Г.Отгонманал: "Гэргий" гэдэг нь гэр-ийг "гий-гүүлэгч" гэсэн утгатай
Манукол академийн "Хатан ухаан" танхимын жинхэнэ гишүүн Г.Отгонманалтай ярилцлаа.
- Гэргий мэргэн ухааны сургалтаас та өөрийн ухаарсан зүйлээ сонирхуулна уу?
-Гэргий гэдэг нь гэрийг гийгүүлэгч гэдэг утгыг илэрхийлнэ. Монгол уламжлалаар эмэгтэй хүний мэдвэл зохилтой, эзэмшвэл зохиолтой 25 эрдэм ухаанд бүрэн дүүрэн боловсорсон хүнийг гэргий мэргэн ухаантан гэж нэрлэдэг. Энэ амьдралын ухаандаа сайн суралцсан гэргий хүн миний гэр бүл сайн сайхан болчихлоо гээд сэтгэл амрах бус улс орноо засч, төвшитгөх хэмжээний ухааны, оюуны, сэтгэлийн чадвартай болох ёстой юм байна. “Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан гэргий мэргэн тэнгэрийн бүсгүй еэ” гэж дуунд гардаг шиг эмэгтэйчүүд бид амьдралын цэцэгсийг, аз жаргалын цэцэгсийг ургуулагч, дэлгэрүүлэгч байх учиртай.
- Гэргий хүн өрх гэрийн болон улс орны хүрээнд хамгийн зөв оновчтой бодлого, шийдлийг хэрхэн гаргах вэ?
-Гэргий хүн бодлого, шийдлийн гарцыг сэтгэн шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд алс хэтийг харж, тухайн цаг үед нь тохируулан уян хатан оновчтой шийдвэрлэж, товч тодорхой бодлого боловсруулах нь чухал юм. Амьдралын, гэр бүлийн, ахуй нөхцлийн, харилцааны, улс орны түвшинд байгаа байдлаа үргэлж тордож байх, үргэлж хамгийн зөв гарц, шийдлийг эрэлхийлж байхыг хэлнэ. Сайн гаргалгаа, зөв шийдлийг олохын тулд мэдлэг, мэдээлэлд шамдах ёстой.
- Манай нийгэмд байгаа алдаа гэмүүдийг яаж арилгах вэ?
-“Хүн хэлэхээс нааш санахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэг. Хөгшин залуугүй мэдлэггүй, мэдрэмжгүйн гай, гэмээсээ болж буруу, болохгүйг үйлддэг, бусдад гай төвөг учруулдаг, өөрсдөө хүн шиг амьдарч чаддаггүй. Ийм учраас эх хүн, гэргий хүний үүрэг бол амьдралын утга учрыг ойлгож таниагүй сайн мууг ялгах чадваргүй хэн бүхэнд болох, болохгүйг нь үргэлж сануулж, ойлгуулах замаар бусдыг алдаа эндэгдлээс хамгаалдаг.
- Гэргий мэргэн ухаантан нь эхнэрээс ямар ялгаатай вэ?
-Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэгчилэн түмэн олноо хайрлах сэтгэл нь өрөөл бусдыг өөрийн ахан дүүс, үр хүүхэд, аав ээжтэйгээ жишиж хайрлан хүндэтгэж байвал тэр нь төвшин сайхан сэтгэлийн төгс нийлэмж болох юм. Аливаад аминч үзлээр бус нийтийн эрх ашгийг бодолцож, хандаж байх нь гэргий ухаантаны гол шинж. Монголын их хатдууд болон гэргий нар төрт ёсоо дээдлэх нарийн дэг жаягтай байсан бөгөөд түүнийг баримтлах үед тохиолдох бүхий л саад бэрхшээлийг даван туулж чаддаг байсан. Эндээс үзвэл гэргий хүн асар их ухааны, сэтгэлийн, биеийн тэвчээртэй байх ёстойг харуулж байна. Мөн гэргий бүхэн тухайн амьдарч байгаа цаг үедээ улс орондоо өөрийн бүхий л боломж бололцоогоо дайчлан төр улсаа гэсэн сэтгэлтэй байж түмэн олондоо халамж анхаарлаа үзүүлэх ёстой.
- Улс гүрнээ эрхэмлэн дээдлэхийн гол утга юунд оршиж байна вэ?
-Охид ариун бол төр ариун гэдэг. Аливаа улс үндэстэний тусгаар тогтнол олон зүйл дээр тогтдог ч гэсэн хамгийн чухал зүйл бол гэргий хүний эрхэмлэвэл зохих удмын цусаа цэвэр ариун байлгаж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг үүсгэхгүй байх нь улс гүрнээ эрхэмлэн дээдэлж буйн нэг хэлбэр юм. Иймд охид бүсгүйчүүддээ эд хөрөнгөөр биеэ битгий хэмжээсэй, гадны бэр битгий болоосой, хөх толбот удмаа цэвэр ариун байлгаасай гэж захимаар байна.