М.Өнөржаргал: Нийгэмд буй олон төрлийн мэдээллээс хэрэгтэйг нь сонгож чаддаг байх хэрэгтэй
Монгол суу ухааны Манукол Академийн "Хатан ухаан" танхимын жинхэнэ гишүүн М.Өнөржаргалтай ярилцлаа.
- Эм хүн болохуйн эрдэмд хадамдаа элэггэй байх эрдэм байна. Тэгэхээр хадамдаа элэггүй хүн гэж ер нь ямар хүмүүсийг хэлээд байгаа юм бол.
-Өнөөгийн бид хадам гэхээр хэзээ ч эвлэрэшгүй дайсан мэтээр сэтгэдэг. Гэтэл бид удахгүй өөрсдөө хадам аав, ээжүүд болно гэдгээ ухаардаггүй, зарим нь өөрсдөө хадам аав, ээж болчихоод ч хадмуудаа мөн л муулсан хэвээр байдаг. Монгол суу ухаанд хадамдаа элэгтэй байна гэдэг нь хадамдаа талтай буюу энэрэлтэй, хадамдаа сэтгэлтэй буюу элбэрэлтэй, хадамдаа хайртай буюу дэм тустай байхыг хэлдэг. Хадам гэдэг хүмүүс чиний хайрлаад, ханилаад, үр хүүхдийн чинь эцэг, эх болоод насан туршийнхаа амьдралыг хамтдаа өнгөрүүлэх ханийг чинь төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж өгсөн ачтангууд. Ийм учраас бид хадам эцэг, эхээ өөрийн эцэг, эх шигээ хайрлаж, энэрч, тусалж дэмжин, тэдний үг, сургаалийг сонсч тус дэмийг нь баярлан хүлээн авч ажил амьдрадлаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ эргээд тус дэм, хайр, энэрэлээ үзүүлж сурахыг хэлнэ.
- Настанд ерөөлтөй байх эрдмийн тухайд юу гэж хэлэх вэ?
-Хүн нас ахих тусам хүч чадал, тамир тэнхээ нь суларч амархан баярлаж, амархан гомддог болдгийн зэрэгцээ идэх хоол нь багасаж, өмсөх хувцас нь аяндаа цөөрдөг тул тэд ихэнхдээ бусдаас өөрт нь хань бараа болж хажууд нь хэдэн таатай үг яриад, сэтгэл санааг нь хуваалцаж сургаалийг нь сонсох хүнийг л хүсэж хүлээж байдаг. Тиймээс настангуудыг баярлуулахын тулд тэдэнд билэг дэмбэрэлтэй ерөөлийн үг хэлж үг сургаалийг нь сонсож, сэтгэлийн болон итгэлийн дэм тус өгч байх ёстой. Настанд ерөөлтөй байна гэдэг нь тэднийг байгаагаараа дайлах, байхгүй бол үгээрээ дайлах, сайхан үг хэлж чадахгүй бол сэтгэлээрээ дайлахыг хэлж байгаа буюу эдээр, үтээр, сэтгэлээрээ, хайраараа ерөөлтөй байхын ухаанд суралцахыг хэлж байгаа юм.
- Урт насалсан олон хүүхэд өсгөсөн хүмүүсийг бид буянтай сайхан хөгшид гэж хэлдэг тийм үү?
-Тиймээ. Ер нь нартад буян хураая гэвэл өөрөө эхлээд буян хийж бусдыг гийгүүлээд гэрэлтүүлээд ирнэ гэсэн үг. Тэгэхээр үйл ажлаараа бусдыг гийгүүлэх, оюун ухаанаараа бусдыг гэрэлтүүлэх, хайр энэрлээрээ бусдыг ивээхийг хэлж байна. Арай дэлгэрэнгүйгээр хэлбэл эрдэм номд суралцаж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, зөв амьдарч, бусдыг хайр энэрлээрээ гийгүүлж, халамжилж туслан, тус дэмээ үзүүлж явсныхаа үр дүнд буцаагаад баяр талархал, итгэл, хайр ачлалыг хүртэх явдал юм. Ийм учраас өөрөө эхлээд сайн сайхныг бусдад зориулаад өөрт ирэх сайн сайхныг авах чадварыг олж авах чадвар юм.
- Эмэгтэй хүн заавал номонд баясангуй байх ёстой юу? Хүүхдээ элэг бүтэн, мөр бүтэн явуулж байвал эмэгтэй хүн үүргээ биелүүлж байгаа хэрэг бусуу?
-Номонд мэргэн байна гэдэг нь аливаа мэдээллийг хүлээн аваад боловсруулаад, зөв зүйтэйг нь мэдлэг болгоод амьдралдаа хэрэгжүүлэхийг хэлэхийн зэрэгцээ байнга тархи сэтгэхүйн эрэл хайгуул хийж, эрдэм мэдлэгийн олз олж хурааж, түүндээ баясаж байхыг хэлж байгаа юм. Бидний амьдарч байгаа нийгэмд олон төрлийн мэдээлэл байдгаас өөртөө хэрэгтэйг нь сонгох чадвар. Нэг үгээр хэлэхэд номонд баясангуй болно гэдэг нь мөнгө, эд хөрөнгийг биш мэдлэг оюуныг тархиныхаа баялаг болгож чадна гэсэн үг юм.
- Эрдэмд шамдангуй чанар гэхээс ер нь ном, эрдэм хоёрын ялгаа нь юу юм бэ?
-Номонд баясана гэдэг бол мэдлэгт шамдах, мэдлэгт дурлах, мэдлэгээс таашаал авах юм. Харин хүний эзэмшсэн нэг ч гэсэн сайн сайхан зүйл бол эрдэм. Хүнтэй зөв, сайхан мэндлээд сурчихвал эрдэм. Гудамжинд шүлсээ хаяхгүй сурчихвал эрдэм. Нэг дууг бүтэн, сайхан дуулаад сурчихвал тэр эрдэм гэх мэт хүний сурсан, эзэмшсэн сайн сайхан бүхэн эрдэм. Тэгэхээр ном гэдэг бол ерөнхийдөө мэдлэг, эрдэм гэдэг бол чадвар.
Эрдэмтэй байя гэвэл амьдралд хэрэгтэй сайн сайхныг сур. Сураад хаях биш бататгаж эзэмших хэрэггэй. Монголчууд бид эрлийг сургаар, эрдмийг хичээлээр олдог гэж сургаж, ярьдаг. Тэгвэл эрдэмд шамдана гэдэг нь эхлээд өөртөө хэрэгтэй мэдээлдээ эрэл хайгуул хийх, дараа нь олж авсан мэдээлээ нэгтгэж дүгнээд өөртөө хэрэгтэй зөвийг нь сонгоод эзэмшээд амьдралдаа хэрэгжүүлж туршлагажих хэрэгтэй. Ингээд эрээд сураад ирэхээрээ юуг хаанаас яаж олж авч болох тухай чадваржаад ирнэ, олсон мэдсэндээ эзэмшээд ирэхээр аяндаа дадлагажина, амьдралдаа хэрэгжүүлээд туршлагажаад ирэхээр сурсан мэдсэн чинь заншил болж тогтоно гэсэн үг юм.