Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг байнгын хороо дэмжлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Соёлын тухай хууль 1996 онд батлагдан гарснаас хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд соёлын ажилтны ёс зүйн дүрэм, соёлын байгууллагыг аттестатчилах, соёлын ажилтан, уран бүтээлчдэд мэргэжлийн зэрэг олгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын байгууллага, иргэд кино зураг авах, дүрс бичлэг хийх журам, соёл, урлагийн үйлчилгээний болон орчны стандартыг баталж мөрдүүлэхээр заажээ.
Түүнчлэн соёлын үйлдвэрлэлийг дэмжих, дэлхийн өвд бүртгэгдсэн монголын соёлын болон байгалийн өвийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, төвийн болон бүсийн төрийн өмчит соёлын байгууллага байгуулах, тэдгээрийн бүтцийг тогтоох зэрэг заалтыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд нэмж тусгажээ.
Гишүүд соёлын биет бус өвийг хамгаалах, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг асуусан. Мөн Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон археологийн үнэт олдворуудыг сэргээн засварлах, он тооллыг нь тогтоох нэрийдлээр гадаадад гаргадаг байдлыг хуульд хэрхэн зохицуулсныг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Арвин нар тодруулж байлаа.
Албаны хүний хариулснаар уг хуульд археологийн болон үнэт олдворыг хил давуулахыг хориглосон бөгөөд сэргээн засварлах, он тооллыг нь тогтоохын тулд хоёр жилийн хугацаатай гаргах буюу шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэг жилээр хугацааг нь сунгах заалт оруулжээ.
Харин Д.Арвин гишүүн үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, сэргээн засах ажлыг зөвхөн Монголдоо хийх нөхцөл бүрдүүлэхийг онцлоод үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм чухал асуудлыг хуулиа боловсронгуй болгохоос нааш дэмжихгүй гэв. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхи нь үзэв.