар засагладаг эмэгтэй бол гэргийн мэргэн ухаантан буюу амьдралыг гэгээрлээр засаглах дунд мэргэжилтэн. Харин улсыг түвшин  сайхнаар засдаг эмэгтэйг амьдралыг гэгээрлээр засаглах дээд мэргэжилтэн гэж хэлнэ.

“Хатан ухаан” танхим 2010 онд Төрийн Ордонд нээлтээ хийсэн бөгөөд тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Танхимын гол зорилго бол нийгэмд улсыг болон төрийг засахад хатан ухаант эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хатан ухааныг сурталчлан таниулах, Монголын бүх охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг гэргийн мэргэн ухаан болон хатан ухаанд сургах, соён гэгээрүүлэх.

- Монгол хатан ухаан дэлхийн бусад онол, ухаанаас юугаараа ялгаатай вэ?

Монгол хатан ухаан бол дээр хэлсэнчлэн амьдралыг гэгээрлээр засах ухаан. Хаан, хатан 73 суу ухаан, Их Засгийн 35 эрдэм гэж бий. Монголын үе үеийн хаад, хатад энэ ухааны хүчээр өрх гэр, улс гүрнээ зассаар ирсэн. Хатан ухаанд улсыг төвшитгэхэд гүйцэтгэдэг дөрвөн том үүрэг байдаг. Энэ нь соён гэгээрүүлэгч үүрэг, дотоод хэргийн эзэн байх үүрэг, улсын төсөвч үүрэг, тусгаар тогтнолч үүрэг юм. Соён гэгээрүүлэх үүргийн дагуу ард олныг эрдэм номтой болгож, харин дотоод хэргийн эзэн байх үүрэг ёсоор улс гэрийн дотоод  нарийн асуудлыг хариуцдаг. Яг л гэргий хүн нөхөр, хүүхдийнхээ юу өмсөх, уухыг зохицуулдагтай адил. Түүнчлэн хатан ухаантнууд тухай улсын санхүүгийн асуудлыг хариуцдаг уламжлалтай.

Манай өвөг дээдсийн үед хүйсээр ялгаварлах буюу жендерийн үзэл огт байгаагүй.
- Өнөөдөр эмэгтэйчүүд нийгмийн амьдралын хамгийн хүнд ачааг үүрдэг. Ийм болсны шалтгаан, мөн шийдэх арга зам нь юу байж болох вэ?

Эдүгээ боловсролтой эмэгтэйчүүд олон болсон. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж аж ахуй нэгжийг авч яваа авьяаслаг эмэгтэй ч цөөнгүй. Урлагийн салбарт эмэгтэйчүүд гялалзаж байна. Гэтэл нийгмийн амьдрал яагаад ийм тогтворгүй байна вэ гэсэн асуулт гардаг. Шалтгаан нь нэг талдаа эмэгтэйчүүд хувь хүний хөгжлөөрөө олон салбарт амжилт гаргадаг ч нөгөө талдаа өрх гэрээ гэгээрлээр засаглах ажил орхигдчихоод байна. Үүнийг засахын тулд өвөг дээдсээс уламжилж ирсэн эрдэм, ухааныг судалж сурах хэрэгтэй. Эмэгтэй хүний эзэмших ёстой 25 эрдэм бий.

Сорхагтани Бэхи (Сорхагтани Бэки) нь Чингис хааны бага хүү Тулуйн хатан байсан бөгөөд Мөнх, Аригбөх, Хубилай, Хүлэгү зэрэг хаадыг хүмүүжүүлсэн, хатан ухаанд төгс боловсорсон Монголын түүхэн дэх суут хатдын нэг юм. Тэрээр Тоорил ван хааны дүү Жаха Хамбугийн бага охин бөгөөд Чингис хааны Жорчидайд эхнэр болгосон Ибага бэхи хатны дүү билээ.

Уг эрдмийг хэр эзэмшсэнээс нь хамааруулаад эмэгтэй хүнийг авгай, эхнэр, гэргий гэж ангилдаг. Авгай хүн эрдэмд муу, эр нөхрөө түшиж тулж чаддаггүй, авсан хойноо гай болдог. Нөхөртөө “эх” шиг нь байдаг, 25 эрдмийг дунд түвшинд эзэмшсэн эмэгтэйг “эх-нэр” гэдэг. Харин дээд түвшинд эзэмшсэн эмэгтэйг гэрийг “гий-гүүлэгч” буюу “гэр-гий” мэргэн ухаантан гэж нэрлэдэг. Гэргий хүн нөхөртэйгээ зөвшилцөж өрх гэрээ авч явдаг.  

Монгол суу ухаанд “эм хүн эрд хүрч зүс ордог, эр хүн эмд хүрч зүгээ олдог” гэж сургасан. Хэрэв өнөөдрийн Монголын 700 орчим мянган өрхийн эзэгтэй нар гэргий мэргэн ухаанд суралцаад эхэлвэл улс гэрийг төвшитгэхэд тун амархан болно. Тэгэхээр бүсгүйчүүд маань бүхнийг өөрөөсөө, өрх гэрээсээ эхлэх хэрэгтэй. 25 ухаанд суралцсан хүн цаашдаа 73 эрдэмд суралцаж хатан ухаантай болох зам нээгдэнэ.

- Гэр бүл доторхи үл ойлголцлыг 25 эрдэмд хэрхэн шийддэг вэ?

Эр, эм хоорондоо таарахгүй салж үр хүүхдээ өнчрүүлээд байна гэдэг явж явж эцэг, эхээс л шалтгаалдаг. Эмэгтэй нь эмэгтэй шиг, эрэгтэй нь эрэгтэй шиг байдгүйгээс бүх зүйл эхэлдэг. Гэргийн эрдэмд суралцаагүй, ууртай, уцаартай, завхай зайдан, үрэлгэн заралган, залхуу арчаагүй, хартай хортой эмэгтэйн гэрт төвшин амьдрал байхад хэцүү. Нөхөр л намайг тэжээх ёстой гэж хандвал бүтэхгүй. Ханьдаа түшигтэй, хадамдаа халамжтай, үрдээ энэрэлтэй, настанд ерөөлтэй гэсэн сайхан эрдмүүдийг эмэгтэй хүн эзэмших хэрэгтэй.

Түүнээс гадна бид юун түрүүнд монгол хүн болох ёстой. Үүний тулд Монгол хүний элбэрэл, хайр, шударга бат журам, ёс төгс гэсэн эрдмүүдэд боловсрох хэрэгтэй.

25 эрдмийг задлаад үзвэл монгол хүн болохын есөн эрдэм, эм болохын 10 эрдэм, эх хүн болохын зургаан эрдэм гэж ангилна.

- Баруунаас улбаатай жендерийн асуудал хатан ухаантай хэрхэн холбогддог вэ?

Манай өвөг дээдсийн үед хүйсээр ялгаварлах буюу жендерийн үзэл огт байгаагүй. Учир нь эр, эм хоёул ухаанаа уралдуулж шүтэлцэн амьдрах ёстойг сайн ойлгодог байсан. Монголчууд хүчирхэгжсэний нэг нууц нь энэ. Хаадын дэргэд ухаалаг хатад байсны хүчинд монголчууд дэлхийд гайхагдаж чадсан. Харин Монголын хаан, хатан ухааныг бодлогоор салгасан гэж үздэг. Шарын шашин орж ирснээр монгол суу ухаан унтарч эхэлсэн. Тэгээд л эмэгтэй хүнийг үс урттай, ухаан богинотой хэмээн үзэх болж баганаас дээш гарах эрхгүй болгосон. Жинхэнэ шарын шашны гүн ухааны элементүүд Монголд орж ирээгүй, зөвхөн мунхруулал, мухар сүсгээр монголчууд амьдрах болсон. Харин эрчүүдэд мулгуу ч байсан, ухаантай ч байсан бүх эрх мэдлийг өгснөөр эрчүүд эхнэрээ сонсохоо больсон.

- Эмэгтэйчүүдийн чөлөөт сонголтын талаар их ярьдаг. Гэтэл Өэлүн эх маань олзлогдож Есүхэй баатрын гэрт ирсэн. Үүнийг монгол суу ухаанд хэрхэн тайлбарлах нь сонирхолтой байна.

Монголчууд нэр хугарахаар яс хугар гэлцдэг. Монгол эрчүүдэд нэр сүр гэдэг юунаас ч илүү үнэтэй байсан учраас хамгийн удам сайтай, ухаалаг эмэгтэйг гэргийгээ болгодог байсан. Удам гэдэг бол юунаас ч илүү эрхэм. Сайн удамтай байхын тулд эрэгтэйн хувьд ч тэр, эмэгтэйн хувьд ч тэр удам сайтай, ухаалаг хань бүхнээс чухал. Монгол суу ухаанд эхийн сүнс эцэгт удам залгуулдаг гэж сургасан. Тэгэхээр эхнэрийн эрдэм, ухаанаас удмын чанар шалтгаалдаг гэсэн үг.