Д.Оюунсайхан: Манай эцэг эхчүүд хүүхдийнхээ оюуны хөгжилд цаг бага зарцуулдаг
Монгол суу ухааны Манукол Академийн "Хатан ухаан" танхимын жинхэнэ гишүүн Д.Оюунсайхан
2014.03.07

Д.Оюунсайхан: Манай эцэг эхчүүд хүүхдийнхээ оюуны хөгжилд цаг бага зарцуулдаг

Монгол суу ухааны Манукол Академийн "Хатан ухаан" танхимын жинхэнэ гишүүн Д.Оюунсайхантай ярилцлаа. 

- Тань шиг үр хүүхдээ өсгөөд хүмүүжүүлчихсэн эх хүн яагаад энэ сургалтанд сууж байгаа вэ?

-Би 6 хүүхэдтэй, 13 ач зээтэй хүн. Гэвч би өөрийгөө одоо болчихсон, хийх ажлаа хийчихсэн гэж бодохгүй байгаа. Тэгээд ч гэр бүлээ болгочихсон юм чинь одоо нийгэмд юу хийх вэ гэдэг бодол салдаггүй. Ер нь л сурах юмсан, мэдэх юмсан гэсэн эрмэлзлэл, тэмүүллээрээ энд орж ирсэн. Тэгээд “ Гэргий мэргэн ухаан ” -ы сургалтанд суусан чинь юун би өөрөө болох нь байтугай монгол хүний хувьд, эх хүний хувьд маш дутагдалтай, доголдолтой зүйлс байгаа олж харж, мэдэж засч эхлээд байгаа.

- Одоогийн залуусыг хүмүүжилгүй, болохгүй бүтэхгүйг л гайхах юм?

-“Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг зүйр үг байдаг. Тэгэхээр хүүхдүүд маань шийр алаг байгаад байгаа бол эцэг, эхчүүд бид хээр алаг, бөөр алаг байгаагийн баталгаа юм. Тэр алаг цоохор чинь, толбо нь эцэг эхээс хүүхдүүдэд цус, генээр нь дамжаад удамшдаг. Дараагийн нэг зүйл бол эхчүүд хүүхдээ хүмүүжүүлдэггүй, цаг, сэтгэл, зүтгэл, хайраа зориулдаггүй, завгүй байсаар байгаад том болгочихдог. Нэгэнт л хүний амьдралыг ухрааж болдоггүй учраас хүүхдээ зориулах ёстой цагг нь бага насанд нь өөрийн биеэрээ өсгөн хүмүүжүүлж байж л хүн шиг хүн болгоно. Хүүхдийнхээ хүмүүжлийн бурууг нийгэм рүү, сургууль, цэцэрлэг рүү тохдогоо болих хэрэггэй

- Одоогийн 30 доош насныхан халамжгүй, сэтгэлгүй, гэр бүлээ аваад явах чадваргүй байна гэх юм? Энэ үнэн үү? Яагаад?

- Ажиглаад байхад энэ үнэний ортой юм байна. Яагаад гэвэл хүүхэддээ биш мөнгө, бизнестээ ач холбогдол өгч, хамаг цаг заваа зориулдаг, завгүй залуу эцэг эхчүүдийн хүүхдүүд одоо насанд хүрээд ирж байна. Ялангуяа залуу охидууд эр нөхрөө хайрлана, халамжлана, ядаж л орой ирэхэд нь халуун хоол, цай барихгүй болохоор ямар гэр бүлийн хүндлэл, халуун дулаан харилцаа байх билээ. “Хайрлаж байж хайрлуулна” гэдэг зарчимтай биз дээ. Залуучууд нь ч гэсэн өөрсдөө тирко шиг өмд өмсчихөөд охидуудаасаа илүү эмэгтэйлэг болж байгаагаа болимоор юм. Ийм турьхан, үлбэгэр хөвгүүд ахуйн, амьдралын ямар ачааллыг дааж чадах билээ дээ. Энэ байдлыг эцэг эхчүүд нь анзаарч анхаарах шаардлагатай.

- Эдгээр эцэг эхчүүд чинь хүүхдээ тэжээх гээд завгүй байгаад байгааг яалтай вэ?

-Хүний амьдралд их мөнгө, олон байшин, олон машин хэрэггүй зөвхөн хүн л хэрэгтэй байдаг юм. Тэр их хөрөнгө, мөнгө хүүхдийг чинь зөв сайн хүн болгож чадахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм. Хүмүүс хүүхдээ хэрэгтэй шаардлагатай эд материалаар хангачихаад өөрөөр хэлбэл тэжээчихээд харин гол үүрэг болох тархи оюун, сэттэл зүрх, ухааныг нь тэтгэдэггүй. Энэ л эцэг эхчүүдийн хамгийн чухал үүрэг байдаг. Энэ үүргийг ямар ч асрагч хийдэггүй.

- Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Монгол эмэггэйчүүдийг эхлээд биеэ засаад дараа нь гэрээ засцгаая гэж уриалмаар байна. Яагаад гэвэл биеэ засагдахгүйгээр яагаад ч гэр засагддаггүй юм. Гэр бүл салаад байнаа гэдэг чинь биеэ засаагүй хүмүүс суучихаад буруу бүхнийг бусдаас хайгаад байгаагийг балаг юм. Ийм учраас залуус минь, монголчууд минь биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засацгаая.