Ийгл телевизийн "Зочны цаг"
2014.03.06

З.Бат-Отгон: Хуулиар бүхнийг зохицуулах боломжгүй

Ийгл телевизийн "Мэдээний өрөө" хөтөлбөрийн ярилцлагын зочноор Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон уригдаж оролцлоо.

- Манукол академаас сүүлийн үед хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай ярихгүй юу?

Академаа байгуулж монгол суу ухааныг судалж эхэлснээс хойш 10 боть ном бичиж, 100 цуврал лекц уншиж, телевизүүдээр баримтат кино цацлаа. Монгол хүн болгонд хүрсэн гэж бодож байна. Хүмүүс монгол суу ухааныг шинжлэх ухааны өвөрмөц салбарын хувьд сонирхож үздэг байсан бол одоо гүнзгий судалж, амьдралдаа хэрэгжүүлэх хандлагатай боллоо. Монгол суу ухааны үндэс суурь болсон мөнх тэнгэрийн ухаан руу судалгааны ажил маань шилжлээ. Яг энэ чиглэлээр бид номоо бичээд хэвлэлтэд өгчихсөн, ард түмний гар дээр удахгүй очно.

Түүнчлэн тусгай хөтөлбөр гаргаж лекцээ сургалт болгоод хоёр жил болоход монгол суу ухааны олон багш төрлөө. Сургалтанд олон зуун хүн хамрагдаж суу ухааны мэдлэгийг амьдралдаа өөр өөрийн хэмжээгээр ашиглаад явж байна. Хүний сэтгэлээ засаад биеэ засах үйлийг тархи, сэтгэл, сүнсээ тордох гэж нэрлэдэг.

Бидний дараагийн алхам бол монгол суу ухааныг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх. Монгол суу ухаан манай улсын хилийг даваад туургатны хэмжээнд оччихлоо, их үндэстнүүдийн дунд уусах аюулд ороод буй монголчууд маань үүнийг олж хараад идэвхтэй судалж эхэллээ. Монгол суу ухааныг бид Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль дээр дөрвөн жил туршсан, үр дүнгээ өгсөн. 2014 оныг боловсрол, эрүүл мэндийн жил болгон зарласантай холбоотой монгол суу ухааныг сургуулийн хөтөлбөрт оруулах саналыг сайдад танилцуулаач гэсэн санал надад ирсэн.

Хүмүүс гэгээрчихвэл хууль хэрэггүй.

Монгол суу ухааныг хүүхдэд бага наснаас нь эзэмшүүлэх хэрэгтэй юм гэсэн хандлага бий боллоо. Академийн зүгээс ч монгол суу ухааны сургууль, цэцэрлэг байгуулах талаар анхаарч ажиллаж байна.

- Таны хийсэн үйл хэргийн нийгэмд үзүүлсэн нөлөөлөл өөрт тань хэрхэн мэдрэгдэж байна вэ?

Монгол хүн байхын утга учрыг монголчууд хаа хаанаа ойлгож эхэлсэн. Монголд амьдрахаас залхсан, иргэншлээ солихыг хүссэн олон хүн манай лекцэнд суусны дараа бодол нь өөрчлөгдсөн. Монгол суу ухаан нийгмийн сэтгэл зүйд монгол гэсэн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд хүчтэй нөлөөлсөн гэж бодож байна.

Хаан ухаан, хатан ухааны сургалтыг бид жил болгоны мартын найман, цэргийн баяраар зохион байгуулдаг. Хаан ухаан, хатан ухаан гэхээр төр барих ухаан гэж ойлгох хэрэггүй. Энэ өрх гэрийнхээ амьдралыг гэгээрлээр засах буюу зөв, шударга, ариунаар амьдралаа цогцлохыг хэлж буй юм.

Өнөөдөр хүмүүс, тэр байтугай төрийн түшээд монгол суу ухаанаас иш татаж ярьдаг боллоо. Сэтгэлгээ нь энэ зүгт явж байна.

- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Уг хуульд хаан, хатан ухааны зарчмуудаас авч ашиглах боломжийн талаар та юу бодож байна вэ?

Уг хуультай би танилцаагүй. Танилцаад ч хэрэггүй гэж бодож байна. Учир нь төр засгийн эрх мэдэлтнүүд сонсдоггүй. Угтаа хуулиар бүхнийг зохицуулах боломжгүй. Монгол суу ухааны гол зарчим нь хүн гэгээрвэл хууль хэрэггүй гэсэн санаа. Их монгол улс ердөө 1743 заалт бүхий  Их Засаг хуулиар дэлхийг түвшитгэсэн. Гэтэл өнөөдөр 700 гаруй хуультай мөртөө Монгол улс түвшрэхгүй байна.